ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Бүгд Найрамдах Казахстан Улсын (БНКазУ) Р.Б.Сүлеймновын нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Масимханулы нар 2023 оны 10 дугаар сарын 20-нд тус хоёр байгууллага цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Гэрээ байгуулах ёслолын арга хэмжээнд захирал, доктор Д.Золбоо хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэл, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн талаар танилцуулж, Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн зочлон ирсэн БНКазУ-ын Р.Б.Сүлеймновын нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Масимханулыд талархалаа илэрхийлэн, цаашид Дорно дахин судлалын чиглэлээр хамтран ажиллахад сэтгэл хангалуун байх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тус арга хэмжээний үеэр захирал, доктор Д.Золбоо Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Масимханулыд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн сүүлийн үеийн бүтээлийн дээжээс гардууллаа.
БНКазУ-ын Р.Б.Сүлеймновын нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Масимханулы нь хамтран ажиллагааны гэрээ байгуулах саналыг найрсгаар хүлээн авч, хамтран ажиллах боломжийг олгосон Д.Золбоо захиралд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад ирсэн зорилго, БНКазУ-ын Дорно дахин судлалын хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлын талаар товч мэдээллийг хүргэж, Монгол судлал, Алтай судлал, Түрэг судлал чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа чухалчилж онцолсон болно. Мөн тэрээр цаашид Монгол судлал, Дорно дахин судлалын чиглэлийн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн болно.
Гэрээ байгуулах ёслолын арга хэмжээний үеэр хүрээлэнгийн захирал доктор Д.Золбоог Дорно дахин судлалын чиглэлийн судалгааг хөхиүлэн дэмжин ажиллаж байгааг сайшаан БНКазУ-ын Шинжлэх Ухаан, Дээд боловсролын яамны Дорно дахин судлалын медалиар шагнасныг Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Масимханулы гардуулсан болно.
Тус арга хэмжээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж, эрдэм шинжилгээний ажилтнууд болон Р.Б.Сүлеймновын нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнгийн зөвлөх судлаач, хэвлэлийн төлөөлөгч зэрэг хүмүүс байлцав.
Мэдээ бэлтгэсэн: Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын ЭША Ш.Амангүл