Хятад судлаач, түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Ариунгуа тус хүрээлэнд ажилласан олон жилийн судалгааны үр дүндээ тулгуурлан “Монголын түүх ба Мин улсын үеийн хятад сурвалж бичгүүд /XIV-XVI/” хэмээх дөрвөн бүлэг бүхий томоохон хэмжээний нэгэн сэдэвт бүтээлийг туурвижээ.
Уг бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд болсон юм.
Энэхүү бүтээлд Мин улсын үеийн Монгол-Хятадын харилцааны асуудал, Монголын талаар явуулж байсан Мин улсын бодлого, тухайн үеийн Монголын улс төрийн дотоод нөхцөл байдал, Мингийн төр болон Хятадын нийгэм дэх Монгол орон, монголчуудын талаарх ойлголт зэргийг тодруулахдаа “Мин улсын шастир”, “Мин улсын түүхийн үнэн магад тэмдэглэл” зэрэг Хятадын түүх судлалын албан ёсны сурвалж бичгүүд, Сяо Дахэн-ий “Хойд бүдүүлгүүдийн ёс заншлын тухай”, Е Зици-гийн “Өвс ургамлын шастир” зэрэг мөн үетэй холбогдох албан бус сурвалж, тэмдэглэлүүдийг өргөнөөр ашигласан ба энэ мэт ашигласан тухайн үеийн түүх судлалд холбогдох хятад сурвалжийн тоо 20 гаруйг давжээ. Хятад сурвалж, бичгүүдийг ийнхүү өргөн хүрээнд ашиглахдаа тэдгээрийн түүх бичлэгийн өвөрмөц онцлог байдал ба шинж чанарт задлан шинжлэл хийсэн байна.
Доктор Н.Ариунгуа уг нэгэн сэдэвт бүтээлдээ Монголын гадаад улс төрийн статусын талаарх өмнөх судалгааны үр дүнгээ нэмэлт баримтаар лавшруулан батлах, Мин улсын үеийн хятад сурвалж бичгүүд нь Монголын түүхийг судлах чухал сурвалж мөн гэдгийг нотлох, Монголын түүх судлалд ашиглагдаж буй эх сурвалжийн бааз суурийг баяжуулахыг зорилго болгосон байна.
Чингэснээр доктор Н.Ариунгуа нь Монголын түүх судлалд тодорхойгүй орхигдсон олон асуултад хариулт өгч, зарим алдаатай дүгнэлт ойлголтуудыг илчлэн залруулж, олон сонирхолтой түүхэн баримтыг судалгааны эргэлтэд оруулснаараа Монголын түүхийн хамгийн бага судлагдсан, туйлын чухал үеийн нэг болох XIV-XVI зууны үеийн түүх судлалын түвшнийг урагш ахиулсан шинэ чухал бүтээл туурвисныг нээлтийн ажиллагаанд оролцсон эрдмийн хамт олноос сайшаан тэмдэглэсэн юм.