Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Оуэн Латтимор ба Монголын түүх, соёл, шашны асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болов
Alternate Text

    Монголын Латтимор судлалын нийгэмлэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Оуэн Латтимор ба Монголын түүх, соёл, шашны асуудлууд” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ийн Нэгдсэн II байрны хурлын танхимд болов.

    Хурлыг Монголын Латтимор судлалын нийгэмлэгийн тэргүүн, академич Ц.Батбаяр нээж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо хурлын ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлэв.

    Хуралд АНУ-ын Конгрессын Номын сангийн Ази, Ойрх Дорнодын хэлтсийн номын санч, доктор М.Саруул-Эрдэнэ “Оуэн Латтимор ба Америкийн монголчууд: Онон Өргөнгөө, Хангины Гомбожав нарын жишээгээр” сэдэвт илтгэлийг цахимаар хэлэлцүүлэв. Мөн Элчин сайд, доктор Р.Болд “Оуэн Латтимор ба Дилова Хутагт”; МУИС-ийн ОУХНУС-ийн профессор, доктор Н.Алтанцэцэг “Оуэн Латтимор АНУ дахь Монгол судлалыг үндэслэн хөгжүүлэгч”; Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ОУХНСС-ийн захирал, профессор “АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри Уоллесын БНМАУ дахь томилолт, үр дүн, О.Латтиморын гүйцэтгэсэн үүрэг”; ШУА-ийн ОУСХ-ийн захирал, доктор Д.Золбоо “Оуэн Латтиморын зохиолын монгол орчуулгын тухай: “Нүүдэлчид ба комиссарууд” номын орчуулгын жишээн дээр”; Ховдын Багшийн их сургуулийн багш, доктор Г.Пүрэвдорж “О.Латтимор, Дилова хутагт Жамсранжав нарын нөхөрлөл: Итгэлцэл хийгээд нууц”; ТЕГ-ын Тусгай архивын орлогч дарга, доктор Б.Эрдэнэбилэг “О.Латтиморт холбогдох тагнуулын архив дахь баримт”; ШУА-ийн ТУЗХ, Монголын Латтимор судлалын нийгэмлэгийн тэргүүн, академич Ц.Батбаяр “Монгол-Америкийн харилцаа ба О.Латтиморын “дагуул орон” үзэл баримтлалын тухай” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

    Тус эрдэм шинжилгээний хурал нь Дорнодахин судлаач, монгол судлалын нэрт эрдэмтэн О.Латтиморын амьдрал, үйл ажиллагаа, XX зууны Монгол-Америкийн харилцаанд гүйцэтгэсэн үүрэг, эрдэм судлалаар хийсэн анхны хурал болж өнгөрснөөрөө ач холбогдолтой бөгөөд Латтимор судлал ялангуяа Оуэн Латтимор гэх хувь хүний намтар судлалаар шан татсан сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэнээрээ нэн ач холбогдолтой болов.

  • Мэдээ бичсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
  • эрдэм шинжилгээний ажилтан У.Загдцэсэм








   


Бусад мэдээлэл