“XXI зууны Монгол Улс ба Орос Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2022 оны 10 сарын 14-ний өдөр Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уг хурал нь Шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Оросын Холбооны Улсын гадаад бодлого ба түүний Монгол Улс дахь тусгал” сэдэвт төсөл болон Монгол Улсын БШУЯ-ны ШУТС, ОХУ-ын БШУЯ-ны дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол-Оросын харилцаа. “Зөөлөн хүч”-ний бодлого” сэдэвт хамтарсан төслийн хүрээнд зохиогдсон болно.
Хуралд ОХУ-ын Буриадын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) В.А. Родионов хүрэлцэн ирж “Мягкая сила” малых стран: опыт Монголии” сэдвээр илтгэл тавив.
Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэмтэн судлаач, доктор (Ph.D) К.Дэмбэрэл “Монгол-Оросын харилцааны өнгөрсөн 30 жилд хийх дүгнэлт, ойрын ирээдүйн прогноз”; Орос судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Нямдолжин “Зөөлөн хүч”-ний бодлого: Монгол - Оросын харилцааны жишээн дээр”; ЭШАА, доктор (Ph.D) Д.Шүрхүү “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор ба “зөөлөн хүч”-ний бодлогын нөлөө”; ЭШАА, доктор (Ph.D) Н.Ариунгуа “Монгол ба “зөөлөн хүчний бодлого”; ЭША, магистр Б.Хишигжаргал “Ази-Номхон далайд чиглэсэн ОХУ-ын бодлого дахь Монгол Улс” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Тус хуралд Монгол улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын мэргэжилтнүүд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээчид, Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачид оролцон санал бодлоо солилцов.
Хурлын үйл ажиллагааны үеэр ОХУ-ын Буриадын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) В.А. Родионовт Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгосон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулав.
Оросын талын төслийн үр дүнд “Мягкая сила” в российско-монгольских отношениях” нэртэй бүтээл орос хэлээр хэвлэгдэн гарсан бөгөөд Монголын төслийн үр дүнд хамтын нэгэн сэдэвт бүтээл 2023 онд хэвлэгдэх юм.