Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монголын түүхэнд холбогдох Оросын архивын баримтын 2 эмхэтгэл хэвлэгджээ.
Монголын түүхэнд холбогдох Оросын архивын баримтын 2 эмхэтгэл хэвлэгджээ.

Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хамтын үйл ажиллагааны хүрээнд “Зөвлөлт-Монголын эдийн засгийн харилцаа холбоо 1955-1985” баримт бичгийн шинэ эмхэтгэл хэвлэгдэн, өргөн олны хүртээл болсон байна.
Энэхүү эмхэтгэлд 1955-1985 онд ЗСБНХУ болон БНМАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд холбогдолтой хоёр улсын төрийн архивын сан хөмрөгөөс нийт 204 баримт бичгийг багтаажээ. Бүтцийн хувьд Гадаад худалдаа, Хөдөө аж ахуй, Тээвэр, Улаанбаатар Төмөр зам, ЭЗХТЗ-ийн хүрээн дэх ЗСБНХУ ба БНМАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн бүлгээс бүрджээ. Эмхэтгэлд орсон ихэнх баримт бичиг өмнө нь эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж байгаагүй, анх удаа олон нийтийн хүртээл болж байгаагаараа онцлог юм байна.
Эмхэтгэгчид бүтээлийн Өмнөх үгэндээ Түүх, эдийн засаг, нийгэм-улс төрийн аливаа судалгааг явуулахад ашиглагдаж болохуйц Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцааны түүхийн чиглэлийн эх сурвалжийг нэмэгдүүлэх, баримт материалд суурилсан шинжлэх ухааны бүтээлүүд гаргах, мөн Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа холбоо хэрхэн хөгжиж ирсэн хандлага, чиглэлийг илэрхийлэх чухал баримт бичгүүдийг олон нийтэд таниулах нь энэхүү эмхэтгэлийн гол зорилго хэмээн тодорхойлсон байна.

Оросын эдийн засгийн улсын архивын баримт бичгээр эмхэтгэлийн гол цөмийг бүрдүүлжээ. Учир нь тус архивын баримтууд дурьдсан үе дэх хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааны хөгжил, хэлбэрийн талаар бүрэн дүүрэн мэдээллийг агуулдаг юм. Бусад архивын сан хөмрөгөөс түүвэрлэн цуглуулсан баримтууд ч чухал бүрэлдэхүүн хэсгүүд хэмээн үзэхээс аргагүй. Тухайлбал, ЗХУ-ын Коммунист нам, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөл, мөн орон нутгийн нам-улс төрийн түвшний байгууллагын (БН Буриад Улс, Эрхүү муж гэх мэт) улсын архивын хөмрөгөөс онц сонихолтой олон тооны баримт бичгийг багтаажээ. Мөн Монгол Улсын төрийн архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй дээрх сэдэвт холбогдол бүхий цөөнгүй тооны баримтыг орос хэлээр хөрвүүлэн оруулснаараа ихээхэн онцлог болжээ.
Энэхүү баримт бичгийн эмхэтгэлтэй манай хүрээлэнгийн номын санд ирж танилцах боломжтой.
Мөн дараагийнх нь “Монголын тухай Оросын Холбооны Улсын Аюулгүй Байдлын Албаны архивын баримтуудад (1922-1936 он)” баримт бичгийн эмхэтгэл юм.


2019 оны сүүлчээр ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэн, ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Албаны Төв архивтай (ФСБ) хамтран “Монголын тухай Оросын Холбооны Улсын Аюулгүй Байдлын Албаны архивын баримтуудад (1922-1936 он)” (Монголия в документах из архивов ФСБ России (1922–1936 гг.): (Сборник документов) / Науч. ред. В. В. Наумкин, отв. ред. К. В. Орлова, В. В. Грайворонский; Институт востоковедения РАН. – М.: ИВ РАН, 2019. – 528 с. ISBN 978-5-89282-905-2) хэмээх эмхэтгэлийг бэлтгэн гаргажээ. Эмхэтгэлийн зорилгыг 1922-1936 оны Монгол-Зөвлөлтийн харилцаа, Монголын түүхийн бодит үйл явдалд холбогдох өнөөдрийг хүртэл хаалттай байсан архивын баримтыг ил болгон, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж, олон нийтийн хүртээл болгох хэмээн тодорхойлжээ.
Энэхүү эмхэтгэл нь Оросын Холбооны Улсын Аюулгүй Байдлын Албаны Төв архивт “нууц”, “маш нууц” зэрэглэлтэй хадгалагдаж байсан Монголын талаарх архивын баримтуудыг анх удаа нууцын зэрэглэлээс гаргаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж буйгаараа ихээхэн онцлог бүтээл юм. Эмхэтгэлд 1922-1936 оны ЗСБНХУ болон БНМАУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, олон улсын харилцаа, соёл зэрэг харилцааны төрөл бүрийн салбарыг хамарсан ОХУ-ын Аюулгүй Байдлын Албаны Төв архив болон Омск мужийн Аюулгүй Байдлын Албаны архивын нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичгүүдийг нийтэлсэн байна. Мөн тухайн үеийн зарим байгууллагын тусгай мэдээлэл, захидал, Монголын улс төр, эдийн засаг, цэрэг арми, шашны талаарх ерөнхий дүгнэлт, тайланг багтаасан ажээ.
Түүнчлэн Монгол-Зөвлөлтийн харилцааны өвөрмөц байдал, ЗСБНХУ, ОК(б)Н, БХК(б)Н болон Коминтерний үүрэг, мөн БНМАУ-д ажиллаж байсан зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчид, зөвлөхүүд, мэргэжилтнүүдийн үүрэг, оролцооны талаарх сонирхолтой олон баримтыг эмхэтгэлээс үзэж болох юм.
Баримт бичгүүдэд БНМАУ-ын улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, БНМАУ-ын засгийн газар, эрх баригч МАХН-ын дотоод, гадаад бодлогын онцлог, Монголын төр захиргаа болон цэргийн томоохон зүтгэлтнүүдийн байр суурь, тэдний ЗХУ-д хандах хандлага зэргийг тодорхой харуулсан байна.
Мэдээг бэлтгэсэн ЭША Д.Туул


Бусад мэдээлэл