Бүгд Найрамдах Австри Улсын ерөнхийлөгч анх удаа манай улсад айлчилсан билээ. Түүний айлчлалын эргэн тойрон дахь асуудлаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч доктор (Ph.D) Ч.Цэрэннадмидтай ярилцлаа.
- Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен саяхан манай улсад айлчиллаа. Түүний айлчлалын үр дүнг та хэрхэн ажиглаж байна вэ?
- Австри улс бол Их Британийн дараа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн өндөр хөгжилтэй хоёр дахь улс юм. Тус улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Австри улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал байлаа. Иймд түүхэн ач холбогдолтой айлчлал болсон гэж үзэж байна. Австри улсын Гадаад хэргийн сайд 1982 онд, Үндэсний Зөвлөлийн дарга 2002 онд, Гадаад хэргийн дэд сайд нь 2017 онд Монгол Улсад албан айлчлал хийж байжээ.
Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь манай хоёр орны харилцааны түүхэнд чухал айлчлал болохын зэрэгцээ геополитикийн тодорхой бус үед тив дамнасан хамтын ажиллагаа ямар чухал болохыг харуулж байна. Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен ч “Энэ удаагийн төрийн айлчлал нь манай хоёр орны харилцааны түүхэн дэх чухал үйл явдал боллоо” хэмээн айлчлалын эхэнд онцлон тэмдэглэж байсан.
Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь Австри улсын Ногоон намын даргаар ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй, үндсэн хууль, хуулийн засаглалыг тууштай дэмжигч, шинжлэх ухаан, боловсролын салбарт ойр байдаг профессор хүн. Тэр бээр энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх аялалд Австри улс, шинжлэх ухааныг дэмжигч хийгээд бизнесийн түншийн хувиар Монгол Улстай хамт гарахад бэлэн, хоёр талт хамтын ажиллагаа болон олон улсын тавцанд ч хамтран ажиллахад бэлэн, “Гагцхүү бид хамтдаа хүчтэй” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
- Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн хамтарсан тунхаглал гаргалаа. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
- Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалт хийж, албан ёсны олон хэлэлцээр хийсэн. Тухайлбал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, уул уурхай, эдийн засаг, түүх соёл, шинжлэх ухааны гээд олон чухал салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, одоо байгаа харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд 10-аад санамж бичиг, протокол зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри улсын Шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич С.Дэмбэрэл, Австрийн талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Ийнхүү шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрээ шинэ агуулга, хөтөлбөрөөр баяжуулан шинэчилснээр хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа улам тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, шинжлэх ухааны салбарын судлаачдыг чадавхжуулахад чиглэсэн олон ажил хийхээр тохиролцсон байна. Үүний нэг жишээ бол “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академи хэлэлцээрийг 2025-2030 онд хэрэгжүүлэх протокол”-д хоёр орны ШУА-ийн ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа. Энэ протоколын хүрээнд эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх ажлууд хийгдэнэ.
- Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямархуу байдаг юм бэ. Аль салбарт түлхүү зонхилж байна вэ?
- Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцан итгэлцэл сайн байж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих хүртэл манайхтай идэвхтэй худалдаа эрхэлж байсан барууны цөөн орны нэг бол Австри улс. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комисс 1994 онд байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хооронд гурав дахь удаагийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр 2019 онд байгуулж байсан түүхтэй. Энэ удаагийн айлчлалын үеэр өмнөх санхүүгийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Уул уурхай, инновац, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, хөгжим, соёл, урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан “Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, Австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцлоо.
- Ер нь австричууд Монголоос юу авах сонирхолтой байдаг юм бэ?
- Австричууд Монгол Улсыг хурдацтай хөгжиж буй зах зээл, эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд онцгойлон анхаарч байгаа. Энэ нь Австрийн компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал дэд бүтцийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бий гэж үздэг.
Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж хардаг.
- Бүгд Найрамдах Австри улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчиллаа. Манай хоёр орны харилцааны түүхэн уламжлалаас сонирхуулахгүй юу?
- Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улстай 1963 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. Хэдийгээр 60 гаруй жилийн өмнө албан ёсоор дипломат харилцаа тогтоосон ч Монгол Улсын барууны бусад улс орнуудтай харилцах харилцааны нэгэн адил 1990-ээд оны эхэн үе хүртэл соёл, нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжиж байсан. Тэгвэл хоёр орны харилцаа, 1990-ээд оноос идэвхжиж эхэлсэн юм. 2023 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Тухайлбал, нийслэл Вена хотод хоёр орны засгийн газар хоорондын комиссын хуралдаан, 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо бизнес форумууд амжилттай зохион байгуулагдаж байсан. Мөн Австри, Монголын Найрамдлын Бүлгийн гишүүд Улаанбаатар хотноо анх удаагаа албан ёсны айлчлал хийж байжээ.
Эх сурвалж: https://dnn.mn/