ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Мэндийн “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн ярилцлага.
- Газын зурвас дахь одоогийн мөргөлдөөний үндсэн шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?
- Палестин, Израилын хооронд үүссэн мөргөлдөөнийг дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн ширүүн маргаануудын нэг гэж үздэг. Мөргөлдөөний шалгаан нь олон мянган жилийн өмнөөс үүдэлтэй. Түүхэн газар нутгаа булаацалдаж, түүнийгээ нотлох гэсэн оролдлогоос болсон гэхэд болно. Араб болон Еврей үндэстэн хоорондын үл зэрэгцсэн оршихуйн хямрал, Ислам ба Иудейн шашин хоорондын сүсэг бишрэлийн тэмцэл, нүүдлийн соёл хийгээд суурин соёл хоорондын тэмцэл мөргөлдөөн гэж харж болно. Энэ хямралыг хоёр үндэстэн хооронд болж буй тэмцэл гэж харахаас илүүтэй үзэл санааны хямрал, мөргөлдөөн гэж харж болох талтай. Талуудын хямрал түүхэн газар нутагтаа дэлхийгээр тарсан еврейчүүдийг цуглуулан Ховройн улс байгуулах, түүнийг “Израил” хэмээн нэрлэх, нөгөө талаас Палестины ард түмний төрсөн, эх нутгаа авч үлдэх чин хүсэл эрмэлзэл ширүүсэн тэмцэл болж хурцадсаар 1949 онд болсон Ойрх Дорнодод томоохонд тооцогдох дайныг үүсгэсэн байдаг.
- Энэ асуудалд барууны орнууд тодорхой хэмжээнд оролцож ирсэн нь дайныг өдөөх бас нэгэн шалтгаан болсон уу?
- Ерөнхийдөө тийм. Дайныг өдөөгч бас нэг хүчин бол мэдээж барууны томоохон колоничлогч улс болох Их Британийн Ойрх Дорнодод явуулсан улс төрийн нарийн бодлоготой шууд уялддаг. Палестины газар нутаг дээр еврейчүүдэд “үндэсний гэр”-ээ засах боломжийг хүлээн зөвшөөрснөөр тус мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж байна. Улмаар энэ дайн даамжирч явсаар, 1956 оны Суэцийн хямрал, 1967 оны зургаан өдрийн дайн, 1973 оны дайн, 1982 оны Ливийн дайн, 2006 оны Ливийн хоёр дахь дайн гэх мэтчилэн явсаар 2023 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн Газын зурваст болсон тэмцэл, мөргөлдөөнийг судлаачид томоохон цар хүрээг хамарсан Израил Хамасын дайн гэж үздэг. Их Британийн тарьсан энэ асуудлыг эдүгээ НҮБ ч дангаараа шийдэх боломжгүй болтлоо томорч, бүс нутаг, дэлхийн шинжтэй томоохон тулгамдсан асуудлуудын нэг болсон.
- Мөргөлдөөний асуудалд Израил болон Палестинчууд одоо байр сууринаас хандаж байна вэ?
- Олон жил үргэлжилсэн мөргөлдөөн, дайныг Израилын тал тусгаар тогтнолын төлөөх дайн гэж үздэг бол палестинчууд газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөөх тусгаар тогтнолын дайн гэж үзэж ирсэн. Өнгөрсөн оны долоодугаар сард НҮБ-ын Дээд шүүх Олон улсын шүүхээс Израилыг Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байсаар байгаа нь хууль бус гэж мэдэгдсэн. Энэ нь өнөөгийн Израил гэгдэх улсын оршин суугчдыг эргүүлэн татах ёстой гэсэн санаа бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, олон улсын гэрээг илтэд зөрчсөн хэрэг гэж мэдэгдсэн боловч хэрэгжих эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
- Газын зурваст болсон тэмцэл, мөргөлдөөн сүүлдээ дайны шинжтэй болж байна гэж судлаачид үздэг гэж та хэлсэн. Ер нь яагаад энэ Газын зурвасыг онцолж, тодорхойлох болсон юм бэ?
- Газын зурвас нь Израил, Египет, Газар дундын тэнгисээр хүрээлэгдсэн газар. 41 км урт, өргөн нь 10 км. Дайны өмнө Газын зурвас дахь хот 2.3 сая хүн амтай байсан. Бага талбайтай газар нутагт маш шигүү суурьшилтай, ажилгүйдлийн түвшин өндөртэй томоохон хот байв. Газын зурвас нь Египеттэй хил залгах Рафах боомттой, Израилын хяналтад байх хойд талаараа Эрез, баруун өмнөд хэсэгт орших Керем Шалом гэсэн боомт гарцуудтай юм. Газын зурвас нь 1948 онд Египетэд эзлэгдсэн Ойрх Дорнодын дайны үр дүнд бий болсон. Палестинд авч үлдсэн хилийн зурвас газраас үүдэлтэй газар нутаг юм. 2005 онд Израил Газын зурвасаас цэрэг, оршин суугчдыг дангаар нь эргүүлэн татсан ч хуурай газар, агаарын хилийн орон зайд хяналтаа үлдээж уугуул иргэдийн хөдөлгөөнийг хянаж ирсэн. НҮБ-аас Газын зурвасыг Израилын эзэмшил хяналтад байгаа газар нутаг гэж үзсээр ирсэн ч 2006 онд Хамас Палестины сонгуулиар ялалт байгуулж, дараа жилээс ширүүн тэмцэл явуулсны үр дүнд өрсөлдөгч Израилын талыг хөөн зайлуулсан байна.
- Сүүлийн жилүүд мөргөлдөөний нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
- Хамас болон Израил 2008,2009 онд болон 2012, 2014 онуудад хэд хэдэн томоохон мөргөлдөөнийг хийж байсан. 2021 оны тавдугаар сард хоёр талын хооронд гарсан томоохон мөргөлдөөн 11 хоногийн дараа дууссан байх жишээтэй. 2023 онд эхэлсэн Газ хотын хил дээр болсон тэмцэл хүрээгээ улам тэлж Ойрх Дорнодын бүс нутгийг хамарч хэд хэдэн орон татагдан орж Израилын эсрэг тус дайнд нэгдэн оролцсон. Газ дахь Хамасын тэмцлийг дэмжиж Ливийн Хезбола, Сирийн шийтүүд, Ирак, Иран, Йемений хуситууд дайнд нэгдэн оролцож байгаа бол Израилын талд Барууны тал хийгээд АНУ-ын цэрэг зэвсгийн шууд дэмжлэгийг авч дайны хүрээ улам тэлж хямрал улам даамжрах шинжтэй байна. Иран улсын хувьд Израилын эсрэг сөрөн зогсож, нөлөөлөлд бодитой хариу өгч чадах Ойрх Дорнодын цөөн хэдэн улсуудын нэг, бараг цорын ганц хариу үйлдэл үзүүлж чадаж буй улс хэмээн судлаачид тэмдэглэж байна. 2025 оны зургаадугаар сард Иран, Израилын талууд харилцан бие биедээ пуужингийн болон агаарын цохилтуудыг ээлж дараалан өгсөн. Энэ үйл явц бол Израилын Ойрх Дорнодыг эрхшээх өөрийн бодлогоор удирдах гэсэн олон оролдлогуудын нэг гэж шинжээчид үзэж байна. Хэрэв АНУ Израилын талд мөргөлдөөнд шууд татагдан орох аваас Иран улс зохих арга хэмжээ авна гэдгийг НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Али Бахрейни мэдэгдсэн байдаг. Газ дахь мөргөлдөөн бүс нутгийг хамарсан томоохон зөрчил тэмцлийг үүсгэж болзошгүй нөхцөл байдалтай байгааг тэмдэглэх нь зөв байх. Мэдээж энэ бол зөрчилдөгч талуудын хүсэж буй үр дүн биш. Олон харилцаанд гарч буй олон өөрчлөлтүүдийн нэг болж хувирах байх.
- Иргэдийн эсрэг үйлдэгдэж буй ажиллагаа хүний эрхийн ямар зөрчилд тооцогдож болох вэ?
- НҮБ-д дүрвэгчээр бүртгүүлсэн нийт 5.9 сая орчим палестинчууд байна гэсэн тоо баримт байна. Газ дахь дайны улмаас хүмүүсийн амьжиргаа дээд зэргээр алдагдаж орох орон, хоол хүнсний, цэвэр усны хангамж алдагдаж байж болох сүйрлийн дээд цэгтэй тулсан хэвээр байна. Бүс нутгийн орнууд санаа зовж байх төдийгүй Орос, Хятадын тэргүүтэй их гүрнүүдийн зүгээс хүмүүнлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэх боломжуудыг хайсаар байна. Газын зурвас дахь хүний эрхийн асуудал, нөхцөл байдал байж болох хамгийн хүнд хурц хэлбэрт байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал, ундны цэвэр ус, орон байрны асуудал маш хүнд байдалтай байна. Бүхэл бүтэн нэг үндэстнийг устгаж, залхаан цээрлүүлж буй дүр зураг бий болсон хэмээн Израилын дэглэмийг буруутган бүс нутгийн болон их гүрнүүдийн зүгээс Орос, Хятад шүүмжилж байна.
- НҮБ, ICRC, IAEA зэрэг олон улсын байгууллагууд энэ нөхцөлд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
- 2025 оны нэгдүгээр сард 15 сар үргэлжилсэн дайны эцэст НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд гэв гэнэт ухаарсан мэт “Газ дахь хүмүүнлэгийн хямрал, хүний эрхийг илтэд зөрчсөн“ болохыг нотолж тунхаг бичиг гарган гарын үсэг зурсан. Израилын барьцаалагдсан болон палестин хоригдлуудыг суллах тохиролцоонд хүрсэн. 2024 оны тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орноос 143 нь палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх хүсэлтийг дэмжсэн байдаг. АНУ-ын хамтаар Европын зарим улс Палестин улсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 2014 онд Их Британид парламентын гишүүд хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн боловч Засгийн газар нь хүлээн зөвшөөрөөгүй байх жишээтэй.
- Израил, Палестины талын дотоод улс төр энхийн үйл явцад хэрхэн нөлөөлж байна?
- Эртний хот Иерусалимыг Израил улс өөрийн нийслэл хэмээн зарласан асуудлыг хөндөж ярих ёстой болов уу. Олон үндэстний хот, олон шашин, соёл зэрэгцэн оршдог гэдгээрээ алдартай энэ эртний хотыг минийх мөн чинийх биш гэсэн тэмцлийн сүүдэр дайрч өнгөрөхдөө 1967 оны дайнаар Баруун Иерусалимыг аль хэдийн хяналтдаа байлгаж байсан. Израил Зүүн Иерусалимыг эзлэн авч, дараа нь хотыг бүхэлд нь байнгын нийслэлээр зарласан нь саяхан. Иерусалимыг хувааж болохгүй хэмээн талууд үздэг байсан авч начир дээрээ аль хүчтэй нь өөрийн эзэмшилд авч байдлыг улам хүндрүүлсэн. Зүүн Иерусалимыг Палестинчууд ирээдүйн Палестин улсын нийслэл гэж үздэг, биширдэг дээдэлдэг байв. Баруун, Зүүн Иерусалимын төв хэсэгт орших Аль Акса сүм болон түүний ариун дагшин газрыг булаацалдсаар ирсэн бөгөөд энэ маргааныг Израилын тал нэг мөсөн шийдсэн нь Палестинчуудын дургүйцлийг төрүүлсэн хэвээр байна. Иерусалимыг Израилын нийслэл болоход хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс бол АНУ.
- Энхийн хэлэлцээр хийх нөхцөл хэр бүрдэж байгаа вэ?
- Геополитикийн зарим шинжээч тухайлбал, Оросын шинжээчид Биньямин Нетаньяхугийн зарласан Израилын цэргийн стратегийн ажиллагааг шүүмжилж, Хамас бүлэглэлийг бүр мөсөн устгах зорилго нь биелэх боломжгүй гэж үзэж буй. Энэ хэвээр байр сууриа хадгалах аваас энхийн хэлэлцээрийг үр дүнтэй явуулахад бэрх гэж үзэж байна. Ойрх Дорнод дахь Палестин, Израилын зөрчил тэмцлийг зогсоох бодит гарц дайн биш. Хоёр улсын хооронд үүссэн жирийн нэгэн улс төрийн зөрчил гэж харагдахгүй байгаа бөгөөд энэ нь бүс нутгийг хамарсан томоохон мөргөлдөөнийг эхлүүлэх шинж төлөв ажиглагдаж байна. Учир нь үзэл санааны ялгаатай байдал арилахгүй бөгөөд энэ нь их гүрнүүдийн мөнхийн ашиг сонирхолтой шууд холбогддог. Хамас Израилын дайныг үүсгэж буй түүний ар талд буй дэмжигч их гүрнүүд байгаа тохиолдолд дайн, хямрал түр зуур намжих болохоос бүр мөсөн бол арилахгүй юм.