Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Үзэсгэлэнгийн нээлт болов
Alternate Text

    Монгол Улс, Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын ГХЯ, Монгол Улсыг хамаарагч Норвегийн Хаант Улсын ЭСЯ, ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн, Чингис хаан үндэсний музей, Норвегийн Хаант улсын Ослогийн их сургуулийн соёлын түүхийн музей хамтран 6 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд Чингис хаан үндэсний музейд зохион байгуулж байна.
    6 дугаар сарын 16-нд болсон үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Норвегийн Хаант Улсаас Монгол Улсыг Хамаарагч Элчин сайд, хатагтай Сигне Брудесет, Чингис хаан үндэсний музейн эрдэм шинжилгээ судалгааны хэлтсийн дарга доктор Н.Батболд  нар үг хэллээ. Тус арга хэмжээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцов.
    Норвегийн нэрт аялагч, адал явдлын эрэлчин, цуглуулагч, бизнесмен Оскар Мамен (1885-1955) нь Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсаар 30 гаруй жил аялжээ. Түүний аяллын цуглуулга болох 10,000 гаруй гэрэл зураг, 500 орчим эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэл нь Норвеги дахь Оскар Мамены удмынхны байшингийн дээврийн хөндийд зуу орчим жил хадгалагдаж байсныг үр ач нар нь 2017 онд Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан байна. Тэрээр үеэл Альфред Рустадын хамт 1911 оноос эхлэн Монголд байхдаа авсан зургууд нь монголчуудын ХХ зууны түүхийн ховор нандин шинэ эх сурвалжид зүй ёсоор орох юм.

    Эл үзэсгэлэнг Олон улс судлалын хүрээлэнгийн профессор О.Батсайхан санаачлан, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Норвегийн Соёлын түүхийн музейн судлаач, докторант Мария Картвейт нар хамтран зохион байгуулжээ. Эл удаа монголчуудад зориулан дэлгэж буй үзэсгэлэнгийн гэрэл зургууд бол Оскар Мамены Монголд байхдаа цуглуулсан ховор үзмэр, эх сурвалжийн зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. Энэ жил тохиож буй Монгол Улс Норвеги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын эрдэмтэн судлаач, уран бүтээлчид, олон нийтэд Норвегийн алдарт аялагч Оскар Мамены бүтээлийн дээжээс толилуулахыг зорьсон байна.

    Үзэсгэлэнгийн нээлтийн дараа болсон “Mongols in the memories of Oscar Mamen” (Норвегийн нэрт аялагч, цуглуулагч “Оскар Мамены ертөнц ба Монголчууд”) сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Норвегийн Соёлын түүхийн музейн судлаач Мария Картвейт, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ж.Эрдэнэбат, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор О.Батсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
    “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” үзэсгэлэн зургадугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.






Бусад мэдээлэл