АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Трамп гадаад бодлогоо “Америкийг эн тэргүүнд тавих” хэмээн тодорхойлж, гол өрсөлдөгч БНХАУ-тай үндсэндээ “эдийн засаг, технологиор тусгаарлах” стратеги хэрэгжүүлж эхэлсэн нь тус хоёр улсын харилцаа, эдийн засаг, гадаад бодлогод томоохон өөрчлөлт авчирсан билээ. Харин энэ онд Ж.Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноор түүний гадаад бодлого, ялангуяа Хятад, Америкийн харилцаанд ямар өөрчлөлт гарч болох талаар гадаадын зарим судлаач, улс төрчдийн байр суурийг энэхүү мэдээгээр товч хүргэж байна.
1. BBC агентлаг: БНХАУ, АНУ-ын сөргөлдөөн буурах боловч харилцаа дорвитой сайжрахгүй, Бээжин, Вашингтон аль аль нь түнш гэхээс илүү өрсөлдөгчийн байр сууриа хадгална.
Байден эдийн засаг, худалдаа, технологийн салбарт Америкийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд анхаарна. Аюулгүй байдал, хүний эрхийн асуудлаар хоёр улс илүү их зөрчилдөөнтэй байх ба Вашингтоны зүгээс Хятадын Хонконг, Шинжааны талаар барьж буй бодлого, хүний эрхийн асуудалд сэтгэл дундуур байгаагаа хүчтэй илэрхийлж, хориг арга хэмжээ нэмж хэрэгжүүлнэ. Гэхдээ Трампын үеийн бүх талаар сөргөлдөж байснаас ялгаатай, тухайлбал АНУ, Хятадтай байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах төлөвтэй байна. Байдены гадаад бодлогын баг Хятадтай харилцах “өрсөлдөөн, дипломат харилцаа хосолсон” стратеги эрэлхийлж буй бөгөөд хоёр улсын сөргөлдсөн харилцаа зэвсэгт мөргөлдөөнд хүрэхгүй гэж найдаж байгаа ажээ.[1] Дараах таван голлох асуудалд хэрхэн тэнцвэрийг олох нь Байдены багийн гол ажил байх юм.
Худалдаа: Трампын үед АНУ Хятадтай худалдааны алдагдлыг бууруулахыг оролдсон бөгөөд худалдааны дайн тэдний харилцааны гол зөрчилдөөний нэг болжээ. Байдены үед хоёр улсын зөрчил худалдааны асуудлаас эдийн засгийн бусад асуудалд, тухайлбал, оюуны өмчийн хамгаалалт, Хятадын эдийн засгийн загвараас үүдэлтэй зах зээл дээр давуу байдал үүсгэх зэрэг асуудалд шилжих бөгөөд худалдааны алдагдлын талаарх АНУ-ын зовнил буурна. Худалдааны дайнаас үүдэлтэй өндөр тариф болон цар тахал зах зээлийн эрэлтэд нөлөөлснөөс АНУ, Хятадын худалдааны хэмжээ сүүлийн жилүүдийн хамгийн доод түвшинд хүрсэн, 2020 оны 1-р сард байгуулсан эхний шатны худалдааны хэлэлцээрийг шинжээчид “хог” гэж үзэж буй бөгөөд Хятадын тал импортын амлалтдаа хүрэхэд тийм амар биш аж. Байден Хятадын бүтээгдэхүүнд ногдуулж буй одоогийн тарифыг цуцлахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн бөгөөд Трампын худалдааны бодлогыг хадгалах нь богино хугацаанд түүний Хятадтай хийх хэлэлцээрт “хөзөр” болно гэж шинжээчид үзэж байна. Байдены засаг захиргаа дунд болон урт хугацаанд Хятадын зарим бүтээгдэхүүний, ялангуяа АНУ-ын хэрэглэгчид өөр бүтээгдэхүүнээр орлуулахад бэрхшээлтэй байдаг бүтээгдэхүүний татварыг бууруулж магадгүй, гэхдээ мэдрэмтгий салбарын тариф үргэлжлэнэ.
Технологи: Байден Трампын адил АНУ-ын аж үйлдвэрийн салбарт Хятад стратегийн аюул занал учруулна гэж үзэж буй. Өнгөрсөн жил Байден Foreign Affairs-д, “хэрэв Хятад ийм байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл АНУ болон түүний компаниудын технологи, оюуны өмчийг үргэлжлүүлэн булаан авч, засгийн газрын татаасыг ашиглан төрийн өмчит ААН-үүддээ давуу талыг бий болгож, ирээдүйд технологи болон аж үйлдвэрийн салбарт ноёрхох болно” хэмээн ярьсан. Байдены засаг захиргаа илүү их тарифын бус арга хэмжээ, тухайлбал, засгийн газрын хөрөнгөөр Америкийн компаниудыг дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих зэрэг арга хэмжээ авах болно гэж шинжээчид үзэж байна.[2] Хятадын “Хуавэй”-н асуудлаар Байден Трампын хатуу байр суурийг үргэлжлүүлнэ. Гэхдээ Трамп худалдааны хэлэлцээрт Хуавэйг “наймааны хэрэгсэл” болгон ашиглаж, саналаа олон удаа өөрчилж байсантай харьцуулбал Байдены бодлого илүү тууштай байх бөгөөд энэ нь холбоотнуудыг нэг санаатай байлгахад илүү үр дүн өгнө.
Тайваний асуудал: Трампын үед Хятад, Тайваний харилцаа муудаж, АНУ, Тайваний харилцаа ойртсон. Энэ шинэ өрнөл нь АНУ, Хятадын харилцаанд Тайваний хүчин зүйлийг илүү чухал болгож байна. Байден Тайваний ардчиллыг дэмжих сигналаа үргэлжлүүлж, мөн Тайваньд зэвсэг худалдсаар байх болно. Тайваньд зэвсэг худалдаалах нь АНУ, Тайваний харилцааны голлох хэсэг бөгөөд хэдийгээр Хятад үүнд сэтгэл дундуур байгаа ч зэвсгийн худалдаа нь тийм гайхаад байх зүйл биш болсон. Тиймээс Вашингтоны үзэж буйгаар энэ нь АНУ, Хятад, Тайваний харилцаанд ноцтой өөрчлөлт үүсгэхгүй ажээ.
Хонконг ба Шинжаан: Хонконг болон Шинжаан дахь хүний эрхийн асуудал дээр Байдены засаг захиргаа нэмэлт хориг арга хэмжээ авах, АНУ-аас Хятадад борлуулж буй технологийг хүний эрхийн эсрэг ашиглахгүй байхад анхаарах төлөвтэй байна. Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Салливан, Хонконг дахь ардчиллын төлөө тэмцэгчдийг ээлж дараалан баривчилж, шоронд хорьж байгаад маш их түгшиж буйгаа илэрхийлсэн.
Олон улсын харилцаа: Энэ тал дээр Байден Трампаас өөр бодлого барина. “Америк 1-рт” гэх гадаад бодлогын чиглэлийг өөрчилж, Хятадыг хянах, тэнцвэржүүлэхийн тулд бусад улстай хамтран ажиллана. Байден “Хятадын сорилтыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол Америк холбоотнуудтайгаа хамт байх явдал” хэмээн үзэж буй. Харин зарим шинжээч АНУ-ын холбоотнуудаа нэгтгэх стратеги хязгаартай гэж үздэг. Сингапурын Их сургуулийн профессор Жеймс Крабтри, АНУ-ын Хятадтай барих бодлогод Азийн улс орнууд өөр өөр хүлээлттэй байгааг онцолсон. Аль аль талыг сэтгэл хангалуун байлгах нь амаргүй байх болно.[3]
2. Никкей агентлаг: Ерөнхийлөгч Байдены хувьд олон улсын харилцааны хамгийн хэцүү асуудал бол Хятадтай харилцаагаа хэрхэн зохицуулах
Трампын засаг захиргааны 4 жилд Хятад, Америкийн харилцаанд 40 жилийн ухралт хийсэн, хамгийн ноцтой нь хоёр талын “мэдрэмж” маш ихээр хохирсон явдал юм. Судалгаагаар Америкийн иргэдийн 73% нь “Хятадад дургүй” гэж хариулсан бол Хятадын дотоодод үндсэрхэг үзэл өндөр түвшинд байна. Хятад АНУ-тай харилцаагаа сайжруулна гэж найдсаар байгааг тус улсын удирдагчдын хэлсэн үгээс ажиглаж болно, энэ нь ч Хятадын эдийн засагт тустай. Харин АНУ бол ардчилсан орон бөгөөд Байдены засаг захиргаа Хятад, Америкийн харилцааг сайжруулах хүсэлтэй байлаа ч тус улсын олон нийтийн санаа бодлыг харгалзахаас өөр аргагүй.
Худалдааны дайн нь ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй бөгөөд үүнийг зогсоох нь илүү хялбар юм. Хоёр тал худалдааны дүрмүүд болон тэнцлийг дэмжих талаар нэгдсэн ойлголцолд хүрвэл тарифын хориг арга хэмжээг аажмаар цуцлах боломжтой. Харин өндөр технологийн ААН-үүдэд тавьсан хориг арга хэмжээг шийдвэрлэхэд хугацаа орно. Аль аль тал зах зээлд ноёрхохыг хүсч буй, тиймээс харилцаа холбоо, эрчим хүч, сансрын салбарт Хятад, АНУ-ын хоорондох зөрчил улам хурцдах магадлалтай. Түүнчлэн Байдены засаг захиргаа Обама, Клинтон нарын бодлогыг залгамжилж, Азийн асуудалд идэвхтэй оролцох нь дамжиггүй. Үүнийг Хятад санаатай өдөөн хатгалга гэж үзэх болов уу.
Дүгнэвэл, Байдены Хятадын талаарх бодлого нь “өрсөлдөөн ба хамтын ажиллагаа”-ны хослол байх шаардлагатай. Үзэл суртлын хувьд АНУ буулт хийхгүй бөгөөд Хятад ч бас буулт хийхгүй. Технологийн өрсөлдөөний хувьд мөн аль аль тал буулт хийхэд амаргүй. Харин эдийн засгийн хувьд хамтран ажиллах өргөн боломж бий. Трампын хамгийн том алдаа бол эдийн засгийн хамтын ажиллагааны хаалгыг хаасан явдал. Америкийн компаниудын хувьд Хятад бол зөвхөн боловсруулах үйлдвэр биш, бас асар том хэрэглээний зах зээл. Нөгөө талаас, Америкийн ард түмний хувьд Хятад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн гол ханган нийлүүлэг, өөрөөр хэлбэл, Хятад, АНУ-ын эдийн засгын хамтын ажиллагаа бол хамтран ажиллах эсэх тухай асуудал биш харин хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг асуудал юм. Харин эдийн засгийн бус бусад асуудлыг шийдвэрлэхэд амар биш, үүнд цаг хугацаа хэрэгтэй, товчоор хэлбэл, яарвал даарна, органикаар урсгалаар нь явуулах нь хамгийн зөв сонголт байх болно.[4]
3. Синьцян: (Фуданий Их сургуулийн Америк судлалын төвийн орлогч дарга) Байден Хятад, Америкийн харилцаанд “амьсгалах үе” авчирч магадгүй
Түүний үзэж буйгаар, өнөөгийн байдлаар Хятад, АНУ-ын харилцаа дараах 3 онцлогтой байна: Цаашид стратегийн харилцан итгэлцэл байхгүй болж болно, улс төрийн дээд түвшний харилцаа бараг зогссон, бодит хамтын ажиллагаа байхгүй болсон. Харин Байден гарч ирснээр сүүлийн 2 асуудлаар ахиц дэвшил гарах боломжтой. Хоёр улс цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт илүү прагматик, бүтээлч хамтын ажиллагааг сэргээх, зарим зогсоосон яриа хэлэлцээ, харилцааны механизмууд мөн үргэлжлэх төлөвтэй байна. Гэвч стратегийн харилцан итгэлцлийг сэргээхэд багагүй хугацаа, хүчин чармайлт шаардана. Ерөнхийдөө Байден өмнөх засгийнхаа бодлогыг хадгалах ч, Трампаас ялгаатай нь түүний бодлого илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой юм.
Худалдааны дайны хувьд, юуны өмнө хоёр улсын засгийн газар эхний шатны хэлэлцээрийг дахин үнэлэх магадлалтай. Нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан хэлэлцээрийн зарим хэсэгт тохируулга хийхийг үгүйсгэхгүй бөгөөд уг эхний шатны хэлэлцээрийг үндэслэн цаашид хэлэлцээр үргэлжлэнэ. АНУ-ын өнцгөөс авч үзвэл Трампын авсан тарифын арга хэмжээ Байденд хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд “хөзөр” болж байгаа бөгөөд цуцлах санаачилга гаргах нь юу л бол. Өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн зэрэг Америкийн жирийн иргэд илүү хохирол амсаж буй салбарт Хятадад ногдуулах татварыг хамгийн түрүүнд зөөлрүүлж болох боловч бусад чиглэлд илүү хэцүү, урт хугацааны хэлэлцээр шаардагдана.
Тайваний асуудлын хувьд, Тайваньд зэвсэг худалдах, Тайваний олон улс дахь орон зайг нэмэгдүүлхэд дэмжлэг үзүүлэх хүчин чармайлт үргэлжлэх боловч Байден Тайваний асуудалд илүү болгоомжтой, хязгаартай хандана. Байден уг асуудлын аюул, “улаан шугам”-ын талаар тодорхой ойлголттой байгаа бөгөөд Тайваний хоолойд дайн үүсэх магадлал өмнөхөөс буурна. Байдены засаг захиргаа Тайваньд чиглэсэн АНУ-ын уламжлалт бодлогоос хэтрэхгүй, Тайваньтай “стратегийн тодорхой байдал”-д хүрэх магадлал маш бага юм. Технологийн хувьд, тухайлбал сансар огторгуй, квант тооцоолол, харилцаа холбоо, хиймэл оюун зэрэг салбарт өмнөх бодлоготой чанарын ялгаа гарахгүй. Өндөр технологийн салбарт Хятад, АНУ хэсэгчлэн “холдох, тусгаарлах” нь гарцаагүй юм.[5]
4. Да Вэй: (БНХАУ-ын Олон улсын харилцааны сургуулийн улс төрийн тэнхимийн эрхлэгч) Байдены Хятадын талаар баримтлах бодлого Обамагийн үе рүү эргэж орохгүй
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хятад, АНУ-ын харилцаа болон дэлхий ертөнцөд асар их өөрчлөлт гарч, хоёр улсын элитүүд болон иргэд аль аль талынхаа үзэл бодлыг бараг бүхэлд нь өөрчилсөн. Байдены Хятадын бодлогод хийх тохируулга Трампын үеийн бодлогод үндэслэх нь дамжиггүй. Хятадын талаарх бодлогод гарсан эрс өөрчлөлт нь Трампын засгийн газраас АНУ-д үлдээсэн хамгийн том улс төрийн өв байж болох юм. Байден хоёр улсын өрсөлдөөний ерөнхий чиг хандлагыг өөрчлөх боломжгүй, асуудлын гол нь тэрээр ямар орлох бодлогыг гаргаж ирэх нь тодорхойгүй байна. Гэхдээ өрсөлдөөн гэдэг нь “тусгаарлах” гэсэн үг биш, Байдены засаг захиргаа Хятадаас “бүх талаар тусгаарлах” стратегийг дэмжихгүй болов уу.
АНУ “Номхон далай дамнасан иж бүрэн дэвшилтэт түншлэлийн хэлэлцээр” CPTPP рүү буцаж орох магадлал байгаа ч энэ нь тийм амар биш. Чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх нь Америкийн нийгэмд улс төрийн хувьд буруу болж хувирч байгаа тул уг асуудал Конгресс дэх намуудын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Нэмж хэлэхэд, CPTPP-т буцаж ороход одоогийн гишүүн орнуудтай хэлэлцээ хийх шаардлагатай бөгөөд техникийн хувьд багагүй цаг хугацаа шаардагдана.
Технологийн хувьд, Байдены дараах АНУ цөм технологийн салбарт Хятадад үзүүлэх дарамтаа сулруулахгүй. Гэхдээ “тусгаарлах” цар хүрээ хумигдах төлөвтэй байна, учир нь Трампын үеийн “үндэсний аюулгүй байдал” ба “технологийн өрсөлдөөн”-ийн хамрах хүрээ хэт өргөн, бодит бус байсан. Тухайлбал, TikTok, Wechat зэрэг ноцтой зөрчилгүй компаниудын хоригийг цуцалж магадгүй. Харин Huawei Хятад, АНУ-ын эвлэрч чадахгүй байгаа үндсэн өрсөлдөөний олон салбарт оролцдог бөгөөд нөхцөл байдал илүү төвөгтэй байна. АНУ Huawei-д чип борлуулах асуудал дээр нааштай хандана гэж найдаж байна, гэхдээ 5G-гийн салбарт баримтлах бодлого нь өөрчлөгдөхгүй болов уу.[6]
5. Курт Кампбел: (АНУ-ын ҮАБЗ-ийн Энэтхэг-Номхон далайн орнуудын асуудал хариуцсан зохицуулагч) АНУ, БНХАУ-ын “ойр харилцаа”-ны үе дууссан
Курт Кампбелийн хувьд, нэг талаас, Америк, Хятад хоёр цаг уурын өөрчлөлт, БНАСАУ-ын цөмийн асуудал зэрэг хоёр улсын нийтлэг анхаарал хандуулж буй асуудлаар хамтран ажиллах боломжтой, нөгөө талаас, АНУ холбоотнуудтайгаа нэгдэж, Хятадын зохисгүй үйлдлийг хамтдаа эсэргүүцнэ гэж найдаж байгаа ажээ. Тэрээр Америк, Хятадын хагас зуун жилийн “ойр харилцаа”-ны үе дууссан бөгөөд өрсөлдөөн нь хоёр орны харилцааны шинэ эрин үеийн гол сэдэв байх болно гэдгийг онцолсон.
Мөн АНУ-ын ҮАБЗ-ийн Хятад, Тайваний асуудал хариуцсан дэд захирал Лаура Розенбергер Байдены засаг захиргааны Хятадын талаар баримтлах бодлого гурван цөмтэйг дурджээ: 1-рт, АНУ дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр технологийн инновацийн салбарт Хятадаас давуу байдлаа хадгалж чадна. 2-рт, АНУ холбоотнууд болон хамтрагчдаа нэгтгэснээр хамтдаа олон улсын шинжтэй асуудлыг шийдэх ба Хятадын зохисгүй үйлдлийг хязгаарлана. 3-рт, шаардлагатай үед АНУ Хятадыг эсэргүүцэж, харин АНУ-ын ашиг сонирхолд нийцсэн асуудлаар Хятадтай хамтран ажиллаж хоёр улсын зөрчилдөөнийг зөөлрүүлнэ гэж таамаглаж байна.[7]
Эцэст нь дээрх эх сурвалжуудын байр суурьд товч дүн шинжилгээ хийвэл, Байдены засаг захиргааны Хятадын талаар баримтлах бодлого нь “өрсөлдөөн ба хамтын ажиллагаа”-ны хослол байх, Трампын зарим бодлогыг хэвээр хадгалах, харин зарим бодлогод өөрчлөлт, тохируулга хийх ажээ. Чухалчилж буй тохируулга нь Хятадтай харилцахдаа хоёр талаар бус харин бусад холбоотнуудаа татан оролцуулах, өөрөөр хэлбэл, холбоотнуудтайгаа нэгдэж байж Хятадаас үзүүлэх сорилтод илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлнэ хэмээн үзэж байна. Технологи болон аж үйлдвэрийн салбарт хоёр улсын өрсөлдөөн ширүүсэх, ялангуяа өндөр технологийн салбарт хамгаалах, тусгаарлах бодлого илүү хэрэгжих, харин худалдаа, эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаа сайжрах боломжтой байна.
Хятадын судлаачдын хувьд, Байдены бодлого Трампынх шиг хувирамтгай бус илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц байна хэмээн олзуурхаж байгаа ч, стратеги нь тодорхой бус байгаа ажээ. Байден худалдааны хэлэлцээрт Трампын үлдээсэн өвийг “наймааны хэрэгсэл” болгон ашиглах давуу талтай, мөн Тайванийг Хятад, АНУ-ын харилцаанд “хөзөр” болгон ашиглаж байна хэмээн буруутгаж байна. АНУ, Хятадын худалдааны дайн Хятадын эдийн засагт багагүй цохилт өгч буй бөгөөд Хятад дотоодын худалдааг дэмжиж эдийн засгаа өдөөхөөс гадна аль болох бусад олон улсын зах зээлд нэвтрэх, ялангуяа бүс нутгийн болон хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр түлхүү байгуулахыг чухалчилж байна.
салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Эрдэнэбаяр