ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн эрдэм шинжилгээний хурлаа Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “ОЛОН УЛС СУДЛАЛ-2023: Монголын Британи судлал” сэдвийн дор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингис Хаан Үндэсний музейд зохион байгууллаа.
Тус хурлыг нээж ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Фиона Блайт, Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Биндэрьяа нар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд элчин сайд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон анхны “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурал болсноороо онцлог байв.
Хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд онцлох илтгэлүүдээс дурдвал Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргал “Эрх чөлөөний эх булаг Магна Харт”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо (Ph.D) “Монголын Британи судлалын тойм ба онцлог”, МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ц.Энхмаа “Монгол Улсын Их Сургууль дахь Их Британи судлалын сургалт”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрхлэгч Ш.Ганхуяг (Ph.D) “Монгол дахь Британийн философич, сэтгэгчдийн талаарх судалгааны тойм”, ХУИС-ийн ОУХНСС-ийн захирал, доктор (Sc.D), профессор Д.Уламбаяр “Монгол Улс, Их Британийн харилцааны зангилаа асуудал: Пост-Брекситийн үе”, ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төв, докторант Р.Онон “Монгол-Британийн цэрэг, батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагааны товч түүхэн тойм, хөгжлийн цаашдын хэтийн төлөв” зэрэг Британи судлалын болон хоёр орны харилцааны асуудлыг өргөн хүрээнд, олон чиглэлээр хамарсан чухал ач холбогдолтой хурал болсныг оролцогчид тэмдэглэж байлаа.
Тус хурал нь Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдыг нэгэн дор цуглуулж, Монгол Улс дахь Британи судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүн, туршлагаа хэлэлцэх, санал бодлоо солилцох чухал боломжийг олгосон чухал арга хэмжээ болов.