Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Судалгааны үндсэн чиглэлийн дагуу их сургуулиудтай хамтран ажиллана
Судалгааны үндсэн чиглэлийн дагуу их сургуулиудтай хамтран ажиллана

    ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Стратеги төлөвлөгөөнд заасан судалгааны үндсэн чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, судлаач эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, эрдэмтдийг эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах үүднээс их, дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн уламжлалтай. 

    Мөн тус хүрээлэнгийн захирлын 2021-2025 он хүртэлх “STEP” үйл ажиллагааны хөтөлбөрт ижил төрлийн их, дээд сургуулиудтай идэвхтэй хамтран ажиллахаар тодорхой зорилтууд тусгасан байдаг билээ.

    Энэ хүрээнд 2021 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Дашнямын Золбоо МУИС-ийн ОУХНУС-ийн захирал, доктор, профессор С.Баттулга, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр нартай хамтын ажиллагааны Санамж бичгийг тус тус сунгаж гарын үсэг зурж, баталгаажуулав.

    Санамж бичгийн дагуу тус хүрээлэнгээс дээрх их сургуулиудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт явуулах, хамтарсан үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээлээ солилцох, албан сэтгүүлийн хөгжүүлэлтийн талаар хамтран ажиллах, мэргэжлийн боловсон хүчний залгамж халааг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, магистрант, докторантын судалгааны ажлыг удирдах, оюутны үйлдвэрлэл, танилцах дадлагын ажил зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тогтсон байна. 

  • Мэдээг: Эрдэмтэн нарийн бичгийн дарга,

доктор (PhD) Р.Төрдалай


Бусад мэдээлэл