Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, ач холбогдол, онцлог
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, ач холбогдол, онцлог

Энэ өдрүүдэд БНСВУ-ын ерөнхийлөгч, Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам (Tô Lâm) манай улсад айлчилж байна. Үүнтэй холбогдуулан 1994 оноос хойш хийгдсэн хоёр орны ерөнхийлөгчийн айлчлалуудын ач холбогдол, онцлогийн талаар товч танилцуулж байна.

Ерөнхийлөгч бол хоёр орны харилцаанд улсаа төлөөлөх "нэг дэх хүн" учраас түүний айлчлал нь зиндаа, улс төлөөлөх эрх, ач холбогдлоороо харилцааны бусад субъектүүдээс хамгийн өндөр дээд зэрэглэлд хамаарагдана.

Бүр анхны жилүүдээсээ эхлэн Монгол-Вьетнамын харилцаа хоёр улсын үе үеийн удирдагчдын анхаарлыг гүнзгий татаж, тэдний байнгын удирдлага дор хөгжсөн юм. Ялангуяа Ерөнхийлөгч Хо Чи Мин (Hồ Chí Minh) Монголд айлчилсан 1955 оны 7 дугаар сарын 8-9-ний тэр өдрөөс манай хоёр улсын харилцаа нэн өргөн хүрээтэй хөгжиж эхэлсэн юм гэж БНСВУ-ын үе үеийн ерөнхийлөгчид өндөр үнэлсэн байдаг.

1994 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Н.Багабанди 2005 онд, Ц.Элбэгдорж 2013 онд, У.Хүрэлсүх 2023 онд БНСВУ-д тус тус албан ёсоор айлчлав. БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыөн (Trần Đức Lương) 2000 онд, Нгүен Минь Чиет (Nguyễn Minh Triết) 2008 онд Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийжээ.

Улс төрийн харилцааны төрлүүдээс төрийн өндөр, дээд түвшний айлчлалын яриа хэлэлцээ нэн чухал үүрэгтэй бөгөөд айлчлалын болон хоёр талын гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна. 1994-2018 оны хооронд хоёр талын ерөнхийлөгчдийн 5, парламентын даргын 5, ерөнхий сайдын 4 айлчлалын үеэр зохион байгуулсан яриа хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг байдалд болж байв. Яриа хэлэлцээний субъект, уулзах хэлбэр нь уригдан айлчилж, урьсан төрийн өндөр, дээд түвшний албан тушаалтнуудын хооронд, тухайлбал, ерөнхийлөгч-ерөнхийлөгч, ерөнхийлөгч-парламентын дарга (очиж уулзах хэлбэр), ерөнхийлөгч-ерөнхий сайд (очиж уулзах хэлбэр) нар байна.

Яриа хэлэлцээ нь талуудын улс орныхоо хөгжлийн байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөвийн тухай танилцуулга хийх, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн хандлагын талаар санал солилцох, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа тодорхойлж, талууд харилцагч улсын хөгжил, ололт, амжилтад баяр хүргэж, цаашид тогтвортой хөгжиж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлэх нийтлэг зарчмын дагуу явагдаж ирлээ. Онцлон тэмдэглэхэд Ерөнхийлөгч П.Очирбатын айлчлалын яриа хэлэлцээ нь талууд өөр өөрсдийн хөгжлийн сонголтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх, нэн тэргүүнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах, энэ үндсэн дээр зогсонги байгаа салбарын харилцааг богино хугацаанд сэргээн хэвийн горимд шилжүүлэх, дэлхий дахинд нааштай хандлага байгаа ч ээдрээтэй хэвээр байна. Энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хамтран ажиллах уур амьсгалыг бэхжүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулж байжээ.

Ерөнхийлөгчдийн айлчлалын үеэр 20 гаруй яриа хэлэлцээ зохион байгуулагдаж, ач холбогдлоороо тэргүүлэх зэрэглэлийн асуудлыг танилцуулж, санал солилцох, байр сууриа илэрхийлсэн байдаг. Шинэ гэрээний үзэл санааны дагуу Монгол, Вьетнам хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашигт нийцүүлэн дэлхийн болон бүс нутгийн тавцанд бие биеийнхээ байр суурийг харилцан идэвхтэй дэмжих асуудал анхаарлын төвд байв.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1994 оны 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын гол онцлог:

а. 10 жил тасраад байсан өндөр, дээд түвшний айлчлалыг сэргээсэн, онцгой айлчлал хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн;

б. Өндөр, дээд хэмжээнд Монгол Улс анх удаагаа ерөнхийлөгчийн түвшинд айлчилж, энэ хэлбэрийн харилцааг эхлүүлсэн;

в. 1994 оны Ханойн хамтарсан тунхаглалын 5-д хоёр тал санал нэгтэй тэмдэглэснээс үзэхэд “... энэхүү айлчлал...” Вьетнам, Монголын найрсаг харилцаа хамтын ажиллагааны хөгжилд шинэ хуудас нээж өгснөөрөө "... хоёр улсын харилцааг цоо шинэ утга агуулга бүхий шинэ үед аваачсан" нь бусад айлчлалуудаас ялгаатай бөгөөд илүү ач холбогдолтой;

г. Даяаршсан шинэ зууны эхэн үеийн Монгол-Вьетнамын харилцааны түвшнийг мөн тунхаглалын хоёрт Монгол-Вьетнамын найрсаг харилцаа гэж (уламжлагдаж ирсэн түвшнийг үргэлжлүүлэхээр-Б.Ц.) санал нэгтэй тодорхойлсон.

д. 1994 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ханой (Hà Nội) хотод Ерөнхийлөгч П.Очирбат, Ле Дык Ань (Lê Đức Anh) нарын гарын үсэг зурсан "Монгол, Вьетнамын хамтарсан тунхаглал" нь хоёр орны харилцааны хоёр дахь, хоёул Ханой (Hà Nội) хотод, анх удаа хоёр ерөнхийлөгч улсаа төлөөлж гарын үсэг зурсан түүхэн ач холбогдолтой тунхаглал мөн;

е. Даяаршсан шинэ зууны эхэн үеийн хоёр орны харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ, мөн тунхаглалын гуравт бие биеийн тусгаар тогтнол, бие даасан байдал, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зэрэг болно гэж хүлээн зөвшөөрсөн;

ё. Хоёр этгээд Азийн улсуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх 1979 оны Ханойн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний заалтыг 15 жил мөрдсөн бол шинэ тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг хоёр орны олон талын хамтын ажиллагааны шинэ орон зай мөн гэж анх удаа харилцан тохирсон явдал болно;

з. Албан ёсны айлчлалын үед Вьетнам улсын Засгийн газар тус хоёр орны хоорондын худалдааны тэнцлийн зөрүү 400 мянган шилжих рублийн Монголын талын өрийг хүчингүй болгож, Монгол, Вьетнамын хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг сэргээн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыөн (Trần Đức Lương) 2000 оны 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын гол онцлог:

а. Монгол, Вьетнам хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг шинэ зуунд өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэн бататгасан.

б. Монгол Улс, БНСВУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулан хоёр орны ард түмний уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа талууд хүлээн зөвшөөрсөн;

в. Шинэчлэн байгуулсан энэ гэрээ нь харилцаа, хамтын ажиллагааны 3 дахь нь бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаагаараа ач холбогдолтой.

г. Бүс нутгийн байгууллагад жин нөлөөтэй Вьетнам улсын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд AСЕАН-ы яриа хэлэлцээний түнш орон болох, АПЕК-д элсэх Монгол Улсын хүчин чармайлтыг урагшлуулахад энэ айлчлал чухал алхам болсон.

Ерөнхийлөгч Чан Дык Лыөн (Trần Đức Lương)-ийн айлчлалын яриа хэлэлцээ үндсэндээ шинэ харилцааны зарчим, чиглэлийг үндэслэн хоёр талын чадавх, давуу талыг дайчлан хөрөнгө оруулалт, худалдааны шинэчилсэн эрх зүйн дагуу сэргэж эхэлсэн худалдааг эрчимжүүлэх, Монгол, Вьетнамын хооронд Хятадын нутгаар дамжин төмөр замаар бараа тээвэрлэхэд чиглэгдсэн онцлогтой байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди (2005), Ц.Элбэгдорж (2013) нарын БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгүен Минь Чиет (Nguyễn Minh Triết)-ийн (2008) Монгол Улсад хийсэн айлчлалуудын үр дүнд:

а. Монгол-Вьетнамын харилцааг бэхжүүлэх, улмаар хоёр орны харилцааны түвшний зэрэглэлийг ахиулахад түлхэц болох;

б. Дэлхий дахины эрс өөрчлөгдөж байгаа цаг үе, орчинд хоёр тал нэгдмэл зорилго, хүч чармайлтаа нэгтгэн ажиллах;

в. Дэлхий дахин, бүс нутаг, хоёр орны тулгамдсан асуудлаар өндөр, дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах;

г. Уламжлалт харилцааг улам бүр эдийн засагжуулах замаар шинэ шатанд гаргах;

д. Манай хоёр орны ард түмний харилцан ойлголцсон, итгэлцлийг ахиулах;

е. Өндөр, дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах;

ё. Харилцааг бэхжүүлэхийн тулд хоёр тал илүү дотно хамтран ажиллах зэрэгт ахиц дэвшил гаргах илүү таатай боломжийг нээснээрээ ач холбогдолтой.

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСВУ-д албан ёсны айлчлал хийх үед БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыөн Тан Сан (Trương Tấn Sang) Вьетнам улс Монголыг АСЕАН-ы орнуудтай харилцаагаа өргөжүүлж бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлт гаргахад дэмжихэд бэлэн байгаа хэмээн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байдаг.

Ерөнхийлөгч Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Нгүен Минь Чиет (Nguyễn Minh Triết) нарын айлчлалын үеэр зохион байгуулагдсан яриа хэлэлцээ хамрах хүрээ, ач холбогдлоороо улс төрийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны 11 дүгээр сард Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын гол онцлог:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр, 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийгдсэнээрээ, мөн Монгол-Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагааны маш өргөн цар хүрээтэй асуудлаар харилцан ярилцсанаараа онцлогтой. Хамгийн гол нь 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэн, хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, Хамтарсан мэдэгдэл гаргасан. Мөн манай хоёр орон НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсноороо өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийлсэн нь харилцааны түвшнийг ахиулахад бодит хувь нэмэр орууллаа. Айлын тал ч манай ерөнхийлөгчийг дээд түвшинд хүндэтгэн хүлээн авсан нь энэхүү айлчлалын ач холбогдлыг өндөр өргөсөн, маш чухал айлчлал боллоо.

Өнгөрсөн хугацаанд БНСВУ аж үйлдвэржсэн орон болж ЗӨА төдийгүй тив дэлхийд өөрийн байр сууриа баттай эзэлсэн ололт амжилтыг өндөр үнэлж байгаагаа монголын төр, ард түмний өмнөөс мэдэгдээд, вьетнамын давуу тал нь харилцааг шинэ агуулга хэлбэртэй, харилцан ашигтай хөгжүүлэх шинэ боломж гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Энэ байр суурийг Вьетнамын төр, засаг, коммунист нам, ард түмэн баяртай хүлээн авч монголын ард түмэн бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалыг бататгаж чадлаа хэмээн айлчлалын үеэр болон дараа хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байлаа. Яриа хэлэлцээний байнгын, гол асуудал болох гадаад худалдааны талаар ахиц, дэвшил гарсан юм. Талууд эдийн засгийн давуу тал, чадавхыг бүрэн ашиглах замаар бизнесийн илүү таатай орчныг бүрдүүлэх, худалдааны бүтцийг тэлэх, оновчтой болгох, худалдаанд зуучлагч компанийг ажиллуулах, Монгол-Хятад-Вьетнамын экспорт, импортын ачаа тээврийн гурван талт хамтын ажиллагаа, шинэ нэр төрлийн, уул уурхайн түүхий эд, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлал, соёл, мэдээллийн зэрэг үйлчилгээг хөгжүүлэхийг чухалчилж, хөрөнгө оруулалт, худалдаа улс дамнасан ачаа тээврийн хөнгөлөлттэй, шуурхай, харилцан ашигтай, нэг нэгнийгээ нөхсөн шинэ харилцааг хамтран бий болгох асуудлаар санал нэгдэж, ажлаа эрчимжүүлэхээр болсон нь чухал алхам юм.

БНСВУ-ын ерөнхийлөгчийн манай улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлал нь өнгөрсөн онд манай улсын ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын хариу айлчлал, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хийгдэж байгаагаараа онцлогтой.

Өнгөрсөн онд манай улсын ерөнхийлөгчийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлалаар санал нэгдсэн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр төрийн тэргүүнүүд тодорхой шийдэлд хүрэх байх гэж судлаачийн хувьд хүлээж байна.


ШУА-ийн ОУСХ-ийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын
салбарын эрхлэгч, ЭШАА, доктор (Ph.D), дэд профессор Б.Цэнгэллхам




Бусад мэдээлэл