Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Энэ 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлд шилжсэний 10 жилийн ой тохиож байна.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Монгол Улс, БНХАУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэний 10 жилийн ойд зориулан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 24-ний өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Т.Төгсбилгүүн, БНХАУ-ын ЭСЯ-ын Элчин зөвлөх Жан Мүшин, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Монгол-Хятад хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлд шилжсэнээс хойших сүүлийн 10 жилийн хугацаанд өрнөсөн улс төр, худалдаа, эдийн засгийн болон соёл хүмүүнлэгийн харилцаанд холбогдох онцлох үйл явдлуудыг судалгааны арга зүйд тулгуурлан судалж, олон нийтэд танилцуулах мөн судалгааны үр дүнг хэлэлцүүлж, эрдэмтэн судлаачдын санал бодлыг солилцоход энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго чиглэгдсэн юм.

Тус хуралд ОУСХ-ийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын улс төрийн харилцаа”, ОУСХ-ийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор М.Эрдэнэбаяр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа”, ОУСХ-ийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Хишигтуяа “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын хүмүүнлэгийн харилцаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Мөн илтгэл тус бүрд тухайн судалгааны сэдэвт холбогдох эрдэмтэн судлаачдыг панелистаар урьж оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, академич А.Бакейгаас хурлын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ “Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэний 10 жилийн үр дүнг дүгнэсэн хурал боллоо. Хуралд хоёр улсын улс төрийн харилцаа ямар түвшинд хүрэв, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ямархуу түвшинд байна, мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд ямар амжилтыг олов, цаашид юунд анхаарах ёстой вэ гэсэн асуудлуудад хариулт өглөө” хэмээн онцолсон юм.

“Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын талаас Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль; БНХАУ-ын талаас ЭСЯ, “Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи зэрэг Монгол-Хятадын төрийн болон шинжлэх ухаан, боловсрол, олон улсын байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ОУСХ-ийн Хятад судлалын
салбарын ЭША С.Батдорж








Бусад мэдээлэл