Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн (МГИМО) -ийн эрдэмтэд зочлов
Alternate Text

    ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх гадаад харилцааны мэргэжилтнүүд бэлтгэдэг эрдмийн уурхай болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн (МГИМО) харьяа Олон улс судлалын хүрээлэнгийн Олон улсын харилцааны орон зайн шинжилгээний төвийн ахлах судлаач, доктор Марианна Николаевна Шестакова, судлаач  Лидия Сергеевна Жирнова нар 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлон үйл ажиллагаатай танилцлаа.  

    Хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо болон хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэмтэн судлаачид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Захирал Д.Золбоо тус төвийн судлаачдыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж, хүрээлэнгийн сүүлийн үед хийгдсэн судалгааны ажлын үр дүн, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулав. Энэ үеэр Москвагийн ОУХДС-ийн эрдэмтэн судлаачид мөн өөрсдийн шинээр гаргасан судалгааны бүтээлүүдийг танилцуулж, хоёр тал хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ. Түүнчлэн, талууд цаашид Монгол, Орос орон судлалын чиглэлээр залуу судлаачдыг бэлтгэж, чадавхжуулах зорилгын дагуу хамтран ажиллах, мөн богино, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хоёр тал эрдэмтэн судлаачдаа солилцох зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцан уулзалтын төгсгөлд өөрсдийн судалгааны шинэ бүтээлүүдийн дээжийг солилцсон юм.

    Ташрамд сонирхуулахад, төлөөлөгчдийг ахалж Монгол Улсад ирсэн Москвагийн ОУХДС-ийн Олон улсын харилцааны орон зайн шинжилгээний төвийн захирал, доктор Игорь Юрьевич Окуневын их, дээд сургуулийн оюутнуудад зориулан 2019 онд гаргасан “Политическая география” сурах бичгийг Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн санхүүжилтээр 2022 онд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг орчуулан хэвлүүлж олны хүртээл болгосон байна.

  • Мэдээг бэлтгэсэн:
  • Орос судлалын салбарын ЭША, магистр Б.Хишигжаргал



Бусад мэдээлэл