ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Сэржавт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол 11 дүгээр сарын 4-ний өдөр Япон Улсын Элчин сайдын яаманд болов.
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Сэржавын Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрамдалт, найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүчин чармайлт, шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг хүндэтгэн энэхүү өргөмжлөлөөр шагнажээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши өргөмжлөлийг гардуулах үед хэлсэн үгэндээ “Доктор Б.Сэржав нь Япон Улсын хүний хөгжил, жижиг дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг, ногоон хөгжлийн туршлага зэрэг сэдвээр судалгааны ажил хийхийн хамт залуу судлаачдыг бэлтгэхэд хүчин чармайлт гаргаж ирснийг сайшааж “Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил “Монгол Японы харилцааны түүхэн товчоон” эмхэтгэлийг хариуцан хэвлүүлсэн нь хойч үед үлдэх маш үнэ цэнтэй бүтээл юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.