Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Соёл эрдэм дээд сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэн, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сантай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Монгол-Японы харилцаа улам бүр урагшлан хөгжиж, эдийн засаг, бизнес, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч, амжилттай хөгжиж байгаа энэхүү чухал цаг үед өнөөг хүртэлх хамтын ажиллагааг эргэцүүлэн бодож, алдаа оноо, амжилт ололтыг дүгнэн хэлэлцэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан ажээ. Мөн ирээдүйн хөгжлийн гол хүчин тулгуур болсон залуу үеийнхний хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг улам өрнүүлж, цаашдын зорилтоо тодорхойлж, эрдэмтэд судлаачид санал солилцох, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, уламжлан хөгжүүлэхэд тус дэм үзүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж байв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Японы эрдэмтэд судлаачид нийт 30 илтгэлийг 4 салбарт хуваагдан судалгааны үр дүнгээ танилцуулж, хоёр орны харилцааны өргөн хүрээтэй асуудлыг түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн хандлагын олон өнцгөөс харж дүгнэн, эрдэм шинжилгээний үндэслэл, ач холбогдол бүхий чухал санаа дэвшүүлж хэлэлцүүлжээ.
Тухайлбал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор З.Батжаргал “Монгол, Японы харилцаа, ондоошлын сорилт, давуу тал” сэдэвт үндсэн илтгэлдээ, хоёр орны эдийн засгийн харилцаанд нөлөөлж буй чадавхын болон тогтолцооны ялгаа, ашиг сонирхлын уулзварын цэг хийгээд харилцааг түншлэлийн түвшинд хүргэх арга замын асуудлаар тодруулан ярив. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн баримт бичгийн дагуу хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэлийн жишээ хэмээн үнэлсэн юм. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа Монголд нэн эмзэг дэд бүтэц, эдийн засгийн голлох салбарт төвлөрөхийн зэрэгцээ нийгмийн дэвшлийн тулгуур асуудал болох чадавх бүрдүүлэх, хүн хөгжүүлэхэд чиглэж байгааг дурдаад, мэдлэг мэдээлэл, нарийвчилсан шинжилгээ судалгааны үр дүнд тулгуурлан, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд үндэслэн бэхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр тусгайлан судалж санал дүгнэлт гаргах, хоёр орны төр засгийн бодлогод тусгах хэрэгцээ нэмэгдэж байгаа тухай илтгэв.
Түүнчлэн, ажил хэрэгч хүмүүст дэмжлэг үзүүлэх, олон нийтийн түвшний харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэхэд хоёр орны эрдэм шинжилгээний болон соёл, урлагийн байгууллага, эрдэмтэд судлаачдын хамтын ажиллагаа, тэдний идэвхтэй байр суурь ихээхэн үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Мөн Японы эм зүйн их сургуулийн дэд захирал, доктор, профессор Цүзүки Минорү “Японы эм зүйн их сургуулийн боловсролын DX – Монгол, Японы харилцааны хөгжлийн тухай” сэдэвт үндсэн илтгэлд, Японы их сургууль дахь цахим боловсролын өнөөгийн байдал, ололттой тал, хөгжлийн боломж, чиг хандлагын талаар танилцуулж, тус сургуулийн судалгааны төслийн хүрээнд өрнөдийн болон дорно дахины анагаах ухааны ололт, давуу талыг ашиглах замаар “анагаах ухааны интеграцчлал”-ыг хөгжүүлж, эм зүйн шинжлэх ухаанд шинэ аргачлал нэвтрүүлж буй туршлагын талаар ярив. Японы эм зүйн их сургуулийн Кампо анагаах ухааны факультетад явуулж буй судалгааны дүн, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарын давуу тал, нөөц боломжийг ашиглаж, салбар, бүс нутагт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, олон улсын солилцоог эрчимтэй явуулах боломж, тухайлан Япон Монголын эм зүйн сургуулийн хамтын ажиллагааны хэлбэрийн талаар сонирхолтой санаа дэвшүүлсэн болно.
Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сангийн тэргүүн, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров тус эрдэм шинжилгээний хуралд “Хөгжим хэмээх орчуулгагүй хэлээр дотносохуй” сэдвээр үндсэн илтгэл тавив.
“Япон хэл ба монгол хэлний сургалтын ололт амжилт, туршлага сургамж” сэдэвт салбар хуралдаанд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, доктор, профессор. Д.Заяабаатар, Соёл эрдэм дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Дэлгэрмаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор О.Самбуудорж, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн хүрээлэнгийн профессор Күрэбито Токүсү, Токиогийн Гадаад хэлний их сургуулийн докторант Э.Онон нарын илтгэлд монгол, япон хэлний сургалтын туршлага, үр дүн, орчуулгын арга зүйн асуудлаар өргөн сэдвийг хөндөн авч үзлээ.
“Соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааг эргэцүүлэх нь” сэдэвт салбар хуралдаанд Соёл эрдэм дээд сургуулийн доктор, профессор Ж.Баатарцогт, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор, профессор О.Батсайхан, мөн хүрээлэнгийн доктор, дэд профессор Б.Сэржав, Соёл эрдэм дээд сургуулийн үүсгэн байгуулагч, профессор Макихара Соичи, Токиогийн их сургуулийн магистрант Макиши Томоко, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Б.Нацагдорж, МУИС-ийн ШУС-ийн доктор, дэд профессор О.Оюунжаргал, ХААИС-ийн доктор Б.Лхагвадорж, мөн сургуулийн доктор Ц.Оюунбат нар тус тус илтгэл хэлэлцүүлж Монгол, Японы харилцааны түүх, Япон дахь Монголын түүхийн судалгаа, Монголын үндэсний цөөнхийн судалгааны асуудлыг авч үзэж, судлаачдын санал дүгнэлтийг дэвшүүлсэн байна.
“Эдийн засаг, спорт, аялал жуулчлалын шинэ ертөнц” сэдэвт салбар хуралдаанд доктор, профессор Б.Эрдэнэсүрэн, АШУИС-ийн доктор, дэд профессор Б.Буяндэлгэр, Монголын Үндэсний олимпын академийн доктор Ч.Зоригтбаатар, Японы Эм зүйн их сургуулийн доктор, профессор Ямажи Сэйичи, Соёл эрдэм дээд сургуулийн багш, докторант Н.Алтантунгалаг, Хүний их эмч, клиникийн профессор Г.Цэцэнбаатар, МУИС-ийн ШУС-ийн доктор, профессор Б.Очирхуяг нарын илтгэлд Монгол Улс, Япон Улсын эдийн засаг, аялал жуулчлал, спорт, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн хөгжил, чиг хандлагын талаар өргөн хүрээтэй асуудлыг хөндөж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар судлаачдын санал дүгнэлтийг дэвшүүлэв.
Эрдэм шинжилгээний хурлыг дүгнэж, профессор Ж.Баатарцогт, профессор Б.Эрдэнэсүрэн, профессор Т.Күрибито нарын хэлсэн үг болон оролцогчдын санал шүүмжлэлд тус эрдэм шинжилгээний хурал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны олон салбар, тухайлан энэхүү хурлаар хэлэлцэж буй сэдэвт хамаарах салбаруудын хөгжлийн боломж, цаашдын чиг хандлагын талаар Монгол, Японы эрдэмтэд судлаачдын судалгааны үр дүнг танилцуулж, тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо солилцож байгаа нь цаг үеэ олсон, эрдэм шинжилгээний болон практикийн чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг цохон тэмдэглээд тухайлан Монгол Улсад хоёр талын харилцааны өргөн боломжийг эдийн засгаа өөд нь татах, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд чиглүүлэн судалгаа төлөвлөгөөний үндсэн дээр оновчтой, санаачилгатай ажиллах, олон улсын зээл тусламжид тулгуурласан, идэвхгүй, харж хүлээсэн өнөөгийн байдлыг өөрчлөх шаардлага тулгамдаж буйг цохон тэмдэглэв.