Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Судлаачдыг чадавхжуулах сургалт болов
Alternate Text

    ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс эрдэмтэн судлаачдаа чадавхжуулах сургалтыг тогтмолжуулан зохион байгуулах зорилтынхоо хүрээнд Монголын Номын сангийн консорциумтай хамтран 2021 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд төлөвлөгөөт сургалтыг зохион байгууллаа. 

    Энэ удаагийн сургалтад Монголын Номын сангийн консорциумын гүйцэтгэх захирал Л.Гантулга, академич Ж.Тэмүүжин нар оролцон хүрээлэнгийн эрдэмтэн  судлаач нарт эрдэм шинжилгээний мэдээлэл, судалгааны санхүүжилт хайх аргачлал, алхмууд, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, зохиогчийн эрхийг хүндэтгэх, сэтгүүлийн үнэлгээний төрлүүд, сонгон хэвлүүлэхэд анхаарах зөвлөмж, хуурамч (асуудалтай-predatory) сэтгүүлд хэвлүүлэхгүй байх зөвлөмж, ORCID, Crossref олон улсын санаачилгууд, эрдэм шинжилгээний бүтээлд номзүй хийх нээлттэй программ хангамжийг ашиглах, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд хөндлөнгийн шинжээчийн байр суурь, судалгааны үнэлгээний сүүлийн үеийн чиг хандлага, бусад тулгамдаж буй асуудлуудыг хамруулан лекц уншиж, сонирхсон асуултад хариулт өгөн чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь ач холбогдолтой боллоо.

    Хүрээлэнгийн захиргааны зүгээс энэ удаагийн сургалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах үүднээс эрдэмтэн судлаачдаа цахимаар оролцуулахад анхаарч ажилласан байна.

    Энэхүү сургалтаас өмнө тус хүрээлэн нь цахим мэдээллийн сан бүрдүүлэх төслийн сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр "Mongolian Digital Knowledge Solutions" ХХК-тай хамтран мөн амжилттай зохион байгуулж, цахим санд судалгааны бүтээлийг байршуулахтай холбогдсон аргачлал зааварчилгааг хариуцсан ажилтнууддаа өгсөн  байна. Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэн дээр Монголын Номын Сангийн Консорциумтай хамтран хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд цахим сан үүсгэн “Дорно дахин судлалын асуудал”, “Өрнө Дорно”, “Зүүн хойд Ази судлал”, “Пакс Монголика” сэтгүүлийн 1978-2000, 2015-2018 он хүртэл бүх сэтгүүлийг цахим болгох ажил эхэлсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-нд бүрэн хэрэгжиж дуусах юм. 

    Дээрх төсөл хэрэгжсэнээр тус хүрээлэнгийн 1978 оноос хойш 43 жилийн хугацаанд хэвлүүлсэн бүх сэтгүүл бүрэн цахим болох бөгөөд цаашид олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны үр дүнг сурталчлах хүрээнд хүрээлэнгийн зарим бүтээлийг цахимжуулан нэгдсэн сан үүсгэхээр ажиллаж байна.






Бусад мэдээлэл