2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Монголын түүхэн дэх Барон Роман Фёдорович фон Унгерн-Штернберг” олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурал боллоо. Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан, Будда продакшн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Цахимаар зохион байгуулсан тус бага хуралд Монгол Улс, ОХУ, Швейцарь, Японы түүхч, угсаатан судлаач, багш, соёл, шашны зүтгэлтнүүд, кино найруулагчид 17 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэхүү бага хуралд олон тооны зочид, ажиглагчид оролцож, хуралдааны явцыг интернет сувгаар шууд дамжуулан цацсан болно.
1921 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Нийслэл Хүрээг Хятадын эзлэн түрэмгийлэгч гамин цэргүүдээс Барон Унгерн-Штернбергийн удирдсан монгол, орос цэргүүд чөлөөлсний үр дүнд 1921 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Богд эзэн хаанаа Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин өргөмжлөх ёслол хийж, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд түүхэн хувь нэмэр оруулжээ.
Тус хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Түмэнгийн Тэгшжаргал, Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Дашнямын Золбоо, Женевт дэх НҮБ-д суугаа ХБНГУ-ын Байнгын төлөөлөгч, элчин сайд, Михаэль Фрайхэрр фон Унгерн-Штэрнберг нар үг хэлэв. Хуралд Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Оохнойн Батсайхан «Богд хаан ба Монголын түүхэн дэх Барон Р.Ф. фон Унгерн-Штернберг» сэдвээр, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэмтэн, профессор, түүхийн шинжлэх ухааны доктор С.Л.Кузьмин «Барон Р.Ф. фон Унгерн-Штернберг – Монголыг чөлөөлөгч», Швейцарь улсын Базелийн их сургуулийн гавьяат профессор, доктор Юрген фон Унгерн-Штернберг «Фон Унгерн-Штернберг овгийн түүхийн талаар өгүүлэхүй», МУИС-ийн профессор, түүхийн ухааны доктор Зоригтын Лонжид «Монголын төрөөс улсын сан хөмрөгөө бүрдүүлэх талаар хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа (1921.02-1921.07 сарын эх)”, Япон Улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн гавьяат профессор Наками Тацүо «Фон Унгерн-Штернбергийн армийн япончуудын тухайд», ОХУ-ын Буриадын «Станица Селенгинская» казакийн нийгэмлэгийн атаман, орон нутаг судлаач Аксентьев А.П «Темник хөндийн нууц. Азийн морин дивизийн Байгалийн чанадад хийсэн аян дайны тухай», «Атаман Перфилий Сухарев», Польш улсын Варшавын Их сургуулийн Дорно дахины судлалын сургуулийн Түрэг судлал, Дотоод азийн тэнхимийн профессор, лам Р.Бямбаа «VIII Богд Жевзүндамба хутагтын гамингийн дууны тайлбар зохиогч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь», ОХУ-ын нэрт орчуулагч, «Буддизм России» сэтгүүлийн редактор А.А.Терентьев «Барон Р.Ф. Унгернийн хамгааллын сахиус», Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн, профессор С.Билэгсайхан «Барон Унгерны баруун гар өвөө маань Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлөлцсөн», ОХУ-ын Москвагийн аялал, жуулчлал, орон нутаг судлалын экологийн хүүхэд залуучуудын төвийн арга зүйч, доктор Д.Р.Касаточкин «Даур дахь Азийн морин цэргийн дивиз 1918-1920 он», Монгол Улсын БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар «Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаанд Монгол цэргийн гүйцэтгэсэн үүрэг», ОХУ-ын чөлөөт судлаач Ж.Оюунчимэг «1921 онд Улаан хад ба Жанжин Чойрын газарт болсон тулалдаан: Баримт бичиг ба санал асуулгын үр дүн», Швейцарын Холбооны Улсын Лузаны Их сургуулийн Улс төр, Нийгмийн ухааны тэнхмийн докторант С.Золбоо «Барон Унгерн ба түүний гадаад ертөнцтэй холбоо тогтоох гэсэн оролдлогууд», ОХУ-ын Москвагийн Улсын Кино урлагийн дээд сургуулийн багш, кино найруулагч, доцент, Дарья Хренова «Барон Р.Ф. Унгерний мөрөөр хийсэн аялал», Монгол Улсын баримтат кино найруулагч Б.Баяр «Барон Унгерн Монголын кино урлагт», ОХУ-ын Буриадын «Желтуринское» тосгоны захиргааны дарга Г.И.Сухарева «Атаман П.Сухарев в памяти потомков» сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар барон Р.Ф.фон Унгерн Штернбергийн Монгол Улсын түүх, соёл, шашинд болон 1921 онд Монголын тусгаар тогтнолын үйл явцад оруулсан хувь нэмэр, Монгол Улсын улс төр, шашны бусад удирдагчдын хүчин зүтгэл болон Богд хаант Засгийн газар, түүний дотоод, гадаад бодлогын тухай олон талаас харж судалсан илтгэлүүдийг сонсож, хэлэлцлээ. Хуралд Барон Унгерн Богд хаантай хэрхэн дотно харилцаатай байсан, бурхны шашны үнэнч шавь болсон, Монголын нутагт Хятадын гамин цэргүүдтэй хийсэн удаа дараагийн тулалдааны талаар болон Монголын төдийгүй өнөөгийн Оросын нутагт явуулсан цэрэг дайны үйл ажиллагааг хүртэл тодруулсан сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.
Барон Унгерний удирдсан монгол, орос цэргүүд Монгол орныг Хятадын гамин цэргүүдээс чөлөөлсний үр дүнд Богд хааны Засгийн газраас улс орныхоо эдийн засаг, мөнгө, санхүүгийн талаар ямар их хүчин чармайлт тавьж, бодлого боловсруулан хэрэгжүүлж байсныг түүхэн сурвалжид түшиглэн анх удаа гаргаж тавьсан илтгэл, өнөөгийн кино урлагт Барон Унгерн-Штернбергийн дүрийг түүхэн үнэнд нийцүүлэн бодитоор гаргах хэрэгцээ, шаардлага байгаа болохыг манай кино найруулагчдын илтгэл тодорхой харуулсан байна.
Бид энэ хурлыг зохион байгуулахдаа Монголын түүхийн дайрч гутаасан, тойрч зугатаасан олон асуудлуудыг аль болохоор түүхэн үнэнд нийцүүлэн гаргаж тавих, эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэд эл сэдвийг оруулах, холбогдох судалгааг улам гүнзгийрүүлэх, эрдэмтэн судлаачид уг асуудлаар үзэл бодлоо солилцох боломжийг олгохыг чухалчилсан болно. Хурлаар хэлэлцсэн асуудлуудыг тусгаж, зөвлөмж гаргасан болно.
Олон улсын хурлын өгүүллийн эмхэтгэлийг Улаанбаатар хотноо хэвлэн гаргах юм.
Хурлын цахим зохион байгуулагчаар “Будда продакшн” захирал Цэрэнпилийн Гүрсэд, орос хэлний орчуулагчаар Адьяабазарын Алтанчимэг, англи хэлний орчуулагчаар Сандагжавын Золбоо нар ажилласан болно.
Мэдээг бэлтгэсэн: Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор (ScD),
профессор Оохнойн Батсайхан