Япон улсын Гадаад хэргийн яамнаас жил тутам эрхлэн гаргадаг “Дипломатын Хөх ном”-ын 2020 оны дугаарыг Япон улсын Элчин сайдын яамнаас тус хүрээлэнгийн номын санд хүлээлгэн өглөө. Дашрамд дурдахад, Японы “Дипломатын Хөх ном”-ыг тус улсын Гадаад хэргийн яамны вэб хуудаснаа цахим хэлбэрээр япон, англи хэлээр нээлттэй байршуулсан байдаг ба хэн бүхэн чөлөөтэй танилцаж, ашиглах боломжтой юм.
2020 оны уг дугаарт Монгол-Японы харилцааны тухайн жилийн өрнөлийг хэрхэн тэмдэглэснийг орчуулан хүргэвээс,
А. Монгол Улсын дотоод хэрэг
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар, 2017 оны 11 дүгээр сард эрх баригч Монгол Ардын Намын даргаар сонгогдсон бөгөөд 2019 онд хоёр дахь жилдээ тогтвортойгоор засгийн газраа удирдан ажиллаж байна. Тэрээр Олон улсын валютын сан (IMF)-тай тохиролцсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (EFF)-ийг тогтвортой хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ба 2019 онд нэрлэсэн ДНБ-ний өсөлт 5,1 хувьд хүрсэн нь Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой сайжирч буйг харуулж байна.
Б. Япон-Монголын харилцаа
Монгол Улс нь Япон улстай нийтлэг үнэт зүйлс бүхий бүс нутгийн чухал түнш улс бөгөөд цаашид ч “Стратегийн түншлэл”-ийн найрамдалт харилцаагаа харилцан ашигтайгаар улам бэхжүүлэн бататгасаар байх болно.
2019 оны 6 дугаар сард Гадаад хэргийн сайд Коно Монгол Улсад айлчилсан нь 9 жилийн дараах Гадаад хэргийн сайдын айлчлал боллоо. Гадаад хэргийн сайд Коно Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хийсэн албан ёсны уулзалтаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав. Гадаад хэргийн сайд Коно 8 дугаар сард Тайланд улсад болсон АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзалт хийв.
9 дүгээр сард Ерөнхий сайд Абэ Дорнын Эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дээд хэмжээний уулзалт 3 дахь жилдээ хийлээ.
10 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, Японы Цог Жавхлант Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд оролцож, Ерөнхий сайд Абэтэй дээд хэмжээний уулзалт хийв.
12 дугаар сард Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Гадаад харилцааны яамны сайд нарын түвшний урилгын хөтөлбөрөөр Япон улсад айлчилж, Гадаад хэргийн сайд Мотегитай уулзалт хийв.
Нэмж дурдахад, Монгол, Японы Гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын байгууллагуудын тавдугаар зөвлөлдөх уулзалт 4 дүгээр сард Токио хотноо болов.
Эдгээр харилцан айлчлал, идэвхтэй солилцоогоор Япон, Монгол Улс “Стратегийн түншлэл”-ээ хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа нотоллоо. Түүнчлэн, 7 дугаар сард Японы Бизнесийн холбоо болон Монголын Олон нийтийн корпораци хамтран байгуулсан “Шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал” ХХК Монголын Үндэсний Хөгжлийн газартай 15 жилийн хугацаатай нисэх онгоцны буудлын концессийн гэрээ байгуулж, олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг саадгүй нээхэд хамтран ажиллахаа мэдэгдэв.
Япон улс Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2025)-ийн дагуу хоёр талын харилцааг тогтвортой үргэлжлүүлэн бэхжүүлж, Япон, Монголын “Стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах болно хэмээн дурджээ.
Мэдээ бэлтгэсэн: Эрдэм шинжилгээний ажилтан А.Сосорбурам