ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоогийн урилгаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жалгас Жумаевич Адилбаев нарын албаны хүмүүс 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүрээлэнд зочлон, үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтаар захирал, доктор Д.Золбоо 2022 онд Монгол Улс, БНКазУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаад баярын мэнд хүргэж, хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулав. Тэрээр цаашид олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр Казахстаны ижил төрлийн судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэмжлэг хүсэв. Мөн өнгөрсөн 1 дүгээр сард Казахстан улсад болж өнгөрсөн үймээн самууны талаар өөрийн судлаачдын байр суурийг илэрхийлж БНКазУ-ыг энэхүү хэрэг явдлаас үүдэлтэй бэрхшээл саадыг богино хугацаанд хүндрэл багатайгаар даван туулж, цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.
Элчин сайд ноён Жалгас Жумаевич Адилбаев хүрээлэнгийн санал санаачилгыг талархан хүлээн авч цаашид дэмжин ажиллахаа илэрхийлэн БНКазУ-д оны эхээр болсон үйл явдалд тус улсын эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар товч мэдээлж, БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын удирдлага дор тус улсад улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл явагдаж байгаа талаар товч танилцууллаа.
Уулзалтаар талууд БНКазУ-ын Гадаад хэргийн яамны харьяа Гадаад бодлогын судалгааны хүрээлэн зэрэг ижил төрлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном хэвлүүлэх, судалгаа шинжилгээний материалууд солилцох зэрэг асуудлын талаар тохиролцов. Уулзалтад БНКазУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Шынар Жуматаева, ОУСХ-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Ганбат, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл нар байлцав.
Мэдээ бэлтгэсэн ЭША Ш.Амангүл