Сүүлийн жилүүдэд БНСУ-ын иргэдийн дунд өндөр насжилт нэмэгдсэн, төрөлт багассан, залуусын гэрлэх сонирхол буурсан зэрэг шалтгаанаас үүдэн хүн амын тоо буурах болсон билээ. Өнөөгийн байдлаар БНСУ-ын хүн ам 51 сая байгаа бөгөөд цаашид энэ хэвээр буурсаар байвал 2070 он болоход 37,7 сая болно гэж тус улсын Статистикийн төв газраас тооцоолсон байна. [1]
Иймд, Ерөнхийлөгч Юн Сок Ёл 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгэндээ “Бид хүн амын тоо буурч буй асуудалд өмнөхөөс илүү нухацтай хандаж, өөр аргаар тэмцэх хэрэгтэй” гээд Засгийн газрын бүх салбар нэгжүүдийг энэ чиглэлд идэвхтэй ажиллахыг уриалжээ.[2]
Солонгосын дайны дараа 1960-аад оноос тус улсын Засгийн газар хүн амын хэт өсөлтийг сааруулах бодлого хэрэгжүүлж байсан удаатай. Гэвч төрөлт эрчимтэй саарч эхэлсэн 2000 оноос хойш хүн амын өсөлтийг дэмжих төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. 2024 оны байдлаар 4 дүгээр 5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ төлөвлөгөөнд орон сууцны, хүнсний хангамжийн, боловсролын, нийгмийн халамжийн бодлогууд, мөн тус улсад оршин суугаа гадаад иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүд багтсан. БНСУ-ын Засгийн газар ийнхүү хүн амын өсөлтийг хангахад тууштай анхаарч ажиллаж байгаа бол хувийн хэвшлийнхэн ч гар хумхилгүй идэвх зүтгэл гарган ажиллаж байна.
Ер нь тус улсын иргэд, аж ахуйн нэгжүүд улс орны өмнө тулгамдсан ямарваа асуудалд туйлын нэгдмэл, эх оронч байдлаар Засгийн газартайгаа хамтран тэмцэж, бэрхшээлийг даван туулж ирсэн жишээ олон. Тухайлбал Солонгосын дайны дараах хүнд хэцүү жилүүдийг Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран даван туулсан, мөн 1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр иргэд үнэт эдлэлээ Засгийн газартаа хандивлаж, томоохон корпорацууд Засгийн газартай хамтран хямралаас гарах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байсан зэрэг жишээг энд дурдаж болно.
БНСУ-ын газрын тос, химийн бүтээгдэхүүний Гүмү /Kumho Petrochemical/ корпорац нь шинэ оны босгон дээр улс орныхоо хүн амын өсөлтийг дэмжих бодлогод хувь нэмэр оруулах зорилгоор ажилчдын дунд (Kumho-CARE)[3] хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлажээ. Уг хөтөлбөрт тус корпорацын ажилчин 2024 онд анхны хүүхдээ төрүүлбэл 5 сая, хоёр дахь хүүхдээ төрүүлбэл 10 сая, 3 дахь хүүхдээ төрүүлбэл 15 сая, 4 дэх хүүхдээ төрүүлбэл 20 сая воны, шинэ төрсөн хүүхдэд 2 сая воны мөнгөн урамшуулал тус тус олгох, жирэмсэн эхийн үзлэгт байгууллагын машинаар үйлчлэх, шинэ хүүхдийн аавд 15 өдрийн амралт олгохоор болжээ. Хүүхэд өргөж авбал 3 сая воны урамшуулал, 5 өдрийн амралт өгөх, хүүхэд олдоггүй гэр бүлд үр суулгах мэс ажилбарын зардалд 3 сая вон олгох, хүүхэд олсон тохиолдолд жирэмсний үзлэг эмчилгээнд байгууллагын машинаар үйлчлэхээр болсон байна.
Эдгээрээс гадна хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай эцэг эхийгээ асардаг ажилтнуудад цалин болон ажлын цагийн уян хатан урамшууллын тогтолцоог олгож байна. Тус корпорацын захирал уг хөтөлбөрийн тухайд “Өнөөдөр Гүмү корпорац нь манай нийгэмд тулгамдаад буй бага төрөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэжээ.
Гүмү корпорац нь Самсунг Хёндэ зэрэг олон мянган ажилтантай үндэстэн дамнасан корпорацуудтай харьцуулахад бага хэмжээтэй ч гэлээ нийгмийн хариуцлагаа сайтар ухамсарлан, ашиг орлогоо урьтал болголгүй уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Цөөн хүнтэй, өргөн уудам газар нутагтай манай улс хүн амын өсөлтийг бодитоор дэмжих шаардлагатай. Улсын хөгжилд төрийн үүрэг оролцоо чухал хэдий ч хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай ажиллавал хөгжлийн зам илүү дөт болно. Манай улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэхүү хөтөлбөрөөс санаа авч ажиллавал нийгмийн хариуцлагын томоохон үлгэр дуурайлал болохоор байна.
__________________________