ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Олон улс судлал-2024: Монголын Герман судлал” эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын нэгний өдөр Чингис Хаан музейд амжилттай зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагаанд ХБНГУ-ын ЭСЯ-ны соёлын атташе хатагтай Л.Мюллер-Деку, Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Л.Удвал, доктор, профессор Г.Төмөрчулуун нарын хүндэт зочид, Монгол дахь Гётё институтийн захирал ноён Л.Хайдекер, Фридрих Эберт сангийн менежер Д.Мөнхцацрал, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төслийн менежер ноён С.Бургхоф, Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ы төлөөлөгч ноён К.Келлнер, ЕХ-ны GOPA төслийн менежер Б.Батзул болон энэ чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд, дунд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, ТББ-ын 40 орчим судлаач эрдэмтэд оролцсон юм.
Хурлыг нээж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Д.Золбоо хэлсэн үгэндээ “...ХБНГУ бол манай хамгийн чухал гуравдагч хөршүүдийн нэг, Баруун Европ дахь манай хамгийн ойрын түнш. Үүний сацуу германчуудын хүн төрөлхтний сэтгэлгээ, шинжлэх ухаан, урлаг соёл, техник технологи зэрэг бүх салбарт оруулсан хувь нэмрээрээ харьцуулшгүй агуу үндэстэн…” гэдгийг онцоллоо. Түүнчлэн, “бид тэднээс бүх талаар суралцах ёстой. Гэхдээ шинжлэх ухаанчаар, системтэй суралцах нь илүү ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. ХБНГУ-ын соёлын атташе Л.Мюллер-Деку хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, ЭСЯ цаашид Олон улс судлалын хүрээлэнгийн цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Өнгөрсөн тавдугаар сард ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ГХЯ хамтран “Монгол Улс ба ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны 50 жил, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан бол энэ удаагийн хурал герман хэл соёл, орон судлалын чиглэлээр дагнан хийж байгаагаараа онцлог юм.
Энэ хуралд МУИС-ийн ШУС-ийн герман хэлний ахлах багш Г.Эрдэнэнаран, Ж.Ариун “Монголын Герман судлал: МУИС-ийн жишээн дээр”, мөн тус сургуулийн багш Б.Энхболд “Германы соёлын бодлого”, Хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн ахлах багш Д.Мягмардорж “Дипломат албан дахь дижитальчлал: ХБНГУ-ын жишээгээр”, Ерөнхийлөгчийн зөвлөх доктор Ц.Түвшинтөр “Логикийн шинжлэх ухааны хөгжилд германы логикчдын оруулсан хувь нэмэр”, Герман-Монголын Уул уурхайн дээд сургуулийн герман хэлний багш Б.Батсүрэн “Монгол дахь герман хэлний тестийн стандарт”, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш Г.Баасанхүү “Хүйтэн дайны үеийн германы остполитик, түүний олон улсын харилцаан дахь нөлөөлөл” зэрэг сонирхолтой илтгэлүүдээр оролцож, өөрсдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс танилцуулж хэлэлцүүллээ.
Олон улс судлалын хүрээлэнгээс энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан хоёр хурлын материалыг “Олон улс судлал-2024” цуврал эмхэтгэлдээ хэвлүүлэхээр бэлтгэж байна.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш
орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан Б.Санжаажав