Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Элчин сайдын өргөмжлөл хүртэв
Элчин сайдын өргөмжлөл хүртэв

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор У.Загдцэсэмд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл хүртээх ёслол 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болов.

   Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог аж.

   Доктор У.Загдцэсэм нь шинжлэх ухааны байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа Японы улс төр, эдийн засгийн бодлого, уламжлалт соёлын талаар судалж, үр бүтээлтэй ажиллаж буй эрдэмтэн юм.

   Элчин сайд Игавахара Масарү доктор У.Загдцэсэмийн талаар ёслолын үеэр өгүүлэхдээ “2025 онд зохион байгуулагдсан Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын өмнө судлаач У.Загдцэсэм нь телевизээр Японы Эзэн хааны ордны түүх болоод энэхүү айлчлалын ач холбогдлын тухай сонирхолтой яриа өгсөн нь Монголын ард түмэн хүндэт зочдыг халуун дотноор угтан авахад нөлөөлсөн” хэмээн үзэж буйгаа онцлон тэмдэглэв.

   Доктор У.Загдцэсэм Японы ЭСЯ-ны хамт олон, үе үеийн Элчин сайд нарт Монгол Улсад Япон судлалыг хөгжүүлэх үйлсэд тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд талархал илэрхийлэв.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Гуравдагч хөрш орон судлалын салбарын ЭШТуА Г.Алтанхишиг





Бусад мэдээлэл