Дэлхийн суут хүмүүн, Монгол эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис Хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордонд болов.
Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын түүх угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”, “Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа”, “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” гэсэн нийт 6 салбар хуралдааныг зохион байгуулж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Монголчууд ба гадаад ертөнц” салбар хуралдааныг 8 дугаар сарын 6, 8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, Япон Улс, ОХУ-ын 15 монгол судлаач эрдэмтэд “Монгол төрийн алтан аргамжийн бодлогын судалгааны тухайд”, “Чингис хаан ба Торгоны зам”, “Монголчууд дэлхий дахиныг засан тохинуулсан нь” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Тухайлбал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, Элчин сайд асан Ц.Батбаяр; ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандай; ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, Академич Б.В.Базаров; ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо; ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын Эзэнт гүрэн, Дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор С.Цолмон; судлаач, доктор Ж.Бор нар 8 дугаар сарын 6-ны өдрийн хуралд илтгэлээ хэлэлцүүлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол судлалыг хөгжүүлэхэд эрдэмтдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг онцлон тэмдэглээд, Монгол Улсын гадаад бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон монгол судлалын цар хүрээг олон улсад түгээн дэлгэрүүлэх тухай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ ГХЯ-ны зүгээс БНЧУ-ын Карлын их сургуультай хамтран “Монголика Прагенсиа” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргаж, “Монголын нууц товчоо”-г гадаад хэлээр хөрвүүлэн нийтлүүлэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг дурдав. Мөн залуу монголч эрдэмтдийг дэмжих зорилгоор 2023 оноос эхлэн шилдэг бүтээлд олгох “Гадаад харилцааны сайдын нэрэмжит шагнал”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэв.
Хуралдаан 8 дугаар сарын 8-ны өдөр ГХЯ-нд үргэлжилж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан; Японы Шимоносэки их сургуулийн профессор Макото Тачибана; ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Б.У.Китинов; Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр; МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор, профессор Ж.Баттөр; Монголын Энэтхэг судлалын төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, доктор, профессор О.Нямдаваа; ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монголын Вьетнам судлал төвийн тэргүүн, доктор Б.Цэнгэллхам зэрэг эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хуралдаанаас санал, зөвлөмж гаргаж батлах юм.
Эх сурвалж: https://mfa.gov.mn/69403