Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Туркээс гадна Сирид бас олон улсын тусламж ижил тэнцүү хүрээсэй
Туркээс гадна Сирид бас олон улсын тусламж ижил тэнцүү хүрээсэй

Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш, орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан Х.Сэлэнгэ:


    2023 оны 2-р сарын 6-нд БНТУ-ын зүүн өмнөд бүс дэх Кахраманмараш, Хатай, Газиантеп, Шанлиурфа, Адияман зэрэг 10 орчим хотод 7,8 болон 7,6 баллын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болж амь үрэгдэгсдийн тоо одоогийн байдлаар 7000 орчим болоод байна. Харин Сирийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 2500 орчим иргэд амь үрэгдсэн байна. Цаашид дээрх тоо нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор амь үрэгдэгсдийн тоо 20000 давах төлөвтэй байна.

    Өмнө нь Турк улсад 1939 онд 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж ойролцоогоор 33000 орчим хүн амь үрэгдсэн бол 1999 онд  Истанбул, Мармарис зэрэг хотуудыг хамарсан газар хөдлөлтөөр нийт 17000 орчим хүн амь үрэгдсэн байдаг. Тухайн үед тус улсын эдийн засаг эмзэг, том хэмжээний байгалийн гамшгийн байдалд бэлэн бус, онцгой байдлын үед ажиллах туршлага харьцангуй бага байсан.  Энэ удаагийн газар хөдлөлт нь 1939 онд болсон газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болж байна. Нэг өдрийн дотор 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон тул асар их хэмжээний хохирлыг нийгэм, эдийн засагт учруулах нь тодорхой. Өмнө болж байсан газар хөдлөлттэй харьцуулахад энэ удаагийн нөхцөл байдлыг илүү хурдан даван туулах чадамжтай, туршлагатай байх болов уу гэсэн хүлээлттэй байна.  Газар хөдлөлтийн бүсэд олон арван мянган байшин барилга нурсан  бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаанд одоогийн байдлаар 25000 орчим албан хаагч нар дэмжлэг үзүүлж байгаа нь гамшигт байдлыг даван туулахад бэлтгэлтэй, туршлагатай байгааг харуулж байна. Түүнчлэн олон улсын тусламжийн байгууллага болон 50 орчим улс орнуудаас дэмжлэг илгээж байгаа нь нөхцөл байдлыг даван туулахад маш том нэмэр болж байна.

    Сири улс мөн адил газар хөдлөлтийн гамшигт асар их хэмжээний хохирол амсаж, маш хүнд нөхцөлд байгаа. Сирийн хувьд Турк улстай харьцуулахад эдийн засаг, дэд бүтэц, хүн хүч, эмнэлгийн салбар, онцгой байдал, аврах ажиллагаа зэрэг бүхий л талаараа хүчин чадал сул учир олон улсын байгууллага болон бусад улс орнуудаас очих тусламж, дэмжлэг ижил хэмжээнд байгаасай гэж бодож байна. Мөн цаг агаарын байдлаас улбаалаад бороо, цастай хүнд нөхцөлд аврах, эрэн хайх ажиллагаа явуулахад бэрхшээлтэй, амь нас тулсан асуудал яригдаж байгаа учир цаг хугацаатай уралдан бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа гэж мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.

    Хэдийгээр гамшгийн байдал Турк улсын эдийн засагт маш хүнд цохилт болж, олон талын сорилтуудыг авчирч байгаа ч түүнээс авах сургамж нь цаашид техник технологи болон барилгын салбарт томоохон шинэчлэлийг авчрах  болов уу. Ялангуяа даван туулах чадвартай, хариуцлагатай хот төлөвлөлт болон барилгын салбарт шинэ стандарт нэвтэрч илүү хяналттай болох байхаа. Ер нь Туркийн барилгын салбар маш чанартай байдаг. Истанбул, Анкара зэрэг томоохон хотуудад баригдаж буй байшин барилгын чанар маш хурдацтай хөгжиж байгаа ч бүс нутгуудаас хамаараад барилгын чанар нь өөр өөр байна.  Би Туркийн Анкара хотод оюутан байхад оршин суугчдын барилга голдуу 5-10 давхар байдаг байсан. 10-аас дээш давхар барилга ер нь л цөөхөн байдаг байсан. Гэтэл саяны газар хөдлөлтөд 5-10 давхар барилгууд нуран унаж, газартай тэгшлэгдэж байгаа нь барилгын салбарын хувьд дотооддоо маш их шүүмжлэлийг дагуулж байна. Иймд цаашид барилгын салбарт технологийн томоохон өөрчлөлт гарах болов уу.

    Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд БНТУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд хоёр орон нь олон мянган жилийн тэртээгээс түүх, соёлын дотно харилцаатай байсаар ирсэн. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байгаа.  Ялангуяа худалдаа эдийн засаг, бараа эргэлт, аялал жуулчлалын салбарт харилцаа онцгой сайн байгаа нь 50 гаруй жилийн түүхэнд маш идэвхтэй харилцааны илрэл болж байна.  2010 оноос Монгол иргэд Турк улс руу визгүй зорчих болсноор өнөөгийн байдлаар 8000 орчим Монгол иргэд Турк улсад сурч, ажиллаж амьдарч байна. Истанбул хотод хамгийн их монгол иргэд сурч, ажиллаж байгаа гэсэн судалгаа бий.

    Турк улс нь Ази, Европ тивийг холбосон, гео-стратегийн, гео-эдийн засгийн хувьд маш онцгой газар зүйн байршилтай. 2022 оны байдлаар Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 23-т орж байна. Энэ удаагийн газар хөдлөлт нь зөвхөн Турк, Сирийн асуудал биш бусад улс орнуудын хувьд ч томоохон сургамж, анхааруулга болж байна. Ялангуяа манай улс Туркийн Гамшиг, онцгой байдлын ерөнхий газрын туршлага болон барилгын салбараас суралцах зүйл маш их байгаа гэж бодож байна.




Бусад мэдээлэл