Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Нэг бүс нэг зам" 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурал боллоо
Alternate Text

    БНХАУ-аас “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлснээс хойш өдгөө 10 дахь жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан "Нэг бүс нэг зам" 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд амжилттай зохион байгуулав.

    Тус эрдэм шинжилгээний хурлын хамтран зохион байгуулагчаар Дорно дахин судлалын хүрээлэн ТББ, “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи ТББ ажилласан бол дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам оролцсон байна.

    Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд өнгөрөгч 10 жилд Монгол-Хятадын харилцаанд гарсан ололт амжилт, анхаарал татсан асуудлуудад төвлөрөн туулсан замнал, өнөөгийн байдал, хэтийн төлөв хандлагын талаар хоёр улсын эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэгджээ.

    "Нэг бүс нэг зам" 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурлыг нээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцсон бол ШУА-ийн Дэд Ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Энхтуяа үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

    Эрдэм шинжилгээний хурал нь гурван үндсэн хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж, эхний хэсгийн хуралдаанд Монгол Улсын талаас, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, доктор Г.Батсүх “Нэг бүс нэг зам” санаачилга: Монгол-Хятадын улс төрийн харилцаа сэдвээр, БНХАУ-ын талаас, БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Олон улс судлалын академийн орлогч захирал Юй Жян “Нэг бүс Нэг зам” санаачилга: БНХАУ-ын хөрш орны бодлого ба Монгол Улс сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

    Хоёрдугаар хэсгийн хуралдаанд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын ЭШАА, доктор М.Эрдэнэбаяр “Нэг бүс нэг зам” санаачилга: Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын ЭШАА, доктор эрхлэгч, доктор Д.Базардорж, эрдэм шинжилгээний ажилтан М.Хишигтуяа нар “Нэг бүс нэг зам” санаачилга: Монгол-Хятадын нийгэм хүмүүнлэгийн харилцаа” сэдвээр илтгэв.

    Гуравдугаар хуралдаанд БНХАУ-ын талаас Ардын их сургуулийн Гадаад бодлогын стратеги судлалын төвийн орлогч дарга Ван Пөн “Нэг бүс нэг зам” санаачилга: Эдийн засгийн коридорууд дахь ногоон хөгжлийн асуудал: Монгол, Хятадын харилцааны жишээн дээр  сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн бол Монгол Улсын талаас Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Индра “Нэг бүс нэг зам” санаачилга: Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор ба гурван талт хамтын ажиллагааны механизм, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монгол Улс: Шинжээчдийн судалгааны үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

    Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчдын зүгээс дээрх илтгэл бүрд холбогдох панелистуудыг оролцуулсан байна. Үүнд, Монгол Улсын талаас ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургууль, “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төв, “Дорнын түншлэл” Бизнесийн зөвлөлийн эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын талаас ГХЯ-ны дэргэдэх Олон улс судлалын академийн Дэлхийн эдийн засаг ба хөгжлийг судлах хүрээлэн, тус академийн Ши Жиньпингийн гадаад бодлогын үзэл санааг судлах төв, “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи ТББ-ын эрдэмтэн судлаачид зэрэг нийт 20 гаруй панелистын санал дүгнэлтийг сонссон нь эрдэм шинжилгээний хурлын агуулга, ач холбогдлыг улам бүр тодотгож өгсөн болно.

    Эрдэм шинжилгээний хуралд ахмад дипломатчид, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын судлаачид, их дээд сургуулийн багш, оюутнууд өргөнөөр оролцож, нэгдсэн хэлэлцүүлэг амжилттай явагдлаа.

    Монгол, Хятад хоёр улс өнгөрөгч 10 жилийн хугацаанд "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, цаг уурын хариу арга хэмжээ, ногоон хөгжил, цөлжилтийг арилгах зэрэг салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй цаг үед "Нэг бүс нэг зам" 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурал хоёр улсын эрдэмтдийн оролцоотой зохион байгуулагдсан нь чухал ач холбогдолтой болов.







Бусад мэдээлэл