Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлалын үр дүн болон хоёр орны харилцааны талаар Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо Казахстан Улсын “INBUSINESS” агентлагийн сэтгүүлчтэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.
Inbusiness: Хоёр орны харилцаа улс төрийн ойр байдлаас стратегийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлэх шатанд шилжиж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлал баталлаа.
Касым-Жомарт Токаев болон У.Хүрэлсүх нарын хэлэлцээний дүнд талууд бараа эргэлтийг 500 сая.долларт хүргэх, шууд холбогдох автозам зэрэг тээврийн шинэ коридор байгуулах, агаарын харилцааг өргөжүүлэх (Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий), газар тариалан, уул уурхай болон цахимжилтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн гол чиглэлүүдийг тодорхойлсон юм.
Түүнчлэн хүмүүнлэгийн харилцаанд онцгойлон ач холбогдол өгсөн бөгөөд Казахстан улс Монгол Улсын иргэдэд олгох боловсролын тэтгэлгийн тоог нэмэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний дээр Улаанбаатар хотноо Казахстаны их сургуулийн салбарыг нээх боломжийг судлах, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр илүүтэй анхаарахаар боллоо.
Үүний зэрэгцээ хоёр орныг “нүүдлийн соёл иргэншлийн өв” бүхий нийтлэг түүх нэгтгэдэг, харин энэхүү айлчлалын үеэр хийсэн тохиролцоо нь цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны суурь болно гэж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев цохон тэмдэглэсэн юм.
Эдгээр төлөвлөгөө хэр бодитой хэрэгжих боломжтой талаар олон улсын харилцаа, Евроазийн бодлогын салбар дахь Монголын тэргүүлэгч шинжээчдийн нэг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Дашнямын Золбоотой ярилцлаа.
– Айлчлалын үеэр талууд стратегийн түншлэлд шилжиж байгаагаа нотлон, эдийн засгийн болоод дэд бүтцийн төслүүдийг тодорхойллоо. Та Казахстан-Монголын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
- 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосноосоо хойш манай хоёр орон үнэхээр баялаг зам туулсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Энд хэлэхэд, Монгол Улс Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны таван орны нэг, бид ч үүгээрээ бахархдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагаа хоёр талт түвшинд төдийгүй олон улсын байгууллагын түвшинд тогтвортой бүрэлдэн тогтлоо. Түүхэн талаас нь үзвэл, манай хоёр орныг ах дүү орнууд гэж нэрлэдэг судлаачидтай би санал нийлнэ. Учир нь Чингис хааны үеэс улбаатай нийтлэг түүх биднийг нэгтгэдэг.
Сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбаруудад харилцаа шат дараатай хөгжиж байна. Дээд түвшний айлчлал тогтмол болж, үүгээр чухал хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурж байгаа нь эрхзүйн бат бэх суурийг бүрдүүлэх боломж олгож байгаа юм.
2024 он бол чухал он байлаа. Ерөнхийлөгч Токаев Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Энэ шийдвэр нь хуримтлагдсан туршлагын зүй ёсны үр дүн төдийгүй цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж өгсөн юм.
Энэ үүднээс авч үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөгийн айлчлал ч онцгой ач холбогдолтой. Айлчлалын дүнгээр нэн тэргүүнд худалдаа, эдийн засаг тэргүүтэй олон салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх тодорхой тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна.
– Хэлэлцээний гол сэдвийн нэг нь автозам барих зэрэг тээврийн чиглэлийг хөгжүүлэх тухай байлаа. Энэ асуудал хоёр талын харилцаанд хэр чухал вэ?
– Энэ бол үнэхээр зарчмын чухал асуудлын нэг. Өнөөгийн нөхцөлд тээврийн харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс болж байна. Казахстан болон Монгол Улсын хооронд автозамын шууд харилцаа бий болгох санаачилга, Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий чиглэлийн нислэгтэй болох зэргээр агаарын харилцааг хөгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой. Эдгээр нь худалдааны өсөлтийг дэмжихийн зэрэгцээ манай хоёр орон төдийгүй илүү өргөн цар хүрээг хамрах тээврийн шинэ чиглэлийг бий болгох юм. Ийм төслийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ, БНХАУ гэсэн хөрш орнууд оролцох шаардлагатай гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Гагцхүү цогц бөгөөд хүртээмжтэй хандаж байж тогтвортой, бодит үр дүнд хүрч чадна.
– Казахстан болон Монгол Улс нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой түүхэн болон соёл иргэншлийн нийтлэг үндэстэй. Таны бодлоор энэ хүчин зүйл нь орчин үеийн дипломат харилцаа болон улс хоорондын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
– Энэ хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийтлэг түүх, соёл болон соёл иргэншлийн өв нь манай хоёр орны хооронд ихээхэн итгэлцлийг бий болгодог. Уламжлалт зан заншил, нүүдэлчин соёл, ертөнцийг үзэх үзлээрээ хоёр ард түмэн ойр гэдгээрээ бидний харилцааг ах дүүгийн харилцаа гэж нэрлэж болно. Энэ бол бэлгэдэл төдий биш харин хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит нөөц юм. Ийм ойр дөт байдал нь улс төрийн яриа хэлэлцээ хийхэд дөхөм болгож, хялбархан ойлголцоход дэм болдгийн дээр хамтарсан санаачилгыг хэрэгжүүлэх тааламжтай орчныг бүрдүүлдэг юм.
– Казахстан болон Монгол Улс боловсролын төсөл, иргэд хоорондын харилцаагаар дамжуулан хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байгаа. Та энэ талын хамтын ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
– Сүүлийн үеийн мэдээллээр, Монгол Улсад 120 мянган казах угсаатан амьдардаг. Энэ нь манай орны хүн амын ойролцоогоор 3,9 хувийг эзэлж байгаа юм. Казах угсаатны диаспор нь хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх чухал гүүр гэж хоёр тал хардаг. Казахстаны төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийх бүртээ казах диаспорын уугуул хэл, соёл, өв уламжлалыг хадгалах асуудалд нээлттэй бодлого явуулж ирсэнд манай улсын төр засгийн удирдлагуудад талархал илэрхийлсээр ирсэн. Монголын тал ч гэсэн ардчилсан улсын хувьд цөөнх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулдаг.
Монголоос нүүж очсон олон мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж буй салбарууддаа манлайлж, энэ нь хоёр улсын харилцаанд ардын дипломат ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж буй маш олон жишээг дурдаж болно. Энэ мэтчилэн хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хүний хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
– Хэлэлцээний үеэр шинжлэх ухаан, боловсрол, цахим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө. Чухам ямар чиглэл илүү ирээдүйтэй гэж та үзэж байна вэ?
- Чухал асуулт хөндсөнд баярлалаа. Шинжлэх ухааны байгууллагын төлөөллийн хувьд хоёр улс шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгааг баттай хэлж чадна. Мэдээж хэрэг хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага байгаа. Гэхдээ дэлхий дахины харилцан хамаарал ихээхэн нэмэгдсэн энэ цаг үед хоёр улс эрдэмтдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх шийдэл боловсруулах, туршлага солилцож шинэ бүтээл гаргах чиглэлээр ажиллах ёстой.
Казахстанд харьцангуй хямд өртгөөр барууны боловсролыг эзэмших боломжтой болсноор Монгол оюутнуудын хувьд ч гэсэн Казахстаныг сонирхох сэдлийг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Боломжтой бол Казахстаны Засгийн газраас олгодог тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэх, Казахстанд салбараа нээсэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг тэтгэлэг олгох жагсаалтад оруулах талаар холбогдох албаныхан хэлэлцэнэ гэж найдаж байна.
– Ерөнхийлөгч Токаевын ярьсан Транс-Алтайн яриа хэлэлцээ зэрэг бүс нутгийн санаачилгын үүргийн талаар та ямар бодолтой байна?
- Касым-Жомарт Токаев мэргэжлийн дипломатч хүний хувьд тэнцвэртэй гадаад бодлого баримталж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь Казахстаны үүрэг оролцоог шат дараатайгаар хүчирхэгжүүлж байгааг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч тэр улс орнуудыг нэгтгэх, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгоход чиглэгдсэн санаачилга дэвшүүлж байна.
Сүүлийн жилүүдэд бүс нутгийн платформын ач холбогдол мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Энэ нь санаачилгуудыг үр дүнтэй нэгтгэн, хэрэгжүүлэх боломж олгодог. Миний бодлоор, ийм явцыг бэхжүүлэхийн тулд урт хугацааны түншлэлийн бодит суурийг бий болгох хамтарсан томоохон төслүүдийг эхлүүлэх нь чухал. Үүний зэрэгцээ, Транс-Алтайн яриа хэлэлцээ зэрэг санаачилгад гол хөрш орнууд болох ОХУ, БНХАУ оролцох хэрэгтэй. Ингэсэн цагт өргөн цар хүрээтэй, тогтвортой үр дүнд хүрч чадна.
– Геополитикийн орчин өөрчлөгдөж буй энэ үед Казахстан нь Монгол Улсын хувьд Төв Азийн түншийн хувьд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
- Сүүлийн жилүүдэд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаагаа идэвхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Энэ нь Монгол Улс Төв Азийн орнуудтай бодит хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэл байгаагийн илэрхийлэл юм.
Түүний дотор бүс нутгийн дунд гүрэн болон төлөвшиж байгаа Казахстан улс нь манай улсын Төв Ази дахь цорын ганц стратегийн түнш билээ. Энэ ч утгаар Төв Азитай харилцах харилцаанд Казахстан бидэнд хамгийн чухал түнш орон. Иймд Төв Азийн орнуудтай улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Монгол Улсын аливаа санал санаачилгыг дэмжих тал дээр Казахстан улс тэргүүлэгч үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байгаа.