Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид, багш нарын төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу Толгой” уурхайн цогцолборт зочилж, тус компанийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, дэд бүтэц, байгаль орчны менежменттэй танилцан, уул уурхайн салбарын хөгжил, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Айлчлалын үеэр төлөөлөгчид ил болон далд уурхайн олборлолт, хүдэр бутлах, баяжуулах технологи, үйлдвэрлэлийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, усны ашиглалт, дахин ашиглалт, байгаль орчны хяналт болон уурхайн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний талаар мэдээлэл авч, компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзлаа.
“Оюу Толгой” нь ил болон далд уурхайн олборлолтыг баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулсан Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон төслүүдийн нэг юм. Далд уурхайн үйлдвэрлэл үе шаттай өргөжиж, олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр нийт үйлдвэрлэлийн хүчин чадал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсөх төлөвтэй байгаа нь Монгол Улсын экспорт, төсвийн орлого, гадаад худалдаанд чухал нөлөөтэй болохыг танилцуулав.
Төлөөлөгчид мөн баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлага, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хяналтын тогтолцоо болон гүний уурхайн бүтээн байгуулалт, хүдрийн тээвэрлэлтийн шийдлүүдтэй танилцав. Улмаар говийн бүс нутгийн онцлогтой холбоотойгоор усны нөөцийн хамгаалалт, үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт, байгаль орчны мониторинг, нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар компанийн зүгээс дэлгэрэнгүй танилцууллаа.
Түүнчлэн уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн хөгжил, ажлын байр, үндэсний боловсон хүчний чадавх, дотоодын ханган нийлүүлэлтэд үзүүлж буй нөлөөллийн талаар санал солилцов. Томоохон уул уурхайн төслийн эдийн засгийн өгөөжийг олборлолт, экспортын орлогоор хязгаарлахгүйгээр үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоо, мэргэшсэн хүний нөөц, технологи, мэдлэгийн шилжилт болон орон нутгийн тогтвортой хөгжилтэй уялдуулах нь чухал болохыг онцолсон юм.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа зохион байгуулсан мэдээлэл солилцох уулзалт, бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын орчин, уул уурхайн салбарын геополитикийн ач холбогдол, “гуравдагч хөрш”-ийн бодлого, баялгийн үндсэрхэг үзэл, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчин болон орон нутгийн хөгжил зэрэг асуудлыг хөндсөн илтгэл, танилцуулгуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, улс төр судлалын доктор (Ph.D) Ж.Мэндээ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын өнөөгийн орчин, дотоод ба гадаад хүчин зүйлс” сэдвээр, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) Д.Мягмар “Их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах нь: Монголын “Гуравдагч хөрш”-ийн бодлого ба уул уурхайн салбарын үүрэг” сэдвээр, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнх-Өлзий “Баялгийн үндсэрхэг үзэл, хөрөнгө оруулалт ба бүрэн эрхт байдал: Тэнцвэрийг зөв олох нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Хөрөнгө оруулалтаас үр өгөөж хүртэл: Урт хугацааны үнэ цэнийг бий болгох нь” сэдвээр танилцуулга хийж, уул уурхайн томоохон төслөөс бий болох эдийн засгийн үр өгөөж, урт хугацааны үнэ цэн болон хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Үүний дараа тус компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд “Байгаль орчинд үзүүлж буй нөлөө, орон нутгийн иргэдтэй өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр танилцуулж, уурхайн үйл ажиллагааны байгаль орчны нөлөөлөл, орон нутгийн иргэдтэй хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн юм.
Илтгэл, танилцуулгуудын дараа “Оюу Толгой”-н үйл ажиллагаанд нөлөөлж буй болон цаашид нөлөөлж болзошгүй улс төрийн хүчин зүйлсийн талаар хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлж, тус компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер Э.Хонгорзул хэлэлцүүлгийг чиглүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн эрчим хүчний шилжилт, стратегийн болон чухал ашигт малтмалын эрэлт, зэсийн дэлхийн зах зээлийн төлөв, нийлүүлэлтийн сүлжээ, гадаадын хөрөнгө оруулалт, Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцов. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, эрчим хүч хуримтлуулах систем, цахилгаан сүлжээ, дижитал дэд бүтцийн хөгжил эрчимжиж буйтай холбоотойгоор зэс болон бусад чухал ашигт малтмалын стратегийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улс эрдэс баялгийн нөөцөө зөвхөн түүхий эдийн экспортын эх үүсвэр бус, эдийн засгийн төрөлжилт, технологийн хөгжил, гадаад эдийн засгийн харилцаа, үндэсний аюулгүй байдлын бодлоготой уялдуулан авч үзэх шаардлагатайг оролцогчид онцолж байлаа.
Мөн дэлхийн томоохон эдийн засгууд стратегийн ашигт малтмалын нөөц, боловсруулах хүчин чадал, технологи, нийлүүлэлтийн сүлжээгээ баталгаажуулах бодлогоо эрчимжүүлж буй нөхцөлд Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой, ойлгомжтой орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ үндэсний эрх ашиг, эдийн засгийн өгөөж, дотоодын боловсруулах үйлдвэрлэл, технологи, мэдлэгийн шилжилт, мэргэшсэн хүний нөөц, орон нутгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг цогцоор нь авч үзэх нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн уул уурхайн томоохон төслүүдийн үр өгөөжийг урт хугацааны тогтвортой хөгжилд чиглүүлж, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хүний нөөцийн хөгжилтэй уялдуулах шаардлагатай талаар байр сууриа хуваалцлаа.
Уулзалтын үеэр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх болон тус компанийн хамт олонд Шинжлэх Ухааны Академид зочилж, судлаачидтай уулзалт хэлэлцүүлэг хийх тухай ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлийн урилгыг уламжлан хүргэж, Шинжлэх Ухааны Академи болон уул уурхайн салбарын томоохон аж ахуйн нэгжийн хоорондын харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбаруудын хөгжлийн асуудлаар эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн харилцан мэдээлэл, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж буйг онцлов. 
Цаашид уул уурхай, стратегийн ашигт малтмал, эдийн засгийн аюулгүй байдал, гадаадын хөрөнгө оруулалт, технологийн хөгжил, байгаль орчин, бүс нутгийн хөгжил зэрэг харилцан уялдаатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их сургууль, бодлогын байгууллага болон үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгаанд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг тогтмолжуулах нь чухал болохыг талууд тэмдэглэв.
Судалгааны байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачдын энэ удаагийн танилцах айлчлал Монгол Улсын эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий томоохон уурхайн үйлдвэрлэлийн бодит үйл ажиллагаа, технологийн хөгжилтэй газар дээр нь танилцаж, уул уурхайн салбарыг эдийн засаг, олон улсын харилцаа, геополитик, үндэсний аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийн өргөн хүрээнд авч үзэн санал солилцсоноороо чухал ач холбогдолтой боллоо.



