Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын хоёр хурал-2025

   БНХАУ-ын жил бүрийн “хоёр хурал” уламжлалт ёсоор энэ оны 3 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Хоёр хурал нь Хятадын улс төрийн хоёр том байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) болон Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөл (УТЗЗ)-ын зэрэгцсэн хурлуудын түгээмэл нэршил юм. 2025 он бол БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө (2021-2025)-ний сүүлийн жил. Энэ төлөвлөгөөний хугацаанд ДНБ-ий өсөлтийг зохистой хүрээнд барьж, өсөлтийн зорилтыг нөхцөл байдлыг харгалзан жил бүр тогтоох, хөдөлмөрийн нийт бүтээмжийг ДНБ-ээс хурдацтай өсгөх, үнийг тогтвортой байлгаж, хот суурин газрын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас доош барих зэрэг голлох зорилтууд тусгагдсан. Энэ цаг үеийн тус улсын Засгийн газрын голлох үйл ажиллагаа цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, орон нутгийн өрийн хямрал, гадаадын хөрөнгийн гадагшлах урсгал, залуучуудын ажилгүйдэл зэрэг томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна.

Цаг үеийн онцлог

   Өдгөө БНХАУ-ын өмнө АНУ-ын зүгээс тус улсад авч буй татварын арга хэмжээ зэрэг гадаад, хумигдаж буй эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэрэг дотоод сорилт нэмэгдсэн бөгөөд бусад цаг үеийн шинжтэй онцлох сорилтууд мөн тулгамдаж байна. Эдгээрийг товч дурдвал:

   Залуучуудын ажил эрхлэлтийн хамгийн хүнд үеийг даван туулж байна. 2022 онд Хятад улс даяар их сургууль, коллеж төгсөгчдийн тоо анх удаагаа 10 саяыг давсан бол 2024 онд 11.7 саяд хүрч, шинэ дээд амжилт тогтоосон байна. Тус улсын албан ёсны урьдчилсан мэдээллээр 2025 оны хавар 12.22 сая оюутан их сургууль, коллеж төгсөнө. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа бөгөөд шинэ ажлын байрны тоо төгсөгчдийн тоог гүйцэж чадахгүй байсаар байна. Ийнхүү их сургууль, коллеж төгсөгчид ажлын байр олоход улам хэцүү болсоор байна. Зарим судлаач төгсөгчдийн “ажил олоход бэрхшээлтэй” болж буй асуудлыг тэдний “чадвар гологдож байгаа”-тай холбон тайлбарлажээ. Хятад улс эдийн засгийн бүтцийн эрс өөрчлөлтийг хийж, доод түвшний үйлдвэрлэлээс өндөр технологи руу шилжиж байгаа бөгөөд ийм шилжилтийг хийхэд цаг хугацаа шаардагдана. Өнөөгийн залуучуудын дийлэнх нь үйлдвэрт орох хүсэлгүй байгаа ч эдийн засгийн өсөлт удааширч, хэт зохицуулалт хийх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж санхүү, үйлчилгээний байгууллагуудын “цагаан захтны ажлын байр” ажил хайгчдыг шингээх хэмжээнд хүрэхгүй байгааг хэллээ. Үүний үр дүнд уламжлалт үйлдвэрүүд хуванцар гутал, нэхмэл эдлэл хийх ажилчдыг авч чадахгүй, харин дээд боловсролтой залууст тохирох ажил олдохгүй байна.

   Хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрүүд уналтад орж, олон тооны ажлын байр үгүй болж байна. 2022 оны эхний хагаст Хятадад нийт 460 мянган компани дампуурч 3.1 сая орчим хувийн хэвшлийн үйлдвэр, худалдааны ААН бүртгэлээс хасагдсан байна. Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл, 2021 оны эцсийн байдлаар Хятадад “уян хатан хөдөлмөр эрхэлдэг” хүмүүсийн тоо 200 саяд хүрсэн. Энэхүү уян хатан хөдөлмөр эрхлэлт нь тогтвортой ажлын байр биш бөгөөд ажилгүй болох эрсдэл өндөр гэсэн үг. Энэ жилийн хоёр хурал болохоос сар хүрэхгүйн өмнө Ши Жиньпин Бээжинд болсон хувийн хэвшлийн асуудлаарх уулзалтад оролцож, тэднийг дэмжих шаардлагатай талаар мессеж өгсөн. Түүний ийнхүү хувийн хэвшлийн уулзалтад оролцсон нь сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд анх удаа болж буй үйл явдал юм. Тиймээс энэ үйлдлийг Хятадын эрх баригчид хувийн хэвшлийн амьдрах орчныг сайжруулахад бэлэн байгаагийн илрэл хэмээн үзэж байна.

   Хүн ам зүйн хямрал Хятадын томоохон сорилт болсон бөгөөд урт хугацааны, нөлөө ихтэй, ширүүхэн хямрал болохоор байна. Уг хямрал 2023 онд гэнэт гарч ирсэн. Тухайн үед Хятадын хүн амын өсөлт гэнэтийн уналтад өртөж, төрөлтийн тоо 9.02 сая (2022 оныхоос 540 мянгаар бага) болж, нас баралтын тоо 11.1 сая (2022 оныхоос 690 мянгаар илүү) болж нэмэгджээ. 2024 оны хүн амын тоо хараахан гараагүй байгаа ч нөхцөл байдал улам хүндэрнэ хэмээн судалгааны байгууллагууд таамаглаж байна. Хятадын олон гэр бүл “дөрөв, хоёр, нэг” гэсэн бүтэцтэй болсон, өөрөөр хэлбэл “өвөө эмээ 4, эцэг эх 2, хүүхэд 1”-д бүтцэд орсон. Тиймээс “ганц хүүхдийн бодлого”-ын нэгдүгээр үеийнхний хүүхдүүдэд эцэг эхээ асрахад асар их дарамт учирч байгаа аж. Хямралыг даван туулахын тулд тус улсын эрх баригчид тэтгэвэрт гарах хугацааг хойшлуулах бодлого боловсруулсан бөгөөд 2025 оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

   Хэрэглээ, үйлдвэрлэл буурч, дефляцийн дарамт хэвээр байна. Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл, энэ оны 2 дугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс (CPI, цаашид ХҮИ гэх) өмнөх оны мөн үеийнхээс 0.7%-иар буурсан нь өнгөрсөн оны 2-р сараас хойших жилийн анхны бууралт байсан бол үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI, цаашид ҮҮИ гэх) өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2%-иар буурсан байна. Хаврын баярын үеийн хэлбэлзлийг харгалзан үзсэн ч 2 дугаар сард Хятадын ХҮИ таамаглаж байснаас илүү буурсан нь дефляцийн дарамт үргэлжилсээр байгааг харуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн уналт гол хүчин зүйл болж байгаагаас гадна автомашины үйлдвэрлэлийн өрсөлдөөн “инволюци” (дотоод хувьсал) болон ширүүссэн нь түлшээр ажилладаг автомашины үнийг 5%, шинэ эрчим хүчний автомашины үнийг 6% буурахад хүргэж ХҮИ-т мөн нөлөөлжээ. ҮҮИ-ийн тухайд хэдийгээр уналт бага зэрэг буурсан ч эрэлт сул хэвээр байсаар байна.

Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөө

   3 дугаар сарын 5-ны лхагва гарагт БХАТИХ-ын хурал нээлтээ хийж, тус улсын Ерөнхий сайд Ли Цян Төрийн зөвлөлийг төлөөлөн өнгөрсөн оны Засгийн газрын ажлын тайланг танилцуулж, тус улсын энэ онд хэрэгжүүлэх эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг зарласан байна. Үүнд 2025 оны ДНБ-ий өсөлтийн зорилт болон Хятад улс эдийн засгийн зорилгодоо хэрхэн хүрэхээр төлөвлөж буйг тодорхойлжээ.



БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян

   Уг тайланд 2024 онд тус улсын эдийн засаг тогтвортой өссөнийг тэмдэглэсэн бөгөөд ДНБ-ий өсөлтийн зорилгодоо хүрч (жилийн дундаж өсөлт 5 хувь), инфляц, ажилгүйдлийн түвшин тогтвортой байсныг онцолсон.

   2024 оны Хятадын эдийн засаг

  • ДНБ: 134.9 их наяд юань (19 их наяд ам.доллар), +5%

  • Хот суурин дахь шинэ ажлын байр: 12.56 сая

  • Судалгаанд хамрагдсан хотын ажилгүйдлийн түвшин: 5.1%

  • Хэрэглээний үнийн индекс: +0.2%

  • Гадаад валютын нөөц: 3.2 их наяд ам.доллар

  • Нэг хүнд ногдох нэг удаагийн орлого: +5.1%

   Тайланд мөн үр тарианы ургацын дээд амжилт үзүүлсэн, өндөр технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг мэдэгдэхүйц өссөн, нэгдсэн хэлхээ, хиймэл оюун, квант технологийн томоохон шинэчлэл зэрэг үйлдвэрлэлийн хөгжилд гарсан ахиц дэвшлийг онцолжээ.

   2024 оны аж үйлдвэрийн өсөлт

  • Үр тарианы үйлдвэрлэл: 840 сая гаруй тонн

  • Цахилгаан автомашины үйлдвэрлэл: 13 сая гаруй ширхэг

  • Өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг: +8.9%

  • Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг: +7.7%

  • ДНБ-ний нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ: -3%

  • Дамжуулах программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний нэмүү өртөг: +10.9%

  • Лизинг болон бизнесийн үйлчилгээний нэмэгдэл өртөг: +10.4%

  • Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал: + 370 сая киловатт

   2025 оны өсөлт, хөгжлийн голлох зорилтууд

   2025 оны гол зорилт нь ДНБ-ий өсөлтийг 5 орчим хувьд барих явдал бөгөөд шинэ ажлын байр бий болгох, инфляц, үр тарианы үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээний зэрэг бусад олон тооны зорилтыг дэвшүүлсэн. ДНБ-ий 5 хувийн өсөлтийн зорилт нь урт хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөдөлмөр эрхлэлт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн сайн сайхан байдлыг дэмжих зорилготой. Үүний зэрэгцээ, судалгаанд хамрагдсан хотын ажилгүйдлийн түвшнийг ойролцоогоор 5.5 хувь гэж тогтоосон нь бүтцийн сорилтуудын дундах хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах хүчин чармайлтыг харуулж байна. Бодлого, шинэчлэлийн арга хэмжээнүүдийг ашиглан үнийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляцын түвшнийг 2 орчим хувьд хүргэх ажээ.

   2025 оны өсөлт, хөгжлийн голлох зорилтууд

  • ДНБ: 5% орчим

  • Судалгаанд хамрагдсан хотын ажилгүйдлийн түвшин: 5.5% орчим

  • Хот суурин дахь шинэ ажлын байр: 12 сая гаруй

  • ҮҮИ: 2% орчим

  • Үр тарианы үйлдвэрлэл: 840 сая тонн орчим

  • ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ: 3 орчим хувиар буурах

   2025 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогын чиглэл

   2025 он бол XIV таван жилийн төлөвлөгөөний сүүлийн жил болж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар XV таван жилийн төлөвлөгөөг эхлүүлэх бат бөх суурийг тавихыг зорьж байна. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох ажлыг түргэтгэж, өндөр чанартай өсөлтийг баримтлах замаар “тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшилд хүрэх” гэсэн хандлагыг онцолсон. Шинэчлэлийг гүнзгийрүүлэх, өндөр түвшний нээлтийг өргөжүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгохын зэрэгцээ хөгжил, аюулгүй байдлыг хослуулан удирдахыг эрмэлзэнэ. Дотоод эрэлтийг идэвхжүүлэх, технологи, үйлдвэрлэлийн инновацын интеграцчлалыг дэмжих, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах зэргээр голлох эрсдэл болон гадаад шокийг зохицуулах ажээ.

   Төсвийн илүү идэвхтэй бодлого: Засгийн газрын тайланд төсвийн алдагдлыг 4 орчим хувьд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд төсвийн алдагдлын цар хүрээг өргөтгөж, зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Үүнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар чөлөөлөлт болон бусад чухал төслүүдэд зориулагдах тусгай бонд болон орон нутгийн засгийн газрын өрийг гаргах зэрэг орно. Мөн зардлын бүтцийг оновчтой болгох, нийгмийн халамж, хэрэглээг сайжруулах арга хэмжээг эрэмбэлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах зэрэг ажлуудыг хийнэ. Төсвийн төвлөрсөн шилжүүлгийг бэхжүүлж, сахилга батыг чангатгаснаар Засгийн газар эдийн засаг, нийгмийн санаачилгад тууштай дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ үргүй зардлыг хязгаарлахыг зорьж байна.

   “Дунд зэргийн зөөлөн” мөнгөний бодлого: Мөнгөний бодлогыг хөрвөх чадварыг хадгалах, тоон болон бүтцийн тохируулга аль алиныг хийх, зохистой байхаар төлөвлөж байна. Нийгмийн санхүүжилтийн өсөлт, мөнгөний нийлүүлэлтийг эдийн засаг, үнийн тогтвортой байдлын зорилтод нийцүүлэхийн тулд заавал байлгах нөөцийн зохицуулалт, зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэрэгслийг ашиглах ажээ. Мөнгөний бүтцийн бодлогын шинэчлэл нь үл хөдлөх хөрөнгө, технологи, ногоон үйлдвэрлэл, хэрэглээ, жижиг, бичил аж ахуйн нэгж зэрэг гол салбаруудын эрүүл хөгжлийг дэмжинэ.

   Илүү уялдаа холбоотой бодлого хэрэгжүүлэх: Энэ нь төсөв, мөнгө, ажил эрхлэлт, аж үйлдвэр, бүс нутаг, худалдаа, байгаль орчин, зохицуулалтын стратегийг синхрончлох “бодлогын хослол”-ыг агуулж буй. Зорилго нь төрийн бүх шатны байгууллага, эдийн засгийн салбар хоорондын нягт уялдаа холбоотой бодлогын хэрэгжилтийг эхний шатнаас эцсийн үр дүнд хүрэх хүртэлх хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. Энэхүү нэгдсэн бодлогын хүчин чармайлтаар засгийн газар зах зээлийн эерэг хүлээлтийг бий болгож, эдийн засгийн хөгжлийн дараагийн үе шатны бат бэх суурийг тавихыг зорьж байна.

   Дээрх зорилтуудаас гадна 2025 онд хэрэгжүүлэх 10 үндсэн ажлыг тодорхойлсон. Эдгээр ажилд эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн зорилтод чиглэсэн хэрэглээг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ногоон хөгжил, шилжилтийг дэмжих зэрэг арга хэмжээг багтаасан байна.

   10 үндсэн ажил:

   1. Хэрэглээг нэмэгдүүлэх: Хэрэглээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, дотоодын эрэлтийг тэлэх тусгай арга хэмжээг хэрэгжүүлнэ.

   2. Аж үйлдвэрийг хөгжүүлэх, сайжруулах: Шинээр гарч ирж буй болон ирээдүйн үйлдвэрүүдийг хөгжүүлж, уламжлалт үйлдвэрүүдийн шинэчлэлийг дэмжиж, дижитал эдийн засгийн инновацын эрч хүчийг идэвхжүүлнэ.

   3. Шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх: Чанартай боловсролын тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, ШУ, технологийн өндөр түвшний бие даасан байдлыг ахиулж, авьяас чадварыг цогцоор нэмэгдүүлнэ.

   4. Чухал шинэчлэлийн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих: ААН-үүдийн эрч хүчийг үр дүнтэй идэвхжүүлж, үндэсний нэгдмэл зах зээлийн бүтээн байгуулалт, төсөв, татвар, санхүүгийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.

   5. Өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх: Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, “Бүс ба зам” санаачилга, олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

   6. Голлох чиглэлүүдээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах, орон нутгийн Засгийн газрын өрийн эрсдэлийг шийдвэрлэх, санхүүгийн салбарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлнэ.

   7. Хөдөөгийн сэргэлтийг дэмжих: Үр тариа зэрэг ХАА-н чухал бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хангаж, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгаж, өргөжүүлэн хөгжүүлж, хөдөөгийн шинэчлэл, хөгжлийг ахиулна.

   8. Шинэ хотжилт, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг дэмжих: Хотжилтын шинэ стратегийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, бүс нутгийн стратегийн хэрэгжилтийг нэмэгдүүлнэ.

   9. Нүүрстөрөгчийн хийг бууруулах, бохирдлыг хянах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх: Бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих, экологийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ногоон болон нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, нүүрсхүчлийн хийг саармагжуулах ажлыг идэвхтэй, тогтвортой дэмжинэ.

   10. Нийгмийн засаглалын үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааг сайжруулах: Хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулж, өргөжүүлж, эрүүл мэндийн суурь үйлчилгээг бэхжүүлж, нийгмийн хамгаалал, үйлчилгээний бодлогыг боловсронгуй болгож, оюуны соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангана.

Ши Жиньпиний “илгээлт”

   Энэ жилийн хоёр хурал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадыг технологийн супер гүрэн болгохыг чухалчилж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Хятад улсыг хиймэл оюун ухаан, биотехнологи, шинэ зэвсэг зэрэг дэвшилтэт технологид үргэлжлүүлэн ахиц гаргахыг уриаллаа. Тэр бээр “Хятад улс бие даах чадвараа дээшлүүлж, шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч болж байж л эдийн засгаа амжилттай хөгжүүлж, цэргийн хүчин чадлаа дээшлүүлж, дэлхийд тэргүүлж чадна” хэмээн үзэж байна. Түүнчлэн хувийн бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээх зэрэг бусад хүчин чармайлтыг үндэсний томоохон зорилтуудтай уялдуулах ёстой гэсэн санаа илэрхийлэв.

   Хурлын эхний өдөр Ши Жиньпин аж үйлдвэрийн томоохон төв болох Жянсу мужийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, шинжлэх ухаан, технологийн инновацыг ойлгохын чухлыг захив. Дараагийн өдөр нь тэр бээр эрдэмтэд болон боловсролын албаны хүмүүсийн илтгэлийг сонсов. Хятад улсыг “шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн” болгоход боловсролын үүрэг чухал гэдгийг онцолжээ. Хурлын гурав дахь өдөр Ши Жиньпин ёслолын хувцас өмсөж, Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчидтэй уулзав. “Байлдааны чадавхын шинэ чанартай хөгжлийг түргэтгэх”-ийн тулд Хятадын армийн шинэчлэлийн төлөвлөгөөгөө илүү үр ашигтай хэрэгжүүлэх, авлигыг устгах, дэвшилтэт технологийг илүү уян хатан ашиглахыг уриалав.


Ши Жиньпин хоёр хурлын үеэр ХАЧА-ийн төлөөлөгчидтэй уулзалт хийв.


   Ши Жиньпиний тэргүүлэх чиглэлүүд Хятадын энэ жилийн төсөвт тусгагдсан бөгөөд шинжлэх ухаан, технологийн салбарын засгийн газрын зардал 8.3, боловсролын зардал 6.1, цэргийн зардал 7.2 хувиар тус тус өсөх бол эрүүл мэнд, нийгмийн халамжийн зардал бага хэмжээгээр буюу 5 орчим хувиар өснө. Тус улсын энэ оны шинжлэх ухаан, технологийн төсөв 172 тэрбум ам.доллар болж, дэлхийн хэмжээнд АНУ-ын дараа 2-рт эрэмбэлэгдэж байна.

Гадаад харилцааны сайдын хэвлэлийн хурал

   Өнгөрсөн жил Хятад улс хоёр хурлын үеэр Ерөнхий сайдын хийдэг хэвлэлийн бага хурлын 30 жилийн уламжлалаа гэнэт цуцалсны дараагаас Гадаад харилцааны сайдын хэвлэлийн бага хурал олны анхаарлыг татах болжээ. Тус улсын Гадаад харилцааны сайд Ван И 3 дугаар сарын 7-нд хэвлэлийн бага хурал хийж АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, Орос-Украины дайн, Тайваний зэрэг асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.



БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн хэвлэлийн бага хурал


   Ван И АНУ-ыг Хятадын хөгжлийг “дарангуйлж байна” гэж удаа дараа буруутгаж байсан бөгөөд АНУ болон бусад орны хориг арга хэмжээг үл ажран тус улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй хэвээр байгааг онцлов. Тэрээр технологийн шинэтгэлийн талаар ярихдаа: “Хаана гацалт байна тэнд амжилт ирдэг; Хаана дарамт байна тэнд инновац бий болдог; Шуурга хамгийн ширүүн байгаа газар бол “луугийн адил тэнгэрт дүүлэн нисэх” тайз юм” хэмээн хэлснийг Хятадын олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтан нэвтрүүлэв. Тэр бээр АНУ-ын Хятадыг дарангуйлсны үр дүн нь “Хятад улсын эрс шийдэмгий хариу арга хэмжээ байх болно” гэдгийг онцолсон байна.

   Хятад, Оросын харилцааны тухайд, Хятад, Оросын харилцаа бол дэлхийг тогтворжуулах хүч юм. Хятадын Засгийн газар “Украины хямрал”-ыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хятадын талын байр суурийг “олон улсын орчин хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, Хятад, Оросын найрамдлын түүхэн логик өөрчлөгдөхгүй, дотоод урам зориг нь тасрахгүй хэвээр байх болно” хэмээн тодотгов. Тайваний тухай асуултад, Тайвань хэзээ ч тусгаар улс байгаагүй гэдгийг дахин онцлоод “НҮБ дахь Тайванийн бүс нутгийн цорын ганц нэр нь “Хятадын Тайвань муж” гэдгийг сануулав. Сүүлийн үед Хятад, Европын эдийн засаг худалдааны харилцаа хурцадсан, ялангуяа шинэ эрчим хүчний автомашины салбарт Ван И харилцан хүндэтгэх саналыг дахин нотолсон байна. Тэр бээр “Хятад улс Европт итгэлтэй хэвээр байгаа бөгөөд Европ Хятадын итгэлт түнш болж чадна гэдэгт итгэж буй”-гаа илэрхийлэв.

   Ван И мөн “Хэрэв улс орон бүр үндэснийхээ тэргүүлэх ач холбогдлыг онцолж, хүч чадал, байр сууриндаа эрдвэл дэлхий ширэнгийн хууль руу ухарч, жижиг, сул дорой улс орнууд хүнд дарамтыг үүрч, олон улсын дэг журамд ноцтой нөлөөлнө” хэмээн анхааруулжээ.

Мэргэжилтний зөвлөмж

   Жиндун группын ахлах эдийн засагч Шэн Жэнгуаны зөвлөмж анхаарал татаж байна. 2025 он бол Хятад улсын хувьд XIV таван жилийн төлөвлөгөөний зорилтоо биелүүлж, 2035 он хүртэлх урт хугацааны зорилтод чиглэх чухал жил. Түүний үзэж буйгаар бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг оновчтой болгох замаар өсөлтийн боломжуудыг хэрхэн нээж, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх вэ гэдэг нь өнөөгийн илүү тулгамдсан асуудал ажээ. Нэг талаас эдийн засгийн өсөлтийг дунд болон өндөр хурдтай байлгах нь Хятад улс 2035 он гэхэд эдийн засгийн өсөлтөө 2 дахин нэмэгдүүлэх стратегийн зорилтоо биелүүлэх бодит шаардлага юм. Нөгөө талаас, дефляцийн эрсдэлийг бууруулахын тулд эдийн засгийн илүү хүчтэй өсөлтийг бий болгох шаардлагатай гэсэн үг.

   Эдийн засгийн өсөлтийн зорилтод хүрэхийн тулд төсвийн бодлого хүчтэй хэвээр байх ёстой. Улсын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 4 хувьд хүрч, өнгөрсөн оны түвшнээс давж магадгүй байгаа нь төсвийн идэвхтэй бодлогын бодит илрэл юм.

   Засгийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийг шинэчлэхийг дэмжих зорилгоор дахин 1.3 их наяд юанийн (178 тэрбум ам.доллар) хэт урт хугацаатай засгийн газрын тусгай бонд гаргаж байна. Түүнчлэн үндэсний хэмжээний стратегийн хэрэгжилтийн томоохон төслүүд болон гол чиглэлүүдийн аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төслүүд; Банкнуудыг дахин хөрөнгөжүүлэх зорилгоор 500 тэрбум юанийн (68 тэрбум ам. доллар) Засгийн газрын тусгай бонд гаргах; Орон нутгийн санхүүжилтийн платформын өрийг нөхөхөд дэмжлэг үзүүлэх, үл хөдлөх хөрөнгийн нөөцийг бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 4.4 их наяд юанийн (603 тэрбум ам.доллар) орон нутгийн засгийн газрын тусгай бонд гаргана.

Эдгээр нэгдсэн үзүүлэлтээс гадна холбогдох газрууд бодлого хэрэгжүүлэх явцад дараах таван чиглэлээр сайжруулалт хийвэл эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүү тустай байх болно.

   Зөвлөмж 1: Бодлогын зорилтын удирдамжийг эрт гаргах

   Зөвлөмж 2: ХҮИ-ийн зорилтыг чиглүүлэх зорилтоос заавал биелүүлэх зорилт болгон өөрчлөх

   Зөвлөмж 3: Төсвийн зардлыг хэрэглээ болон иргэдийн орлого руу чиглүүлэх

   Зөвлөмж 4: Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан бодлого барих, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх

   Зөвлөмж 5: Иргэдийн хөрөнгийн орлогыг нэмэгдүүлэх

   Цар тахлын дараа иргэдийн хэрэглээ сул байгаагийн гол шалтгаан нь орлогын өсөлт удааширсантай холбоотой, цалингийн, бизнесийн, шилжүүлгийн, үл хөдлөх хөрөнгийн зэрэг иргэдийн хөрөнгийн цэвэр орлого 2019 оны 10.1%-иас 2024 онд 2.2% болж буурсан. Хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх гол түлхүүр нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх явдал бөгөөд үл хөдлөх хөрөнгөөс олох орлогыг нэмэгдүүлэх асар их боломж байгаа. Хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах сангуудаар, орон сууцны зах зээлийг нөөц хөрөнгөөр өсгөх нь иргэдийн хөрөнгийн болон орон сууцны зах зээлийн хэрэглээнд үзүүлэх эерэг нөлөөг нэмэгдүүлэх юм.

Дүгнэлт

   Өнгөрсөн онд Хятад улсын эдийн засаг өсөлтийн зорилтоо биелүүлж чадсан нь гадаад эрэлт хүчтэй байж, үйлдвэрлэлд нөлөөлсөнд байсан бол хувийн хэвшил болон өрхийн итгэл сул байсан нь дотоод эрэлтийг бууруулжээ. Энэ онд “худалдааг хамгаалах бодлого” нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын гадаад эрэлтийн нөхцөл байдал муудах төлөвтэй байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл, хиймэл оюун зэрэг өндөр технологийн салбарууд нь дотооддоо тэргүүлж, дэлхийн хэмжээнд дасан зохицож байгаа бол уламжлалт салбарууд (ган, барилга зэрэг) нь төсвийн дэмжлэгт тулгуурлах аж.

   2025 оны тус улсын ДНБ-ий өсөлтийн зорилт 2024 онтой адил 5 хувь орчим хэвээр байх бөгөөд өндөр чанартай хөгжил, инновацыг илүү чухалчиллаа. Төсвийн алдагдлын харьцааг ДНБ-ий 4 хувь байхаар тогтоож, орон нутгийн засаг захиргаа, дэд бүтцийн төслүүдийг дэмжих төрийн сангийн тусгай бонд зэрэг нэмэлт урамшууллын арга хэмжээ авна. Түүнчлэн ногоон технологи, хөдөөгийн сэргэлт зэрэг Хятадын тогтвортой хөгжил, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зэрэг урт хугацааны зорилтуудтай холбогдох ажлуудыг урагшлуулна.

   2025 онд Хятадын Засгийн газрын гол анхаарал иргэдийн хэрэглээний зардлыг өсгөхөд чиглэх бөгөөд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн итгэлийг сэргээх арга хэмжээнүүд авч, урт хугацааны төсвийн зардлын нөөц бололцоогоо нээх магадлалтай юм. Товчхондоо, энэ удаагийн “хоёр хурал” эдийн засгийн тогтвортой байдал, технологид тулгуурласан сэргэлтийг онцолсны зэрэгцээ дотоод уян хатан байдал буюу хэрэглээ, урамшуулал, хувийн хэвшлийн дэмжлэг рүү чиглэх хүлээлт үүсгэж байна.


Ашигласан материал:

  1. 国务院总理李强作的2025年政府工作报告
  2. 中国“两会”前瞻:人口、就业、三年连续5%与“中国制造2035”?,https://www.bbc.com/zhongwen/articles/c5y008804gko/simp
  3. 庄志伟、中国“两会”闭幕之际 新数据预示今年经济任务更为艰巨,https://www.voachinese.com/a/china-s-cppcc-closes-annual-session-20250310/8005490.html
  4. Qian Zhou, Arendse Huld, Giulia Interesse, China’s Two Sessions 2025: Key Takeaways from the Government Work Report, https://www.china-briefing.com/news/chinas-two-sessions-2025-takeaways-government-work-report/
  5. 储百亮、经济放缓?贸易战?习近平眼中只有“科技强国”,https://cn.nytimes.com/china/20250311/china-xi-trump/?utm_source=tw-nytimeschinese&utm_medium=social&utm_campaign=cur
  6. 中国两会2025:外长王毅在记者会上说了什么,https://www.bbc.com/zhongwen/articles/cwyne0ngppro/simp
  7. 沈建光、展望2025:“两会”的五点政策建议,https://www.yicai.com/news/102491719.html


                                                                        Бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (PhD) М.Эрдэнэбаяр


Бусад мэдээлэл