ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Европ судлалын тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуультай хамтран “Европ судлал VII: Хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний Баасан гарагт МУИС-ийн Номын сан болон хичээлийн II, V байранд танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын нээлтийн хуралдаанд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/ Д.Золбоо, Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Биндэрьяа, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн захирал, доктор /Ph.D/ Н.Алтантөгс нар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч, ноён Марко Ферри “Монгол Улс дахь Европын холбооны үйл ажиллагаа ба Европт суралцах тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, МУИС-ийн багш, доктор /Ph.D/ С.Баттулга “Resilience ба олон улс, орон судлал: Чиг хандлага, оролдлого, үр өгөөж” сэдвээр Монгол Улс дахь олон улс, гадаад орон судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг дүгнэсэн илтгэлийг танилцуулав.
“Европ судлал VII” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Олон улсын харилцаа, орон судлал”, “Хэл шинжлэл, орчуулга зүй”, “Гадаад хэлний боловсрол” гэсэн гурван салбар хуралдаантай явагдаж, нийт 39 илтгэл хэлэлцүүлсний дотор Франц, Герман, Унгар, Орос, Хятадаас эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ өөрийн биеэр хүрэлцэн ирж болон цахимаар танилцуулсан байна. Түүнчлэн, хамтран зохион байгуулагч байгууллагуудын багш, судлаачдаас гадна Сити их сургууль, Мандах их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвэд, Будда судлалын хүрээлэн, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Улсын Их Сургууль, В.И.Вернадскийн нэрэмжит Крымийн Холбооны их сургуулийн багш, судлаачид оролцон илтгэлүүдээ хэлэлцүүлсэн юм.
Хурлын хаалтын үйл ажиллагааг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/ Д.Золбоо хөтлөн явуулж, салбар хуралдаануудын чиглүүлэгчид хурлын үр дүнг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ удаагийн хурал нь цар тахлаас хойш анх удаа танхим, цахим хосолмол хэлбэрээр зохион байгуулагдаж, Монгол Улс дахь Европ судлалын талаар сүүлийн үеийн судалгааны онцлох үр дүнгээ харилцан танилцуулснаараа онцлог болсон юм.
Мэдээг бэлтгэсэн: Б.Хишигжаргал, Орос судлалын салбарын ЭША, магистр