Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Харилцааны нэгэн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн болон шинэ номын танилцуулах ёслол боллоо
“Харилцааны нэгэн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн болон шинэ номын танилцуулах ёслол боллоо

    Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан “Харилцааны нэгэн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол дахь манай хүн: Чингийн дараах Монгол дахь Британийн эзэнт гүрний агент Чарльз Бинстийд” номын танилцуулга 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суух ИБУИНХУ-ын элчин сайдын яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнг нээж Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Фиона Блайт нар тус тус мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ИБУИНХУ-д элчин сайдаар томилогдон ажиллаж байсан ахмад дипломатчид, Монгол Улсад суух бусад улсын элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газраас хүндэт зочид баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэнгийн үеэр тэртээ 1950-иад оноос өнөөдрийг хүртэлх хоёр улсын харилцаанд холбогдох 50 гаруй түүхэн гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ. Түүнчлэн ИБУИНХУ монгол маркийн түүхэнд хэрхэн мөнхөрснийг Монгол шуудан ХК-ийн архиваас түүвэрлэн дэлгэсэн ховор нандин маркийн үзэсгэлэнгээс сонирхох боломжтой.

    Монгол Улсад хэвлэгдсэн хоёр орны харилцааны болоод Британи судлалын эрдэм шинжилгээний бүтээл, орчуулгын бүтээл, ном сэтгүүлийг мөн энэ үеэр нэг дор дэлгэн олонд толилуулж байгаа нь Британи судлалд сонирхолтой эрдэмтэн судлаач, сонирхогчдод олзуурхууштай болжээ.

    Үзэсгэлэнгийн нээлтийн дараа эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар Британи судлалаар мэргэшсэн салбарын эрдэмтэн судлаачид илтгэлээ тавилаа. Хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Биндэръяа мэндчилгээ дэвшүүлэн нээсэн бөгөөд, ШУА-ийн ОУСХ-ийн захирал Д.Золбоо, ХУИС-ийн ОУНУС-ийн захирал, доктор профессор (Sc.D) Д.Уламбаяр, МУИС-ийн УТОУХНУС-ийн багш Б.Баярцэнгэл нар хоёр орны харилцааны түүхийн талаар, Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого” болон Британийн Зүүн Азид чиглэсэн гадаад бодлогын асуудлаар сүүлийн үеийн судалгааны ололт, үр дүнгээ хэлэлцүүллээ.

    Тус үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл олон нийтэд нээлттэй үйлчилнэ.


Мэдээ бэлтгэсэн: Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Т.Анударь

Зарим гэрэл зургийг Гадаад харилцааны яамны цахим хуудас https://mfa.gov.mn/-наас авав.


Бусад мэдээлэл