Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Орос судлалын салбарын судлаачид олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов
Орос судлалын салбарын судлаачид олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов

   Академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын Орон нутаг судлалын музейн 135 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотноо 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд Улаанбаатар, Москва, Воронеж, Эрхүү, Улаан-Үд зэрэг хотоос эрдэмтэн, судлаачид уригдан оролцсоны дотор ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан “И.Я.Коростовецын тэмдэглэл дэх Эрхүү ба 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ”, ЭША, доктор А.Наранжаргал, ЭША Б.Мөнхцэцэг нар “Монгол Улсын хойд хил: Хиагтын хилийн боомт ба Алтанбулагийн чөлөөт бүсийн хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

   Түүнчлэн, 2025 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд “Мунгал” сургууль үүсэн байгуулагдсаны 300 жилийн ойд зориулсан “Орос, Монгол: Түүхэн туршлага, орчин үе, ирээдүйн хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан юм. Байкалын улсын их сургууль дээр зохион байгуулагдсан тус хуралд Орос дахь Монгол судлалын түүх, Орос-Монголын харилцаа, орчин үеийн Орос-Монголын харилцааны эдийн засаг, улс төр, нийгэм, эрх зүй, соёлын аспект, Монгол Улсын боловсрол, соёл, урлаг чиглэлээр Монгол Улс, ОХУ-ын 50 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан Эрхүү хотын түүхэнд холбогдох чиглэлээр, мөн эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Хишигжаргал, эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар “Цар тахлын дараах үеийн Монгол-Оросын боловсрол, соёлын хамтын ажиллагааны онцлог” сэдвээр тус тус илтгэл тавин оролцсон байна.

   Эдгээр эрдэм шинжилгээний хурлууд нь Монгол-Оросын харилцааны цаашдын хөгжлийн хүрээнд хоёр улсын эрдэмтдийн хамтарсан судалгааг дэмжиж, ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох, бүс нутгийн хөгжил, соёлын өвийг хамгаалахад хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.


Мэдээ бэлтгэсэн. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭША Б.Мөнхцэцэг




Бусад мэдээлэл