Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Британи судлал” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүл хэвлэгдлээ
“Британи судлал” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүл хэвлэгдлээ

    Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 60 жилийн ой 2023 онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд хоёр талд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан “Британи судлал” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийг хэвлүүлж, эрхэм уншигч Та бүхэнд өргөн барьж байна. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод хэдий нэгэн жаран өнгөрсөн боловч Монгол Улсад Британи орон судлалын чиглэлээр дагнасан сэтгүүл өмнө нь хэвлэгдэж байгаагүй тул энэхүү сэтгүүл Монголдоо анхдагч болж байгаагаараа ач холбогдолтой юм.

    Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа голчлон улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, соёл, боловсролын салбарт төвлөрсөнтэй холбоотойгоор Британи судлал мөн тэдгээр чиглэлд түлхүү хандсаар ирсэн билээ. Британи судлал сэтгүүлийн анхны дугаарын онцлог нь “Монголын Британи судлал”, “Монгол-Британийн харилцаа”, “Британи орон: баримтат нийтлэл, орчуулга”, “Шинэ номын мэдээ” гэсэн үндсэн дөрвөн булангийн хүрээнд нийт уншигч, судлаач нартаа Британи судлалын талаарх сүүлийн үеийн танин мэдэхүйн ба судалгааны хялбаршуулсан материалын орчуулга, ярилцлага, мэдээ мэдээллийг багтаан хүргэж байна.

    Сэтгүүлийн анхны дугаарт “Монгол дахь Британи судлалын тойм”, “Британийн эрүүл мэндийн систем ба түүний онцлог”, “Британийн төрийн алба”, “Английн улс төрийн философийн тухай” зэрэг судалгааны өгүүллүүд болон Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргалын Чевнинг тэтгэлгээр улсаасаа анхлан Британид суралцсан тухай дурсамж ярилцлага, ИБУИНХУ-аас Монгол Улсад сууж асан Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Филип Малоны хоёр орны харилцааг дүгнэсэн ярилцлага, хоёр орны түүхэнд холбогдох маркийн цоморлог зэрэг сонирхолтой 12 нийтлэл, ярилцлага, орчуулгын материал багтсан байна.

    Тус сэтгүүлийг бид цаашид жил тутам тогтмол хэвлэн гаргах болно гэдгийг Та бүхэнд уламжлахдаа таатай байна.


  • Мэдээ бэлтгэсэн: Гуравдагч хөрш орон судлалын салбарын
  • эрдэм шинжилгээний ажилтан Т.Анударь


Бусад мэдээлэл