Нийтлэлчийн тухай: Эдийн засагч, Хятадын сэдвээр тойм бичдэг Антонио Грасеффо Азид 20 гаруй жил амьдарсан. Үүнээс Хятадад долоо, Тайваньд гурав, Монголд дөрвөн жилийг өнгөрүүлжээ. Шанхайн Эдийн засгийн сургуульд олон улсын худалдааны чиглэлээр докторын дараах судалгаа хийсэн, доктор зэрэгтэй.
“Монгол Улс хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний тал дээр хоёр хөршөөсөө хамаардаг… Гэхдээ Монгол Улс бол парламентын ардчилалтай улс, манай ард түмний менталитет болон нийгэм тэдгээр орнуудаас эрс ялгаатай… Монгол Улс далайд гарцгүй ч бидний оюун санаа хязгаарлагдаагүй” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард Вашингтонд айлчлах үеэрээ мэдэгдэж байлаа.
Түүнчлэн, Монгол Улс эдийн засгийн хувьд Орос, Хятадаас хамааралтай хэдий ч дипломат болон улс төрийн хараат бус байдлаа, тэр дундаа Украинтай харилцаагаа хадгалах асуудал дээр хараат бус байдлаа хадгалсаар байгааг тэр бээр тайлбарласан юм.
Наймдугаар сард АНУ-ын Төрийн департамент Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг хориг арга хэмжээний ээлжит багцыг авч хэрэгжүүлэхээр болж, зорилтот байгууллагуудын жагсаалтад Оросын дахин 400 гаруй компанийг нэмсэн. Ес болон 10 дугаар сард АНУ болон ЕХ хориг арга хэмжээгээ өргөжүүлж, шинэ компани, хувь хүмүүсийг хоригт багтаасан юм.
Хэдийгээр Монгол Улс сөргөлдөөнд аль ч талыг баримтлахгүй байгаа ч гэсэн Оростой эдийн засгийн гүн гүнзгий харилцаатайн улмаас аливаа хориг арга хэмжээний дам үр дагаврын улмаас эдийн засагт нь багагүй хүндрэл үүсэж байна.
Оросын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээний улмаас Монголын агаарын компаниудын орлого ихээхэн буурсан юм. Учир нь Европ-Ази чиглэлийн нислэгүүд өмнө нь Орос, Монголын агаарын орон зайгаар дамжиж, Монгол Улс навигацийн төлбөрөөс ихээхэн орлого олдог байлаа. Харин Европын холбооны хориг арга хэмжээний хариуд Оросын агаарын орон зайд хязгаарлалт тавьсны дараа Европын олон агаарын тээврийн компани Хойд туйл эсвэл Дундад Ази, Туркээр дамжин өнгөрөхөөс аргагүй болсон юм.
Үүний зэрэгцээ, Орос улс Монголын газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг хангадаг бөгөөд Орост энэхүү экспорт нь нэн чухал байдаг. Харин Оросын эрчим хүчний компани болон банкнуудын эсрэг хориг тавьсан нь Монголын хувьд төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон юм. Түүнчлэн, дайнтай холбоотойгоор Орост үүссэн хомсдол дизель түлш, ургамлын тос, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэвийн байдлыг алдагдуулснаар монголчууд өдөр тутамдаа хэрэглэдэг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнд ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно.
Далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг Монгол Улс Европыг чиглэсэн гарцын тал дээр Оросоос, харин Азитай худалдаа хийх тал дээр Хятадаас хамааралтай байдаг юм. Нүүрс, зэс, алтны экспортоос ихээхэн хамааралтай Монгол Улс Хятадаас илүүтэй хамааралтай байдаг бол Хятадын хойд нутгууд, Ази-Номхон далайн бүс нутаг руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохдоо Оросын тээвэрлэлтээс дэмжлэг авдаг.
Энэ бүхэн нь хориг арга хэмжээтэй холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг илүү төвөгтэй болгож байна. Хориг арга хэмжээний улмаас зардал нэмэгдэж, худалдааны нийлүүлэлтийн хугацааг ихэсгэсэн бөгөөд учир нь Европын холбооноос Оросоос дамжин бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломжгүй болсон юм.
Монгол Улс Украинд сөргөлдөөн үүссэний хариуцлагыг хүлээхгүй хэдий ч хориг арга хэмжээнүүд ихээхэн нөлөөлж байгаа тул Монгол “давхар хориг”-ийн нөхцөлд байгаа гэж Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ онцолсон.
Авторитар Хятад, Орос хоёроос ялгаатай нь Монголын төрийн тэргүүнүүдийг ардчилсан замаар сонгож, тэд сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэг юм. Орос, Хятадад ховорт тооцогдох эсэргүүцлийн жагсаал Монголын улс төрчдийн хувьд байнгын сорилт бөгөөд ялангуяа амьдралын түвшин буурах зэрэг эдийн засгийн асуудлаар энд эсэргүүцэл гарах нь олонтоо. Ойролцоогоор 400 ам.доллартой тэнцэх дундаж цалинтай энэ улсын хувьд Оросоос экспортолж буй түлш болон бусад бүтээгдэхүүний үнэ багахан нэмэгдэхэд л монгол өрхөд ихээхэн нөлөөлдөг юм.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цар тахал болон Украин дахь дайны улмаас энэ улсын инфляц ихээхэн өссөн. Түлшний үнэ 68 хувь харин хүнсний бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өсжээ. Саяхан түлшний үнийг 30 хувиар нэмсэн нь ядуу нөхцөлд амьдардаг хүн амын 27 хувьд цохилт болох юм.
Монгол Улс Украин, ЕХ, АНУ-тай бат бэх харилцаатай хэдий ч Оросыг чиглэсэн барууны хориг арга хэмжээ Монголд ноцтой нөлөөлсөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр өгүүлсэн. Түүнчлэн, хөгжин цэцэглэхээр тэмүүлж буй Монгол шиг орны хувьд нөхцөл байдал шударга бус байгааг тэр бээр онцолсон юм. Тиймдээ ч Э.Одбаяр энх тайван, яриа хэлэлцээрт уриалсан бөгөөд олон улсын маргаантай асуудлыг хэлэлцэхэд дэмжлэг үзүүлж болохуйц Монгол Улсын хараат бус гадаад бодлогыг онцолж байлаа.
Бээжин, Москвагийн зүгээс дарамт шахалт ирж байсан ч Монгол Улс бие даасан гадаад бодлогоо хадгалж үлдэхийн төлөө удаан тэмцсэн юм. Украинд дайн эхэлж, Оросын олон мянган иргэн дайчилгаанаас зугтан энэ улсыг чиглэн ирэхэд Монголын албаныхан тэднийг буцаахаас татгалзсан нь Монгол Улс тусгаар байдлаа хадгалж байгаагийн тод томруун жишээ болсон.
Гэхдээ, есдүгээр сард Владимир Путин Монгол Улсад айлчилсан юм. Энэ нь цэргийн гэмт хэрэгтэй холбоотойгоор Путиныг баривчлах тогтоолыг Олон улсын эрүүгийн шүүх гаргаснаас хойш Путин ОУЭШ-ийн гишүүн орон руу айлчилж байгаа анхны тохиолдол болж байлаа. Гэвч Монгол Улс Путиныг баривчлах тухай Украин болон ЕХ-ны уриалгыг биелүүлээгүй юм. Улаанбаатарт Путиныг хүндэт харуул угтаж, эсэргүүцлийн багахан арга хэмжээ болсон ч Засгийн газар нь байр сууриа хадгалж үлдэж байлаа.
Ийм байдлаар Монгол Улс Орос, Хятад, Баруунтай харилцах дипломат харилцаагаа сайтар тэнцвэржүүлэхийн зэрэгцээ Оростой холбоотой дам хоригийн асуудлуудыг даван туулж байна. Орос, Хятадаас хамаарах байдлаа бууруулж, эдийн засгийн үр дагаврыг даван туулахын тулд Монгол Улс АНУ, Европ болон Азийн бусад орнуудтай түншийн харилцаагаа бэхжүүлэн, “гуравдагч хөрш”-ийн бодлого ашиглан худалдаагаа төрөлжүүлж байгаа юм.
Түүнчлэн энэ улс Оросын түлшнээс хараат байдлаа бууруулахын тулд дотоодын үйлдвэрлэл (Энэтхэг улс Монгол дахь анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа) болон нөхөн сэргээгдэх нөөц зэрэг эрчим хүчний орлуулах эх үүсвэрүүдийг хайж байна.
Үүний зэрэгцээ эдийн засгаа тогтворжуулах, өрийг удирдахын тулд Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран ажиллаж байгаа юм.
Цэргийн хамтын ажиллагааны тал дээр АНУ болон барууны бусад холбоотнуудын хамт "Хааны эрэлд" зэрэг хамтарсан сургуулилалт зохион байгуулж, "Талын түншлэл 2024" цэргийн сургуулилалтад Хятадтай хамтран оролцож, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен айлчилсны дараахан наймдугаар сард Оростой хамтарч цэргийн сургуулилалт хийх замаар хөндлөнгийн байр сууриа хадгалж байна.
Энэхүү төвийг сахисан байдал нь худалдааны замаа нээлттэй байлгаж, хориг арга хэмжээ үргэлжилж буй энэ нөхцөлд бүхий л талуудтай харилцаагаа тэнцвэртэй хадгалах боломжийг Монголд өгч байгаа юм.
Эх сурвалж: bne IntelliNews
Орчуулсан: ШУА-ийн ОУСХ-ийн Орос судлалын салбарын ЭША Б.Мөнхцэцэг