Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Алмас Сейтакынов, ЭСЯ-ны зөвлөх Даурен Жанузаков нар 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлон, тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтын үеэр захирал, доктор Д.Золбоо хүрээлэнгийн судалгааны онцлог, Монгол, Казахстаны харилцаа хамтын ажиллагаа, Казахстан судлалын судалгаа болон хүрээлэнгээс эхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлийн талаар тоймлон танилцуулахын зэрэгцээ цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Эрхэмсэг ноён, Элчин сайд Алмас Сейтакынов Монгол, Казахстан хоёр орон нь эрт дээр үеэс нүүдлийн соёлын гүнзгий хэлхээ холбоотой орнууд болохыг илэрхийлж, хоёр талын харилцаанд дипломатууд, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг оролцоо өндөр болохыг дурдаж уг сувгаар дамжуулан Монгол, Казахстаны эрдэм шинжилгээ, судалгааны харилцаа холбоог бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах бүрэн боломжтой болохыг онцлов.
Мөн уулзалтын үеэр Элчин сайд Алмас Сейтакынов Казахстаны олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр дагнан судалгаа явуулдаг байгууллагуудын талаар товч мэдээлэл өгч, цаашид нягт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр, санамж бичиг байгуулахыг чухалчлан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон Казахстаны судалгааны хүрээлэнгүүдийн хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд захирал, доктор Д.Золбоо ШУА-ийн ерөнхийлөгчийн санаачилгаар ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Элчин сайдын Индэр” хүндэтгэлийн цуврал лекцэд оролцохыг урьсныг ноён, Элчин сайд Алмас Сейтакынов талархан хүлээн авлаа.