Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт болов
Alternate Text


    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд зохион байгууллаа. 

    Зөвлөлдөх уулзалтын үндсэн илтгэгч доктор Д.Шүрхүү “БНХАУ-ын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, Монгол Улсад үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэж, эрдэмтэн судлаачдын сонирхсон асуултад хариулт өглөө.

    Тэрбээр илтгэлдээ, манай улс бүрэн судлагдаагүй их арвин нөөц, нүүрсний чанар, олборлоход дөхөм уул-геологийн таатай нөхцөл, Хятадын том зах зээлд ойр байршил зэрэг олон  давуу талуудаа ашиглаж чадвал  Монгол Улс нүүрсний жинтэй экспортлогч орон болох боломж нөхцөл бүрдэж буйг уул уурхайн супер циклийн шинэ  өрнөл болон эдүгээ дэлхийг хамраад буй нүүрс-эрчим хүчний хомсдол дахин нотолж байгааг тэмдэглэв.

    Гэвч ирэх жилүүдэд нүүрсний экспортын худалдааг сайжруулах, тогтвортой хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой байдал, төр засгийн сайн зохицуулалт, нүүрсний худалдааны нэг цонхны нэгдсэн бодлого, бүтээгдэхүүний чанар стандартыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, боомтын хүчин чадлыг сайжруулах зэрэг дотоодын хүндрэл бэрхшээлээс гадна зах зээлийн үнийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлт, хөрш орнуудын төрийн бодлого, олон улсын зах зээлд нэвтрэх транзит тээврийн асуудал зэрэг гадаад орчны сорилтууд тулгарч байгааг онцлон энэ чиглэлд манай талаас ямар бодлого, стратеги баримталбал зохих талаар судлаачийн байр суурь, дүгнэлтээ танилцуулсан байна.

    Мөн энэ үеэр нүүрс экспортлогчдын зүгээс дэвшүүлж буй зорилт, үйл ажиллагааныхаа тухай илтгэлээ танилцуулсан юм. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний экспорт, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Түүний илтгэл нь тус компаниас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын онцлох ажлууд, нүүрсний экспортын зорилтот зах зээлийн байдал, түүнд тулгарч буй сорилт, оновчтой шийдвэрлэх арга замын тухайд чиглэгдэж байв.

    Уг арга хэмжээнд ҮАБЗ-ийн Ажлын алба, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Хими, хими-технологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “МоЭнКо” ХКК зэрэг Монгол Улсын нүүрс экспортлогч төр-хувийн хэвшлийн томоохон компанийн төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

    Төр засаг, бизнес, судалгааны байгууллагуудын мэргэжилтэн, судлаачдын дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр  ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс Монголын нүүрсний худалдаа, экспортыг тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх бодлогын зөвлөмжийг бэлтгэн төрийн холбогдох байгууллагад хүргүүлэхээр тогтсон байна.







Бусад мэдээлэл