Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн “Евроазийн Эдийн Засгийн Холбоо ба Монгол Улс: боломж, сорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр Монгол Улс болон Евроазийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилт, эдийн засаг, худалдаа, экспорт, импортын бодлогод үзүүлэх нөлөө, цаашдын боломж, сорилтыг олон талын оролцоотойгоор хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн “Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудын худалдааны өнөөгийн байдал”, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор (Ph.D), профессор Н.Отгонсайхан “Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн Монгол Улсын гадаад худалдаанд үзүүлэх нөлөө”, ГЕГ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, доктор (Ph.D) Д.Цэндсүрэн “Худалдааг хөнгөвчлөх болон институтийн хамтын ажиллагааны зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газраас холбогдох танилцуулга хийсэн байна.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, бизнесийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, өргөн хүрээнд санал солилцсон болно.
Дашрамд дурдахад, Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудын хооронд 2025 оны 6 дугаар сарын 27-нд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их Хурлаар 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээр нь 3 жилийн хугацаатай бөгөөд хоёр талаас ижил тооны буюу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн мөрийн түвшинд 367 нэр төрлийн бараанд импортын гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохирсон юм.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн гаралтай экспортын бараанд ногдуулж буй 15-50 хувийн тарифыг бууруулах, мөн Монгол Улсад үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай 42 нэр төрлийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний импортын тарифыг 89 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр талын гаалийн бүрдүүлэлтийг 4 цагийн дотор хийх зэрэг тарифын бус саадыг шийдвэрлэхээр уг хэлэлцээрт тусгасан нь худалдааг хөнгөвчлөх чухал алхам болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, уг хэлэлцээрт тусгагдаагүй стратегийн ач холбогдол бүхий импортын зарим бараа, бүтээгдэхүүнийг нэмж тусгах боломжийг судлах, Монголын экспортод одоо ч тулгарч буй тарифын бус хориг саадыг арилгах, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийг тодорхойлох шаардлагыг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг илүү үр ашигтай, үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой санал, дүгнэлтүүдийг нэгтгэсэн арга хэмжээ боллоо.





