Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Элчин сайд Цай Вэньруй хүрээлэнд зочлов
Alternate Text

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Цай Вэньруй 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус хүрээлэнд зочилж, хүрээлэнгийн удирдлага болон Хятад судлалын салбарын эрдэмтэдтэй уулзлаа. 

    Элчин сайдыг хүлээн авахад тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, зөвлөх, ШУГЗ, доктор, профессор Л.Хайсандай, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Шүрхүү болон Хятад судлалын салбарын эрдэмтэд байлцав.

    Уулзалтын эхэнд захирал Д.Золбоо ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, БНХАУ-аас Монгол Улсад ажилласан үе үеийн Элчин сайд нартай тус хүрээлэнгийн эрдмийн хамт олон хамтран ажилласаар ирсэн уламжлалтайгаа онцлон тэмдэглэж, эрхэм Элчин сайдыг энэ удаад цаг зав гарган тус хүрээлэнд зочилж байгаад талархал илэрхийлэв. 

    Элчин сайд Цай Вэньруй ХКН-ын 100 жилийн түүхэн замналыг дүгнэж, товч яриа хийсний дараа хүрээлэнгийн судлаачдын байр суурийг сонсож, чөлөөт ярилцлага өрнүүлэв. Чөлөөт ярилцлагад Монгол-Хятадын харилцааны асуудал ба тус хүрээлэнгийн Хятад судлалын ололт амжилт, тулгарч буй бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх судалгааны ажлын тойм хийгээд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. 

    Уулзалтын төгсгөлд захирал Д.Золбоо хүрээлэнгийн хамт олноос сүүлийн жилүүдэд Хятад судлал, Монгол-Хятадын харилцааны чиглэлээр эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн дээжээс Элчин сайд Цай Вэньруйд гардуулсны зэрэгцээ Хятад судлалын салбар болон номын сангийн үйл ажиллагаагаа биечлэн танилцуулсан байна.



Бусад мэдээлэл