Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдлээ
“Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдлээ

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын Япон судлалын нийгэмлэгээс хамтран академич, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Цэдэндамбын Батбаярын туурвисан “Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” номын нээлтийн ёслолыг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Монгол, Японы харилцааг сонирхон судлагч эрдэмтэн судлаачид, өргөн олонд зориулсан уг бүтээл нь хоёр орны найрамдалт харилцаанд эрдэмтдийн оруулж буй бодит хувь нэмэр болж байна.

    Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал, хатагтай н.Хулан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Япон Улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн дарга Ито Ёрико, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Х.Бэхбат, Ц.Цолмон, Г.Жаргалсайхан, Д.Баярхүү, Р.Болд нарын дипломатчид, эрдэмтдийн төлөөлөл оролцов.

    Академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ц.Батбаярын “Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” бүтээлийн нээлтийн арга хэмжээ нь энэ онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдах олон үйл ажиллагааны салхийг хагалж буйгаараа онцлог болж байна.

    Энэхүү бүтээл нь Монгол, Японы харилцааны 100 гаруй жилийн түүхийг хамран өгүүлсэн “Монгол ба Япон XX зууны эхэн хагаст”, “Монгол ба Япон XX зууны сүүлийн хагаст”, “XXI зууны Монгол-Японы харилцаа” гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн ажээ. Зохиогч тус бүтээлдээ хоёр орны харилцаанд гарсан XX зууны эхэн хагасын түүхийн ээдрээтэй олон асуудлын учир шалтгаан, тайлалыг Зүүн Азийн олон улсын харилцааны дэвсгэр дээр суурилуулан гаргаж бичсэн байна. Түүнчлэн, уг бүтээлд дэлхийн II дайны дараа Монгол-Японы ард түмэн бие биеэ харилцан шинээр нээж, 1972 онд дипломат харилцаа тогтоох хүртэл “Хүйтэн дайн”-ы амаргүй сорилт бэрхшээлийг хоёр талдаа туулсан тухай, дипломат харилцаа тогтоосны дараах социалист нийгмийн жилүүд дэх БНМАУ ба Японы харилцааны бодит байдал, 1990 онд Монгол оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын үр дүнд хоёр орны харилцааны шинэ үе эхэлж, сүүлийн 30 жилийн хугацаанд “Стратегийн түншлэл”-д хүрч хөгжсөн түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Мэдээ бэлтгэсэн: ЭШДэА У.Загдцэсэм













Бусад мэдээлэл