Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“КОВИД-19”: ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ,СОРИЛТ, ҮР ДАГАВАР, ХАНДЛАГА
“КОВИД-19”: ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ,СОРИЛТ, ҮР ДАГАВАР, ХАНДЛАГА

БНХАУ-ын Хө Бэй мужийн У Хань хотод 2019 оны 12 дугаар сарын 1-нд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн
ажээ. Ингэснээр Хятадын дотоодод уг вирус эрчимтэй халдварлаж, 2020 оны 1 дүгээр сарын 13-нд Тайландад Хятадын У
Хань хотоос ирсэн 61 настай жуулчнаас коронавирус илэрсэн нь БНХАУ-аас гадаадын улсад илэрсэн анхны тохиолдол болж
бүртгэгдсэн байна. Энэ үед буюу 1 дүгээр сарын 14-ний байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусыг
хүнээс хүнд халдварладаг болохыг нотлоогүй байна хэмээн мэдэгдэж байв. Нөхцөл байдал амаргүй байдлаар үргэлжилсээр
1 дүгээр сарын 21-нд АНУ-д коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн нь Азиас өөр тивд илэрсэн эхний тохиолдол
болов. Ингэснээр уг вирус олон улсад тархаж, Дэлхийн эрүүл мэндийн байгуулага 2 дугаар сарын 11-нд коронавирусыг
“Ковид-19” хэмээн нэрлэж, 3 дугаар сарын 11-нд цар тахал гэж албан ёсоор зарласан билээ.


Дэлхийн түүхэнд “Ковид-19” цар тахал шиг хэдхэн сарын хугацаанд 213 орныг хамарч тархсан гамшиг урьд өмнө
тохиолдож байгаагүй юм. ДЭМБ-ын 2020 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн албан мэдээллээр 2 557 181 хүн халдвар авч,
177 641 хүн нас бараад буй энэхүү цар тахлын гамшиг хөнөөл дунд хүн төрөлхтөн оршиж байна. “Ковид-19”-ийг үүсгэдэг
вирусын талаар дэлхийн шинжлэх ухаан анхнаасаа л 14 хоногийн дараа генетикийн зураглалтай болсон боловч вакцин болон
тусгай эмчилгээний эм бэлдмэлийг үйлдвэрлэх талаар одоог хүртэл шийдэгдээгүй олон асуулт байсаар байна.
Коронавирусын цар тахлын дэгдэлтээс үүдэн гарах нөхцөл байдал, үр дагаврын талаар үнэлэлт дүгнэлт өгөх,
цаашлаад улс орон, бүс нутаг, олон улсын харилцаа, дэлхий нийтийн аюулгүй байдлын ойрын ба холын ирээдүйн төлөвийг
таамаглах нь эдүгээ нэн чухал байгаа хэдий ч эрдэмтэн, судлаачдын судалгаа дөнгөж эхлэл, таамаглал төдий байна. Харин
хүн төрөлхтөн энэхүү цар тахлын учруулж болох аюул, гэм хорыг дөнгөж л ухаарч эхэлж байна.
Ямартай ч одоогийн байдлаар дэлхийн 213 улсад бүртгэгдээд байгаа цар тахал, үүний эсрэг авч буй арга хэмжээ,
хоригоос үүдэн дэлхийн бүх улс орон, бүс нутгууд эрүүл мэнд, нийгэм, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын томоохон
хүндрэлтэй тулгарч улмаар улс орон, Засгийн газар, хамтын нийгэмлэг бүрийн асуудлыг шийдэх чадвар, эдийн засгийн
чадамж, аюулгүй байдлын үнэн бодит дүр төрх улам бүр ил тод болсоор байна.


Энэхүү судалгаа, мэдээлэлд БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ, БНСВУ, Казахстан улс дахь “Ковид-19”
цар тахлын нөхцөл байдал, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт нь тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг даван туулах
талаар авч хэрэгжүүлж байгаа алхмуудыг юуны өмнө товч зураглан өгүүлэхийг зорив. Үүний тулд дээрх улсын төрийн
болон эрдэм шинжилгээний байгууллагуудын албан болон судалгааны эх сурвалжууд, эрдэмтэн судлаачдын бүтээлд дүн
шинжилгээ хийх байдлаар энэхүү мэдээллээ бэлтгэсэн болно.


Бидний энэхүү мэдээлэл, дүн шинжилгээг бэлтгэн гаргаж буй дараагийн нэг чухал зорилго бол “Ковид-19” цар тахлын
дараах олон улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн анхаарал татаж байгаатай холбоотой юм. Олон улсын
эрдэмтэн судлаачдаас энэ асуудлаар байр сууриа нэгэнт илэрхийлж эхлээд байгаа учраас манай улсын олон нийтийн хувьд
ч уг сэдэвт анхаарлаа хандуулж, зохих зөв мэдээлэлтэй байх нь чухал байна. Ингэснээр бид ард иргэдээ учирч болох элдэв
эрсдлээс хамгаалах, бодлого, шийдвэрээ олон улсын бодит нөхцөл байдалтай уялдуулан зөв тодорхойлж, зөв шийдвэр
гаргаж, зөв хэрэгжүүлж, эерэг үр дүнд хүрэхэд бага боловч нөлөөлөх болов уу гэж найдаж байна.
Энэхүү судалгаа, мэдээллийг судлаач, магистр Б.Анхбаяр, магистр Д.Туул, докторант Т.Бат-Амгалан, доктор (PhD)
Ц.Лхам, докторант У.Загдцэсэм, доктор (PhD) И.Энхболд, докторант Ч.Цэрэннадмид, доктор (PhD) Б.Цэнгэллхам, магистр
Ш.Амангүл нараас бүрдсэн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг хамт боловсруулан
бэлтгэсэн болно.

                
                                                                                                                 ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн                                                                                                                 нарийн бичгийн дарга, доктор (PhD) Р.Төрдалай

Энэхүү Судалгаа, мэдээллийн цувралын 2020/01 дугаарыг эндээс татаж авна уу...


Бусад мэдээлэл