Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ш.Амангүл: Монгол Улс Евроазийн интеграцийн захын оролцогч бус, холбох чухал тоглогч болж чадна
Ш.Амангүл: Монгол Улс Евроазийн интеграцийн захын оролцогч бус, холбох чухал тоглогч болж чадна

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд хийх энэхүү айлчлалын хүрээнд улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөвийн талаар өндөр дээд түвшинд хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ хугацаан дахь хоёр орны хамтын ажиллагаа, өнөөгийн айлчлалаас хүлээгдэж буй үр дүн болон бусад асуудлаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлтэй ярилцлаа.

   - Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан улсад айлчилж байна. Хоёр орны худалдааны эргэлт жил ирэх тутам нэмэгдэж байгаа энэ цаг үед бид ойрын 3-5 жилийн хамтын ажиллагааны ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

   -Сүүлийн жилүүдэд Монгол, Казахстаны худалдаа тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байгаа. Монголын талын статистикаас харвал 2025 оны байдлаар хоёр улсын худалдааны нийт эргэлт 58.6 сая ам.долларт хүрсэн байгаа бол, Казахстаны талын тооцоогоор энэ үзүүлэлт 133.5 сая ам.доллар байна. Энэ зөрүү нь гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, мөн дамжин өнгөрөх худалдааг хэрхэн тооцож байгаатай холбоотой техникийн шалтгаантай болов уу. Монгол Улс хэдийгээр Казахстан улстай 40 орчим км-ийн зайтай хамгийн ойр оршдог боловч байгалийн хилээрээ шууд холбогддоггүй байдал нь хоёр орны худалдаанд хамгийн том сорилт бий болгодог. Цаашид худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд хоёр тал авто болон боомт, логистикийн төв зэрэг суурь дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх шаардлагатай. Мөн дамжин өнгөрөх тээвэр, худалдааны асуудлаар хөрш орнуудтай бодлогын түвшинд уялдаа холбоотой тохиролцоонд хүрэх нь чухал.

   Өөрөөр хэлбэл, худалдааг зөвхөн тоогоор өсгөхөөс гадна, тэнцвэртэй, урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хэлбэрт оруулах шаардлагатай. Үүний тулд экспортын нэр төрлийг нэмэгдүүлж, илүү их боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй. Мөн хоёр улсад хоёуланд нь ашигтай, ажлын байр бий болгох импортыг орлох хамтарсан үйлдвэрүүдийг дэмжих нь үр дүнтэй алхам болно. Хэрэв зам, тээвэр, логистик, дамжин өнгөрөх зохицуулалтыг сайжруулж чадвал экспортын зардал буурч, Монголын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ нь эцсийн дүндээ хоёр улсын худалдааны тэнцвэрийг урт хугацаанд сайжруулах бодит боломж гэж харж байна.

   - Төв Азийн интеграцид Казахстан улс урт хугацааны ямар стратеги баримталж, Монгол Улс энэ хүрээнд ямар үүрэг гүйцэтгэх боломжтой гэж харж байна вэ?

   - Төв Азийн интеграцийн хүрээнд Казахстан улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан бүс нутагтаа нөлөө бүхий, тэргүүлэх орон болоод байгаа. Цаашид энэ тэргүүлэх амбицаа хадгалах, хөгжихийн тулд бүс нутагтаа эдийн засаг, тээвэр логистик, эрчим хүч, худалдааны хөгжлийн урт хугацааны бодлого баримталж байна. Ерөнхийдөө Казахстан улс Төв Азийн хүчирхэг эдийн засаг бүхий Евроазийг холбосон чухал орон болж хөгжих, энэ хүрээнд бүс нутгийн нөлөө бүхий гол тоглогч, лидер улс болох зорилготой. Төв Азийн интеграцийг эхлээд эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээр гүнзгийрүүлж, цаашдаа улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа руу шат дараатай өргөжүүлэх урт хугацааны стратеги баримталж байна. Харин Монгол Улс энэ үйл явцад шууд гишүүн биш ч гэсэн зуучлагч, холбогч, харилцан итгэлцэл бий болгох найдвартай түнш орны хувиар оролцож, бүс нутгийн тогтвортой байдалд бодит хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

   - Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийсэн нь энэ оны 7-р сараас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Энэ чөлөөт худалдааны түр хэлэлцээгээр дамжуулан Монгол-Казахстаны худалдааны эргэлтийг аль салбарт илүү өргөжүүлэх боломж нээгдэх бол?

   - Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээг хэрэгжүүлж эхэлснээр Монгол, Казахстаны худалдаа эдийн засгийн харилцаанд тодорхой ахиц гарах болов уу. Тухайлбал, худалдаанд тариф, стандарт, зах зээлийн хүртээмжийн шинэ боломжууд нээгдэж, Казахстаны болон ЕАЭХ-ны зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болно. Казахстан улс нь Төв Азийн томоохон зах зээл, мөн ЕАЭХ-ны дотоодын зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг дамжуулах гарц болж чадна. Иймд уг салбар нь худалдааны эргэлтийг хурдан хугацаанд нэмэгдүүлэх бодит хөшүүрэг болох боломжтой.

   Монгол Улс нь Зүүн хойд Азийн бараа бүтээгдэхүүнийг Казахстанаар дамжуулан Европ, Баруун Азийн зах зээлд нийлүүлэх, харин нөгөө талдаа, Европын бараа бүтээгдэхүүний буюу ЕАЭЗХ-ны орнуудын барааг Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх логистикийн зангилаа болох нөхцөл бүрдэж байна Иймд ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээгээр дамжуулан Монгол–Казахстаны худалдааг хөгжүүлэх бодит боломж нээгдэж байна. Цаашид энэхүү хэлэлцээг Монгол, Казахстан улсууд дан ганц худалдааны хэлэлцээр бус, харин бүс нутгийн үйлдвэрлэл, ложистик, зах зээлийн интеграцийн эхлэл болгон ашиглах нь чухал байх болов уу.

   - Евроази руу Монгол Улс идэвхтэй оролцоогоо нэмэх боломж бий юу? Транскаспийн болон Евроазийн коридоруудтай Монголыг холбох бодит боломжийг зураглах гээд үзье л дээ?

   - Сүүлийн үед Хятад–Европын худалдаа, Төв Азийг дамнасан тээврийн коридорууд, тэр дундаа Транскаспийн чиглэл идэвхжиж байгаа нь Монгол Улсад Евроазийн бүс рүү илүү идэвхтэй оролцох шинэ боломжийг бодитоор нээж байна. Гэхдээ энэ боломж нь зөвхөн газарзүйн байршлаас бус, харин бидний баримтлах бодлого шийдвэрээс шууд хамаарна. Транскаспийн болон Евроазийн коридоруудтай Монголыг холбох асуудал нь заавал шинэ зам барихтай холбоотой бус. Харин Казахстан, Хятадтай бодлогоо уялдуулах, тээвэр логистикийн шинэчлэл хийх, экспортын бүтцээ сайжруулах, мөн улс төр, дипломат харилцан итгэлцлийг бэхжүүлэх зэрэг урт хугацааны цогц стратеги шаардлагатай гэж харж байна. Хэрэв эдгээр чиглэлд бодлогын зөв алхмуудыг хийж чадвал Монгол Улс Евроазийн интеграцийн захын оролцогч бус, харин түүнийг холбож, уялдуулах чухал тоглогч болж чадна.

   - Өнөөгийн дэлхий улс орнуудын геополитикийн дүр зураг хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Казахстан улсын хэрэгжүүлж буй олон тулгуурт бодлогын туршлагаас Монгол Улс хэрхэн суралцах ёстой вэ?

   - БНКазУ-ын гадаад бодлогын ололт амжилт, сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулсан туршлага юу байв, дэлхийн болон бүс нутгийн олон улсын харилцаанд ямар байр суурьтай оролцож байгаа нь гадаад бодлого судлаачдын анхаарлыг татдаг билээ. Казахстан улс 1992 оноос хойш гадаад бодлогодоо аль нэг их гүрний талд илт хэлбийхээс зайлсхийж, дэлхийн улс орнуудтай олон чиглэлд тэнцвэртэй, идэвхтэй харилцааг хөгжүүлэх бодлого баримталж ирсэн. Учир нь тус улс Евроазийн эх газрын төвд, Орос, Хятад зэрэг томоохон гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцсон бүсэд оршдог. Тиймээс Казахстан Орос, Хятад, мөн Төв Азийн бусад орнуудтай харилцаагаа тэнцвэртэй хадгалж, аль нэг хүчний нөлөөнд хэт автахгүй байж, улс орныхоо аюулгүй байдал, стратегийн бие даасан байдлыг хадгалахыг эрхэмлэж ирсэн. Ерөнхийдөө олон чиглэлд нээлттэй, идэвхтэй гадаад бодлого явуулж, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж чадсан нь Казахстаныг бүс нутагтаа нөлөө бүхий, чухал тоглогч орон болоход нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг хэлж болно.

   Ер нь Казахстан улс олон чиглэлт идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх хүрээнд, дэлхийн болон бүс нутгийн аливаа олон талт механизмд санал санаачилгатай идэвхтэй оролцдог, аливаа улс төр, дипломатын яриа хэлэлцээг улс эх орондоо амжилттай зохион байгуулах, зуучлах дипломат ур чадварыг эзэмшсэн улс юм. Тиймээс өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөлд Казахстаны олон чиглэлт бодлого нь дунд, жижиг улс зөвхөн оршин тогтохоос гадна нөлөөтэй тоглогч байж чаддаг болохыг илтгэж, хүчний төвүүдийн аль нэгэнд хэт найдахгүйгээр тэнцвэртэй, прагматик байр суурь баримталж чадсанаар өөрийн ашиг сонирхлыг хамгаалж болохыг харуулж байна. Монгол Улсын хувьд Казахстаны туршлагаас идэвхтэй, тэнцвэртэй гадаад бодлого, бодит нөхцөлд тулгуурласан прагматик хандлага, зоримог, шийдэмгий алхмуудыг нь суралцах нь чухал. Ингэж чадвал Монгол Улс олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого баримталж, харилцаатай улс орнуудын итгэлийг алдаргүй найдвартай түнш орон болохоо бататгаж чадвал ирээдүйд бүс нутгийн хэрэгцээтэйтоглогч болох боломжтой.

   - Цөмийн эрчим хүчний салбарт Казахстан улс ямар бодлогын загвар баримталж байгаа вэ. Монгол Улс цөмийн эрчим хүчний салбарт ямар боломжийг эрэлхийлэх ёстой вэ?

   - Казахстан улс ураны салбарт дэлхийд тэргүүлэгч орны нэг. 2024 оны байдлаар дэлхийн ураны олборлолтын 38 хувийг дангаараа хангаж байгаа бөгөөд “Казатомпром” компани нь үүний томоохон хэсгийг нийлүүлдэг. Улсын хэмжээнд нийт 27 ураны орд байдгаас 14 ордод нь олборлолт явуулж байна. Тиймээс тус улс ураны салбарт арвин туршлага хуримтлуулсан. Нөгөө талаар Казахстан улс 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавьсан. Эдийн засаг нь өсөн тэлж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ нөхцөлд нүүрсэнд суурилсан эх үүсвэрийг багасгаж, эрчим хүчний дутагдалд орох эрсдэлийг тооцоолон цөмийн эрчим хүчийг стратегийн сонголт гэж үзэж байна. Тийм ч учраас атомын цахилгаан станц барих асуудлыг бодитой хэлэлцэж эхэлсэн. Казахстан улс цөмийн буюу атомын цахилган станцыг олон нийтийн оролцоотойгоор шийдэхийг зорьсон. Ингээд бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, иргэдийн 70 орчим хувь нь цөмийн эрчим хүчийг дэмжиж байлаа. Энэ бол тун чухал алхам болсон. Мөн нэг улсаас хэт хараат болохоос зайлсхийж, олон улсын консорциум, олон тулгуурт түншлэлийг чухалчилж байгаа нь Казахстаны бодлогын онцлог.

   2024 онд Казахстаны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд “Казатомпром” болон “Мон-Атом” компанийн хооронд уран хайгуул, олборлолтын стратегийн түншлэл эхэлсэн. Одоогоор хоёр улс атомын цахилгаан станц барих шатанд хүрээгүй ч хамтын ажиллагааг эхлүүлэх бодит боломжууд бий. Эхний шатанд уран хайгуул, олборлолт, түүхий эдийн хамтын ажиллагаа явна. Дараагийн шатанд цацрагийн аюулгүй байдал, мэргэжилтэн бэлтгэх, зохицуулалтын туршлага судлах чиглэлд хамтарч ажиллах боломжтой. Казахстан улс ураны салбарт манайхаас илүү ахисан, бодит туршлагатай орон. Тиймээс Монгол Улс энэ туршлагаас суралцаж, алдаа оноог нь харгалзан үзэж, цөмийн эрчим хүчний салбарт шат дараатай, болгоомжтой, үндэсний эрх ашигтаа нийцсэн оролцоог сонговол цаашид бүс эрчим хүчний тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх нэг боломж гарц гэж харж байна.

   - Цөмийн болон ураны салбарт аюулгүй байдлын олон улсын стандартыг мөрдөхөд Казахстан ямар загвар ашиглаж байгаа талаар та хуваалцаач?

   - Казахстан улс цөмийн болон ураны салбарын аюулгүй байдлыг хангахдаа олон улсын стандарт, тодорхой бодлогын тогтолцоонд тулгуурлаж ажилладаг. Тухайлбал, Олон улсын атомын энергийн агентлагийн бүх үндсэн конвенц, дүрэм журмыг бүрэн мөрдөж, цөмийн үйл ажиллагааг хянах бие даасан зохицуулах байгууллага, тодорхой хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Уран олборлолтоо байгаль орчинд харьцангуй бага нөлөөтэй технологиор явуулж, цөмийн түлш, материалын хяналтыг олон улсын баталгаажуулалт, ил тод тайлагналын хүрээнд хэрэгжүүлдэг.

   Мөн цацраг идэвхт хаягдлыг урт хугацаанд аюулгүй хадгалах, хянах стандартыг баримталж байна. Казахстаны нэг онцлог нь цөмийн салбартай холбоотой туршлагаа зэвсэггүй статус, олон улсын итгэлцэлтэй уялдуулан хөгжүүлж чадсан явдал юм. Өөрөөр хэлбэл, олон улсын хяналт, дотоодын зохицуулалт, технологийн аюулгүй шийдлийг хослуулсан загварыг амжилттай хэрэгжүүлж байгаа нь тэдний давуу тал гэж харж байна.

   - Монгол–Казахстан хоёр улс хамтарсан ногоон эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх боломж бий юу?

   - Монгол, Казахстан хоёр улс байгалийн нөхцөл, газарзүй, уур амьсгалын хувьд нэлээд төстэй. Усны хомсдол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг ижил төстэй байгаль орчны сорилтуудтай тулгарч байгаа учраас энэ чиглэлд хамтран ажиллах бодит боломж бий гэж үзэж байна. Тиймээс хоёр улс ногоон эрчим хүчийг хөгжүүлэхийг эрчим хүчний аюулгүй байдал, ногоон шилжилтийн гол хэрэгсэл гэж харж байгаа нь ч хоорондоо нийцэж байгаа. Тухайлбал, Монгол Улсын “Тэрбум мод”, Казахстаны “Хоёр тэрбум мод” хөтөлбөрүүд нь хамтран хэрэгжүүлэх боломжтой, бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах санаачилгууд юм. Мөн Казахстан улс уур амьсгалын асуудлаарх томоохон Экологийн саммитыг зохион байгуулж байгаа нь бүс нутгийн байгаль, орчны асуудалд идэвхтэй санал санаачилгатай оролцож, энэ чиглэлд идэвхтэй байр суурь баримталж буйг харуулж байна.

   Ногоон эрчим хүчний хувьд Казахстан салхи, нарны эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай бол Монгол Улс маш их салхи, нарны нөөцтэй. Тиймээс эхний ээлжид туршлага солилцох, хамтарсан хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Цаашлаад ногоон устөрөгч, эрчим хүч хадгалах технологийн чиглэлд хамтарсан судалгаа хийх боломж ч бий. Мөн Казахстаны Евроази руу чиглэсэн эрчим хүч, логистикийн туршлагыг Монгол Улс бүс нутгийн түвшинд ашиглаж чадна. Үүнтэй зэрэгцээд хоёр улс гуравдагч хөршүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ногоон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой. Ерөнхийдөө Монгол–Казахстаны ногоон эрчим хүчний хамтын ажиллагаа нь техник, санхүү, дипломат талаасаа боломжтой. Харин ийм хамтын ажиллагааг шат дараатай, бодлоготой хэрэгжүүлэх нь чухал.

   - Энэ удаагийн айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын дипломат харилцааг улам бэхжүүлэхээс гадна талууд хамтарч худалдаа, хөрөнгө оруулалтын бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрэх болов уу хэмээн найдаж байна. Энэ удаагийн айлчлалын бас нэг онцлог нь Монгол, Казахстаны харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг бататгаж, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурна. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн, мөн Казахстаны Гадаад харилцааны яамны дэргэдэх Гадаад бодлого судлалын хүрээлэн хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг юм.

   Манай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн бол гадаад бодлого, аюулгүй байдал, орон судлал, олон улсын харилцааны чиглэлээр суурь судалгаа хийдэг, бодлого боловсруулахад дэм үзүүлдэг байгууллага юм. Үүнтэй адил Казахстаны эдгээр хүрээлэнгүүд нь тус улсын стратеги, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж, төрийн байгууллагуудад бодлогын зөвлөмж өгдөг чухал хүрээлэнгүүд юм. Өнөөдрийн олон улсын харилцаа хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд хоёр улсын чиг үүрэг ижил судалгааны байгууллагууд албан ёсоор хамтран ажиллахаар тохиролцсон нь тун ач холбогдолтой. Эдгээр санамж бичгийн хүрээнд судлаачид туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний уулзалтууд хамтран зохион байгуулахаар боллоо. Ерөнхийдөө энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн судалгааны түвшинд бус, цаашлаад Монгол, Казахстаны, шинжлэх ухаан, боловсрол, гадаад бодлогын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чухал суурь болно гэж үзэж байна.

 - Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: https://eguur.mn/



Бусад мэдээлэл