Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Элчин сайдын уулзалт” уламжлалт арга хэмжээг зохион байгуулав
“Элчин сайдын уулзалт” уламжлалт арга хэмжээг зохион байгуулав

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн “Элчин сайдын уулзалт”-ыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Евсиков Алексей Николаевич ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд зочилж, “Монгол-Оросын харилцааны асуудалд” сэдвээр илтгэл тавив. Уулзалтад ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн болон эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, хүрээлэнгүүдийн судлаачид өргөнөөр оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

   Уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж, тус хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн хөтлөн явуулав. Хэлэлцүүлгийн үеэр элчин сайд болон хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид хоёр орны харилцаанд тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал бодлоо солилцов. Уулзалтын төгсгөлд хүрээлэнгүүдийн зүгээс өөрсдийн сүүлийн үеийн судалгааны бүтээлийн дээжээс элчин сайдад гардуулав.

   Уулзалтын дараа эрхэмсэг ноён Элчин сайд Евсиков Алексей Николаевич, Элчин зөвлөх Акулова Анна Сергеевна нар Олон улс судлалын хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, хүрээлэнгийн түүхэн замнал, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл, сүүлийн үед хийгдэж буй судалгааны ажлын үр дүн болон тус хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэмтэн судлаачдын Орос орон, Оросын гадаад бодлого, Монгол-Оросын харилцааны чиглэлээр гаргасан судалгааны бүтээлүүдтэй танилцаж, хоёр талын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны байгууллага хоорондын харилцааг эрчимжүүлэх боломжийг онцлов.


      Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭША Б.Хишигжаргал











Бусад мэдээлэл