Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Буддын ертөнц шинэ мянганд” Бурханы шашны олон улсын III форумд оролцов
“Буддын ертөнц шинэ мянганд” Бурханы шашны олон улсын III форумд оролцов

   ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Элиста хотноо “Буддын ертөнц шинэ мянганд” олон улсын III форум 2025 оны 9 дүгээр сарын 25-28-нд зохион байгуулагдав. Уг форумд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Шри-Ланка, Бангладеш, Непал, Камбож, Мьянмар, БНСУ, Беларусь, Серби, Казахстан, Киргизстан, Тажикстан, Бразил, Бутан, Испани зэрэг 20 гаруй орны сүм хийдийн тэргүүн, лам хувраг, шашны зүтгэлтнүүд, шашны чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид зэрэг 7000 гаруй хүн оролцож, Буддын гүн ухаан, энх тайвны талаарх буддын шашны үзэл санаа, бүс нутаг дахь бурхны шашны хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн болно.

   Энэхүү форумд Монголын талаас эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, шашин сүм хийдийн 20 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Орос судлалын салбарын эрхлэгч, доктор Н.Наранжаргал нар оролцож "Взаимодействие калмыков с монголией по вопросам религии: Историческая традиция и особенности" ("Халимагууд шашны асуудлаар Монголтой харилцаж байсан нь: түүхэн уламжлал ба онцлог") сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

   Тус форум жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний 2 форум нь ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Улаан-Үд хотод болсон бол IV форумыг ирэх жилийн 8 дугаар сард ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызил хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

   Форумын үеэр гадаад, дотоодын 5 байгууллага Халимагийн Улсын Их сургууль хооронд “Хамтран ажиллах тухай санамж” бичиг байгуулснаас ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй байгуулсан баримт бичигт захирал, доктор Д.Золбоо, Халимагийн Улсын Их сургуулийн захирал, доктор Б.К.Салаев нар гарын үсэг зурав.



Мэдээг бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын эрхлэгч, доктор Н.Наранжаргал



Бусад мэдээлэл
Ном хандивлав
1 сарын өмнө