ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран бэлтгэж, хэвлүүлсэн “Монгол-Хятадын соёл, шинжлэх ухааны харилцаа 1949-1965 он” баримт бичгийн эмхэтгэлийг танилцуулах арга хэмжээ 2021 оны 7 дугаар сарын 8-нд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд боллоо.
Арга хэмжээнд тус хоёр байгууллагын удирдлага хамт олны төлөөллөөс гадна ГХЯ, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, Монцамэ агентлагийн төлөөлөгчид, бүтээлийг эмхэтгэгч эрдэмтэн судлаачид оролцов.
Цар тахлын онцгой дэглэмийн үеийн халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, цомхон зохион байгуулагдсан тул уг бүтээлийг танилцуулах арга хэмжээг нийтэд зориулан цахимаар шууд дамжуулан хүргэсэн юм.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал доктор Д.Золбоо, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар нээлтийн үг хэлсний дараа уг эмхэтгэлийг бүтээхэд хоёр байгууллагаас оролцсон судлаачдыг төлөөлөн Архивын Ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Дашням, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч доктор Д.Шүрхүү, доктор Д.Базардорж нар бүтээлийн онцлого, ач холбогдлын талаар тайлбар хийсэн байна.
Энэхүү баримт бичгийн эмхэтгэл нь Монгол, Хятадын харилцааны эхэн үеийн нэгэн чухал чиглэл болох соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааны эхлэл, өрнөл, хөгжлийг харуулсан түүхэн эх сурвалж – архивын баримтуудыг агуулсан анхны төрөлжсөн бүтээл болж байгаа бөгөөд ШУА байгуулагдсаны 60 жилийн ойд зориулснаараа онцлог юм.
шинжилгээний ажилтан доктор (PhD) Д.Базардорж