Шинжлэх Ухааны Академийн санхүүжилтээр 2021-2022 онд Олон улс судлалын хүрээлэнд хэрэгжиж дууссан “Дижитал буюу тоон эдийн засгийн шилжилт ба аж үйлдвэрийн IV хувьсгал” грант төслийн үр дүн болох хамтын шинэ бүтээлийн нээлт “Интерном”-д 2023 оны 7 дугаар сарын 5-ний өдөр болов.
XXI зууны эхний 10 дахь жилээс эхлэн хүн төрөлхтний оршин тогтнох орон зай, цаг хугацааны хэмжүүрт эрс өөрчлөлт гарч улс орон, аж ахуйн нэгж, компани, хувь хүний хувьд цоо шинэ кибер орон зай (cyberspace), хиймэл оюун ухаан (artificial intelligence), 5G сүлжээнд суурилсан юмсын интернэт (The Internet of things), их өгөгдөл (big data), ухаалаг утас (smart phone) ба нийгмийн сүлжээ (social media) зэрэг таньж мэдэхэд төвөгтэй үг хэллэг, ойлголт, нэр томьёонууд гарч ирсээр байна. Энэ нь программ хангамж ба техник хангамж дээр суурилсан интернэтийн сүлжээгээр холбогдсон аппликейшн, платформ дээр кибер хязгааргүй орон зайд хүн ажиллаж өөрийн хэрэгцээг хангах боломжийг олгож, асар их зардлыг хэмнэхэд тусалж, хүн төрөлхтний хөгжлийн цоо шинэ хэв маяг, загвар болж байна. Нөгөө талаас дижитал буюу цахим (тоон) технологийн хурдацтай хөгжлийн сөрөг үр дагавар болох кибер орон зай дахь халдлага нь хувь хүн, аж ахуйн нэгж, улс орны мэдээллийн болон санхүүгийн аюулгүй байдалд асар их хохирлыг учруулахад хүргэж байна. Ингэж хувь хүн, аж ахуйн нэгж, компани улс орны худалдаа, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа нь дижитал хэлбэр рүү шилжиж байгаа үйл явцыг дижитал (цахим, тоон) шилжилт (digital transformation) эсвэл эдийн засаг (Digital economy) гэж нэрлэж байна.
Иймд дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгалын угтвар нөхцөл болсон дижитал шилжилтийн мөн чанар, хамрах цар хүрээ, ач холбогдлыг таньж мэдэж, нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтэрч байгаа өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон эерэг ба сөрөг үр нөлөөг судалж энэхүү бүтээлээ бичжээ.
Энэхүү ном нь “дижитал эдийн засаг” сэдвээр манай улсад өмнө нь хийгдсэн судалгааны ажил, материал, ном, гарын авлага гарч байгаагүй учир анхны хамтын бүтээл гэж үзэж байна. Зохиогчдын багийг танилцуулбал доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн, доктор (Sc.D), академич Б.Авид, доктор (Sc.D), профессор Ц.Баатар, доктор (Ph.D), профессор Д.Уламбаяр, магистр (MBA) Л.Нямхүү, магистр (MBA) М.Баярбилэг, доктор (Ph.D), дэд профессор С.Туяа, доктор (Ph.D), дэд профессор Д.Одмаа нар оролцжээ.
Номын нээлтийн ёслолд БШУЯ, ЦХХХЯ, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс, ШУА-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид, номын зохиогчдын багийн төлөөлөл оролцож, бүтээлийн талаарх үнэлэлт сэтгэгдлээ хэлж талархал дэвшүүлсэн байна.