БНСУ нь мэдээллийн болон дэвшилтэт технологийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг гэж үзэж ирсэн улс юм. Энэ чиг хандлага сүүлийн үед улам эрчимжиж, Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хувийн хэвшилтэй хамтран дэвшилтэт технологийг ашиглах “Гурван мега төсөл”-ийг танилцуулсан байна. Үүнтэй зэрэгцэн тус улсын улс төрийн хүрээнд анхаарал татсан томоохон томилгоо хийгдсэн нь мэдээллийн технологийн салбарт олон жил удирдах албан тушаал хашсан Хан Сон Сүгийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн явдал байв. Хан Сон Сүг нь Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газарт Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Ерөнхийлөгч И Жэ Мён түүнийг БНСУ-ын 50 дахь Ерөнхий сайдаар сонгож, парламентын дэмжлэг авсны дараа 2026 оны 6 дугаар сарын 30-нд албан тушаалд нь баталгаажуулсан байна. БНСУ-ын Үндсэн хуулийн тогтолцоонд Ерөнхий сайдын албан тушаал нь голчлон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг зохицуулах, захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэдэг.
Мэдээллийн технологийн салбараас төрийн өндөр албан тушаалд
Хан Сон Сүг 1967 онд Кёнги мужийн Ыйжонбү хотод төрсөн. Тэр бээр 1985 онд Сүкмён эмэгтэйчүүдийн их сургуулийн Англи хэл, уран зохиолын тэнхимд элсэн орж, 1989 онд төгссөн байна. Түүний ажлын гараа мэдээллийн технологийн салбарын сэтгүүлчээр эхэлжээ. Тэр бээр Эмпас, NHN буюу өнөөгийн Нэйвер зэрэг мэдээллийн технологийн компанид ажиллаж, байгууллагын удирдах түвшинд хүртэл дэвшин ажилласан байна. 2017 онд Нэйвер корпорацын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон бөгөөд тус компанийг үндэсний хэмжээний тэргүүлэгч интернет платформ болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг. Түүний удирдлагын үед V LIVE дүрс бичлэгийн платформ, Naver Pay цахим төлбөрийн систем, Naver Smart Shopping, Naver Webtoon зэрэг дижитал үйлчилгээнүүд амжилттай хөгжсөн байна. Мөн Нэйвер корпорацын удирдлагад ажиллаж байх хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээг 25 их наяд воноос 70 их наяд вон хүртэл өсгөсөн амжилтыг түүнтэй холбон үздэг. Иймээс түүнийг дижитал платформын хөгжил, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан шилжилтийн талаар бодит туршлагатай удирдагч гэж үнэлж байна. Хан Сон Сүгийн намтар түүхийн бас нэг онцлог нь түүнийг уламжлалт Жэйбол гэр бүлээс гаралгүй, энгийн ажилтнаас эхлэн карьерын замналаа бий болгож, улмаар томоохон корпорацын эмэгтэй удирдагч болсон явдал юм. Энэ утгаараа түүнийг БНСУ-ын бизнесийн салбарын “амжилтын домог” хэмээн үнэлэх нь бий.
Улс төрийн бус салбараас Ерөнхий сайдыг сонгосон нь
Хан Сон Сүгийг ерөнхий сайдаар нэр дэвшүүлсэн шийдвэр нь улс төрийн хүрээнд анхаарал татсан. Эрх баригч Ардчилсан намын зүгээс түүнийг улс төрийн карьер багатай эмэгтэй удирдагч хэдий ч төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлсэн нь гэнэтийн бөгөөд зоримог шийдвэр гэж үзэж байна. Энэхүү томилгоо нь Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газар хүний нөөцийг бүрдүүлэхдээ улс төрийн харьяаллаас илүү мэргэжлийн туршлага, бодит гүйцэтгэлд тулгуурласан прагматик хандлага баримталж байгаагийн илрэл хэмээн үзэж байна. Нөгөө талаас, түүний томилгоог 2026 оны 6 дугаар сард болсон 9 дэх удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбон тайлбарлах таамаг ч гарч байна. Хэдийгээр Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулсан боловч үр дүн нь хүлээлтээс доогуур байсан гэх үнэлгээ бий. Иймээс ерөнхий сайдад улс төрийн хүрээнээс нэр дэвшигч сонгохоос татгалзаж, бизнес, технологийн салбараас туршлагатай хүнийг сонгосон байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Харин бизнесийн салбарынхан түүний томилгоог эерэгээр хүлээн авч байна. Бизнесийн салбарыг дотроос нь мэддэг, томоохон корпорацыг удирдаж байсан туршлагатай хүн Засгийн газрын тэргүүнээр ажиллах болсон нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байна.
Хиймэл оюун ухаан ба жижиг, дунд үйлдвэрийн бодлого
Хан Сон Сүг ерөнхий сайдын хувьд хиймэл оюун ухааны шилжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, ирээдүйн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг хурдасгахад түлхүү анхаарах төлөвтэй байна. Түүний бодлогын үндсэн чиглэлийг дараах гурван хүрээнд авч үзэж болно.
Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны шилжилтийг эрчимжүүлэх
Хиймэл оюун ухааны судалгаа, шинжилгээ, технологийн хөгжлийг дэмжих, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарна. Ингэснээр технологийн шинэчлэлийг хурдасгаж, аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, инновацын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа хиймэл оюун ухааныг үйлдвэрлэл, үйлчилгээ болон төрийн үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлэх нь эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн чухал хэсэг болно гэж үзэж байна.
Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих
Жижиг, дунд үйлдвэрүүдэд дижитал шилжилт хийхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэг, технологийн зөвлөгөө, мэргэжлийн туслалцааг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Дижитал технологийг үйлдвэрлэл, борлуулалт, маркетинг, төлбөр тооцоо болон менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, өрсөлдөх чадвар сайжирч, улмаар экспортын боломж нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Гуравдугаарт, гарааны бизнесийн орчныг сайжруулах
Гарааны бизнесүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодлогын дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулахад анхаарна. Энэ нь инновацад суурилсан шинэ компаниудын тоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинэ ажлын байр бий болгох, цаашлаад ирээдүйн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг хурдасгах ач холбогдолтой юм.
Шинэ үеийн технологийн бодлогын хүлээлт
Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээлийг эрчимтэй өөрчилж буй энэ үед Хан Сон Сүгийн ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон нь БНСУ технологид суурилсан хөгжлийн бодлогодоо илүү их анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзэж болно. Түүний хувьд мэдээллийн технологийн салбарын олон жилийн туршлага, томоохон корпорац удирдсан менежментийн ур чадвар, жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн салбарын талаарх төрийн бодлогын туршлага нь давуу тал болж байна.
Тиймээс Хан Сон Сүг ерөнхий сайдын удирдлага дор БНСУ хиймэл оюун ухааны шилжилтийг хурдасгахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрүүдийг дижитал технологид шилжүүлэх, гарааны бизнесийн экосистемийг өргөжүүлэх, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарах төлөвтэй байна.
Ийнхүү хиймэл оюун ухааны эрин үед БНСУ-ын Засгийн газрын өмнө технологийн шинэчлэлийг эдийн засгийн бодит өсөлт болгон хувиргах, жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ үеийн ажлын байрыг бий болгох чухал зорилтууд тавигдаж байна. Энэ нөхцөлд мэдээллийн технологийн салбараас төрийн удирдлагын дээд түвшинд шилжсэн Хан Сон Сүг ерөнхий сайд эдгээр бодлогыг хэр зэрэг үр дүнтэй хэрэгжүүлж чадах нь БНСУ-ын эдийн засаг, аж үйлдвэрийн цаашдын хөгжлийн чухал шалгуур болох юм.