Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“АКАДЕМИЧ Ч.ДАЛАЙ-90” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“АКАДЕМИЧ Ч.ДАЛАЙ-90” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


 Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Чулууны Далай (1930-2009)-н мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Академич Ч.Далай-90” эрдэм шинжилгээний хурлыг их эрдэмтний мэндэлсэн нутаг Ховд аймгийн Зэрэг сумнаа  2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр  ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”, Ховд аймгийн ИТХ, Зэрэг сумын ИТХ, ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгууллаа.

    Эрдэм шинжилгээний хурлын үеэр Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Зэрэг сумын Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Чулууны Далайн нэрэмжит сургууль болгосон юм. Академич Ч.Далайн нэрэмжит сургуулийн нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандай, “Тод номын гэрэл төв”-ийн гүйцэтгэх захирал, доктор На.Сүхбаатар, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн дэд захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Зэрэг сумын Засаг дарга н.Октябрь болон эрдэмтэн судлаачид,академич Ч.Далайн үр хүүхдүүд, гэр бүлийн төлөөлөл оролцож үг хэллээ.

    Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ “Зэрэг сумын сургуулийг академичийн нэрэмжит болгоод зогсохгүй өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар нийгмийн шинжлэх ухаанд академич Ч.Далай судлал хэмээх шинэ чиглэл үндэс сууриа тавьж байгаа”-г цохон дурдсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм.

    “Академич Ч.Далай-90” эрдэм шинжилгээний хурлыг академичийн судалгааны чиглэлийн хүрээнд Монголын түүх, Ойрад Монголын түүх, ёс заншлын сэдвээрх илтгэлүүдээр голлон бүрдүүлсэн бөгөөд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, профессорД.Золбоо, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ЭШТА, ШУГЗ, доктор, профессор Д.Хайсандай нар “Академич Чулууны Далайн амьдрал үйлс, эрдэм судлалын өв” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүлжээ.

    Мөн академич Ч.Далайн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Эрдмийн Далай” дурсамжийн номыг шинэчлэн өмнө 2010 оны хэвлэлтийг нэмэн засварлаж гаргасан байна.

Тус хурлын дараагаар хуралд оролцсон төлөөлөгчдийг Ойрад монголчуудын аж төрөх ёсон, Захчин түмний түүх соёлтой танилцах, аман зохиол, тод үсгийн дурсгалыг илрүүлэх, судлах зорилгоор Зэрэг, Манхан, Мөст, Алтай, Үенч сумуудын нутагт эрдэм шинжилгээ судалгааны аяллыг Түүх, соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”-өөс Зэрэг, Манхан, Үенч сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд:

“Академич Чулууны Далайн амьдрал үйлс, эрдэм судлалын өв” 

    - Д.Золбоо (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор)

    - Л.Хайсандай (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ЭШТА, Монгол Улсын ШУГЗ, доктор, профессор)

Их Монгол улсын түүхийн судалгаа ба Ч.Далай

    - П.Дэлгэржаргал (МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн дэд захирал, доктор, профессор)

Академич Ч.Далайн Ойрадын түүх бичлэгт оруулсан хувь нэмэр

    - Г.Пүрэвдорж (Ховд Их сургуулийн Нийгмийн ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор)

“Академич Ч.Далайн эрдмийн өв 9 боть бүтээлийг эмхэтгэж байгаа нь

    - Р.Төрдалай(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор)

    - Ш.Догмийчойдон (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан)

“Академич Чулууны Далай ба Солонгос судлал”

    - И.Энхболд (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор)

Ойрадын чуулганы баруун, зүүн гар (1630-аад оны сүүлээс 1676 он)

    - На.Сүхбаатар (МУБИС-ийн Түүхийн тэнхмийн багш, “Тод номын гэрэл төв”-ийн Гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор)

Монголын автономитыг устгасныг батлан илэрхийлсэн өргөх бичгийг Хятадын ерөнхийлөгчид хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Алтайн урианхайн Баруун амбаны хошуу ноёны хэргийг түр хамаарагч Чүлтэм да лам оролцсон нь (1920 он)

    - М.Ганболд (Ховд Их сургуулийн Нийгмийн ухааны тэнхмийн багш, доктор, профессор)

“Ховд дахь Хятадын хоёр том пүүсийн тухайд”

    - Д.Базардорж (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор)

Баатарлагийн тууль дахь “Алтай” уулын нэр, дүрслэл

    - Б.Нанжид (МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, Халимагийн Их сургуулийн докторант)

Галдан бошгот хааны тамганы бичээсийг уншихуй

    - Х.Бямбажав (“Тод номын гэрэл төв”-ийн Соёл хариуцсан захирал, МУИС-ийн докторант)

Зүүнгар, Манж улсын элч нар харилцан явах зам, түүний зураглал

    - Л.Энхсаруул (Хятадын Ардын Их сургуулийн Чин улсын судалгааны төвийн магистрант)

Ховдод суусан Манжийн сүүлчийн амбан Бо руний намтарыг тодруулах нь

    - Ү.Мөнхдагва (Өвөр Монголын Их сургуулийн Түүхийн салбарын докторант)

Захчин түмний аман харилцааны утга бэлгэдлийн онцлог

    - Б.Болд-Эрдэнэ (МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн дэд захирал, доктор, профессор)

Захчин хоёр хошуунд байгуулагдсан намын үүр “Намын анхдугаар цэвэрлэгээ”-ний үед

    - Б.Адьяа (Үндэсний Төв архивын ЭША, магистр)

Захчин малгай, хувцасны бэлэгдэл

    - Ч.Туулцэцэг (Үндэсний Музейн ЭША. МУИС-ийн докторант)

Зүүнгарын Гулзын сүмээс Захчинд уламжилсан үнэт зүйлс

    - Г.Ядамжав (“Тод номын гэрэл төв”-ийн Шашин хариуцсан захирал, Манхан сумын ЗДТГ-ын дарга, Эх бичиг судлалын магистр)

Захчины тоглоом наадгай, түүний уламжлал

    - О.Алтанзаяа (СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Судалгааны баримтын сангийн эрхлэгч, докторант)







Бусад мэдээлэл