Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Зочин эрдэмтний лекц” арга хэмжээ зохион байгуулав
“Зочин эрдэмтний лекц” арга хэмжээ зохион байгуулав

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочин эрдэмтний лекц” арга хэмжээний 2026 оны эхний зочноор Япон улсын Хоккайдо Их сургуулийн Слав, Евроази судлалын төвийн профессор Акихиро Ивашита уригдан оролцож “THE UKRAINE WAR: PERSPECTIVES FROM NORTHEAST ASIA” сэдвээр лекц уншив.

   Профессор Ивашита илтгэлдээ олон улсын харилцааны дэг журам өөрчлөгдөж буй энэ цаг үед Зүүн хойд Ази (ЗХА)-ийн бүс нутгийн орнуудын харилцааны динамик улам бүр ээдрээтэй болж байгааг дурдаад, бүс нутгийн геополитикийн цаашдын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх боломжтой талаар өөрийн байр суурийг илэрхийлэв.

   Тэр бээр Украины дайн дэлхийд албан бусаар “Хүйтэн дайн 2.0” эхэлснийг зарласан үйл явдал болсон хэмээгээд түүний тусгал их гүрнүүдийн ашиг сонирхлын уулзвар цэг болох Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин эмзэг болж байна гэв.

   Хэдийгээр зөрчилдөөнтэй байгаа ч Зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд хил орчмын бүсийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нь дайны дараа бүс нутгийн тогтвортой дэг журам бүтээх үндэс болохыг цохон тэмдэглэж илтгэлээ өндөрлүүлэв.

   Илтгэлийн дараа ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон бусад байгууллагын эрдэмтэн судлаачид цаг үеийн болон илтгэлийн сэдэвтэй холбоотой асуулт асууж, харилцан санал солилцов.

 

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтанхишиг








Бусад мэдээлэл