Вэбсайтын цэс
Хэлний сонголт
КАРЛО ГАСТОНЕТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА - ОРОСЫН НЭР ХҮНДТЭЙ ДУРСАМЖИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ, МОНГОЛ ДАХЬ ТУРИНЫ ХҮН
КАРЛО ГАСТОНЕТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА - ОРОСЫН НЭР ХҮНДТЭЙ ДУРСАМЖИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ, МОНГОЛ ДАХЬ ТУРИНЫ ХҮН

   “Христийн Европ” сэтгүүл нь олон улсад нэр хүндтэй гэр бүлтэй холбоотой, Оросын үнэт түүхэн дурсамжийг тээгч доктор Карло Гастонетой хийсэн ярилцлагыг нийтэлж байгаадаа таатай байна. Энэхүү дурсамж нь түүх бичлэг, геополитик болон олон улсын харилцааны хувьд онцгой ач холбогдол бүхий түүхэн хандлагыг харуулж байгаа юм.

   Карло Гастоне нь аж үйлдвэрийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн бөгөөд 1950 онд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төржээ. Хэд хэдэн гадаад хэл эзэмшсэн тэр бээр бага насныхаа нэг хэсгийг Хавана болон Нью-Йорк хотод өнгөрүүлжээ. 1960-аад оны эхээр Итали руу эргэн ирж, Турины Монкальери дахь Карло Альберто коллежид ахлах сургуулиа төгсөөд, Туринд хууль зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна. Ажил мэргэжлийн шаардлагаар тэр бээр Нигерийн Лагос, Италийн Брешиа, мөн Польшийн Слупск хотод амьдарч, удирдах албан тушаал эрхэлж байжээ. Сүүлийн жилүүдэд тэр бээр хувьсгал, дайны уршгаар мартагдсан гэр бүлийнхээ түүх, угсаа гарлыг нарийвчлан судлах болсон байна. Орос угсаа гарлаа сонирхон судалж байсан тэр бээр 2012 оны 1 дүгээр сард ээж нь нас барсны дараа эмээгийнх нь чемоданд хадгалагдаж байсан гэрчилгээ, бичиг баримтууд, үнэ цэнтэй гэрэл зургуудын цуглуулга, мөн франц хэлээр бичигдсэн хэд хэдэн дэвтрийг олсон байна. Эдгээр дэвтэрт түүний эмээ Ольгагийн дурсамж багтсан бөгөөд Карло Гастоне багадаа Санремод өвөөг нь амарч байх үед эмээгийнхээ сонирхолтой яриаг сонсон урам авч, тэдгээрийг бичиж үлдээхэд нөлөөлсөн аж. Эмээ нь дурсамждаа өөрийн эцэг Иван Яковлевич Коростовецийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

 

   Иймээс тэр бээр өөрийн санаачилгаар “Memoires. Ольга И. Коростовец (1895–1993). Нэгэн үеийн тэмдэглэл” (Pathos Edizioni, 2020), дараа нь элэнц өвөөгийнх нь бүтээл болох “Персийн арабескүүд. Иван Яковлевич Коростовецийн улс төрийн дурсамжууд” (Pathos Edizioni, 2021) номыг хэвлүүлэхээр шийджээ. Эдгээр бүтээлүүд нь өмнө нь огт хэвлэгдэж байгаагүй бөгөөд Оросын дипломат түүхийн үнэт баримтуудыг анх удаа олон нийтэд хүргэж буйгаараа онцлог юм. Тэдгээр нь тухайн цаг үеийн нэрт төлөөлөгчдийн нэг болох Коростовецийн амьдрал, үйл ажиллагааг өгүүлсэн чухал эх сурвалж болдог. Түүнийг Оросын нэрт судлаач Павел Н. Дудин “хамгийн тод төлөөлөгчдийн нэг” хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр дурсамжид зохиогч Хятадтай байгуулсан Портсмутын гэрээ, мөн Монголтой байгуулсан Найрамдлын гэрээний амжилтын дараах өөрийн дипломат албаны сүүлчийн жилүүд (1913–1918)-ийн үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Улс төрийн нөхцөл байдлын улмаас тэр бээр баривчлагдахаас зайлсхийж, цөллөгт гарахаас өөр аргагүйд хүрсэн байна. Бүтээлд Персэд Оросын Бүрэн эрхт сайдаар ажиллаж байсан үе (1913–1915)-д голлон анхаарсны дээр өөр олон сэдэв багтжээ. Сонирхол татахуйц энэхүү дурсамжид тухайн үеийн улс төрийн үйл явдлуудаас гадна нутгийн зан заншил, уламжлал, түүх, газарзүй, бүс нутгийн шашин шүтлэг, мөн Визант–Персийн уран зохиол зэрэг өргөн хүрээний сэдвийг дэлгэрэнгүй тусган өгүүлсэн байна.


   Карло Гастоне Нугкар К.Терогановтай хамтран бичсэн “Персийн арабескүүд: Тегеран дахь Оросын эзэнт гүрний Бүрэн эрхт сайд Иван Я.Коростовецийн хэвлэгдээгүй дурдатгал (1913–1915)” англи хэл дээр хэвлэгджээ. Уг бүтээлийг 1749 онд байгуулагдсан Walter de Gruyter GmbH хэвлэлийн газар Studies on the Modern East цувралын хүрээнд “Персийн арабескүүд: Иван Яковлевич Коростовецийн улс төрийн дурсамжууд” нэртэйгээр олон нийтэд хүргэжээ.

   1899 онд Хятадад гарсан гадаадын колончлогчдын нөлөөллийн эсрэг Боксчдын бослого зэрэг эмгэнэлт үйл явдлыг бидэнд дахин нэг сануулах түүхэн баримттай бид нүүр тулав. Энэхүү бослого нь “Боксын сургууль” гэдгээрээ алдартай кун-фугийн олон сургууль дээр суурилж байлаа. Анхандаа “Шударга ёс, эв нэгдлийн боксчид” нэртэй байсан эдгээр “боксын сургууль”-ийг номлогчдын тэмдэглэлд ердөө “боксчид” хэмээн орчуулж байсан юм. Хятадын зүүн хойд мужуудад эдгээр боксчид 200 гаруй католик болон протестант номлогч, мөн 32,000 орчим хятад христэд итгэгчдийг хэрцгийгээр хөнөөжээ. Энэ үе нь Манжийн төрийн дор доройтож байсан Хятадад гадаадын их гүрнүүд газар нутаг эзлэх, нөлөөллийн бүсээ тогтоох, уурхай, төмөр замын барилгын гэрээг булаан авахын төлөө өрсөлдөж байсан цаг байлаа. Их Британи, Орос, Япон, Франц, Герман зэрэг улс энэ нутаг дэвсгэрийн төлөө тэмцэлдэж байв. Барууны эсрэг хөдөлгөөн 1899 онд эхэлсэн бөгөөд харин барууны цэргийн хүчний эсрэг дайн 1900 оны 6 дугаар сард эхэлж, 1901 оны 9 дүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжилжээ. Энэ бүхэн нь Чин гүрний сүүлийн жилүүдэд болсон түүхэн үйл явдал юм.

   2023 онд Карло Гастоне өөрийн өвөг дээдсийн дурсамжид өгүүлсэн үйл явдлуудыг биечлэн нягтлах зорилгоор Чингис хааны өлгий нутаг Монгол Улсад аялжээ. Тэр бээр энэ аяллынхаа үеэр Оросын дипломатч, II Николай хааны Бүрэн эрхт төлөөлөгчийг өнөө хүртэл гүнээ хүндэтгэн, нөхөрсгөөр дурсаж байдгийг олж мэджээ. Энэ түүхэн хүнийг большевикуудын дэглэмийн үед зориуд мартагдуулсан бөгөөд түүний баримт бичгүүд Хаант Оросын үеийн бусад олон материалын адил нууцлагдан хадгалагдаж ирсэн байна. Харин өнөө үед эдгээр эх сурвалжууд аажмаар ил болж, судалгааны эргэлтэд орж эхэлж байгаа аж. Үүний зэрэгцээ Монголыг Хятадын нөлөөллөөс хамгаалах Орос-Монголын найрамдлын тухай гэрээ байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн дипломатч Иван Яковлевич Коростовецийн үйл хэргийг онцлох эрмэлзэл ч гарч байгаа юм. 2014 онд түүнд зориулсан хөшөөг нээсэн бөгөөд нээлтэд Владимир Путин оролцож байлаа.



Зургийн тайлбар: Иван Яковлевич Коростовецийн дурсгалд зориулсан хөшөөнд улаан сарнай өргөж буй ёслол. Энэхүү хөшөөг 2014 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээсэн бөгөөд нээлтэнд Владимир Путин оролцож байв. (2023 оны 9 дүгээр сарын 14).

  - Та өөрийн Орос угсаа гарлын талаар, ялангуяа элэнц өвөө Иван Яковлевич Коростовец, мөн эмээ Ольга Страццерийнхээ тухай бидэнд ярьж өгнө үү?

   - Энэ талаар асуусанд баярлалаа. Асуулт тань маш өргөн хүрээтэй учраас миний угсаа гарлыг тухайн үеийн түүхэн бодит нөхцөл, тохирох орчинд авч үзэн, Коростовецын удмын гарал үүслийг тайлбарлах боломжийг надад олгож байна.

   XVII зууны дунд үед амьдарч байсан, уг овгийн эртний төлөөлөгчдийн нэг Михаил Коростовецийн тухай баримт бий. Тэр бээр язгууртан гаралтай бөгөөд 1069 оноос улбаатай Остожа хэмээх сүлд тэмдгийг эзэмшдэг Польшийн Хростовскийн угсаанд харьяалагдаж байжээ. Энэхүү сүлд тэмдгийн үүсэл нь 1058–1080 онд хаанчилж байсан “Зоригт” хэмээн алдаршсан Болеслав II хаантай холбоотой. Тэр бээр хурандаа Остожаг эр зориг, үнэнч байдлынх нь төлөө язгууртан цолоор шагнаж, түүний гэр бүлийг татвараас чөлөөлсөн байна. Үүнээс хойш уг сүлд нь тухайн удмын эрхэмсэг гарал үүслийн бэлгэдэл болон уламжлагдан иржээ.

   Харин Иван (1862–1933) болон түүний охин, миний эмээ Ольга (1895–1993) нар Хувьсгалаас өмнө Оросын эзэнт гүрний үед амьдарч байжээ.

Зургийн тайлбар: Ольга Ивановна Коростовец Страццерид

   Иван Яковлевич Коростовец бол миний элэнц өвөө юм. Тэр бээр 1862 онд Киев хотод төрж, Александр Македонскийн нэрэмжит Эзэн хааны лицейд суралцан, 1884 онд Оросын Гадаад хэргийн яаманд ажилд оржээ. II Николайн хаанчлалын үед тэр бээр амжилттай дипломатч болж, Бразил, Португал, Хятад, Монгол, Перс зэрэг улс оронд ажиллахын дээр туршлагатай дорно дахин судлаач, зохиолч байсан юм. Миний элэнц өвөө Хаант Орос улс задран унахаас өмнөхөн Вашингтонд Оросын элчин сайдын алба хашиж байлаа. Дараа нь тэр бээр олон орон руу зугтаж, 1933 онд Парис хотод сураггүй болсон байна.

   1905 онд тэр бээр Портсмутын гэрээ гэдгээрээ алдартай Орос–Японы дайныг дуусгах энхийн хэлэлцээнд оролцож, гарын үсэг зуржээ. Мөн тэр жилдээ дахин дипломат хэлэлцээнд оролцож, улмаар 1912 онд Өргөө хотод (одоогийн Улаанбаатар) байгуулагдсан Орос–Монголын Найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээг Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан үндсэн эрх зүйн баримт бичгүүдийн нэгд тооцогддог.

   Ольга Ивановна Коростовец Страццери (1895–1993) бол миний эмээ юм. Тэр бээр 1895 оны 10 дугаар сарын 17-нд Бразилийн Петрополис хотод Иван Яковлевич Коростовец болон Александра Гордановна нарын гэр бүлд төржээ. 1916 онд Ром хотод Италийн Хааны тэнгисийн цэргийн офицер Ренато Страццеритэй гэрлэсэн байна. Тэр бээр ирээдүйн нөхөртэйгөө 1910–1911 онд Бээжин дэх Италийн Элчин сайдын яаманд, граф Карло Сфорцагийн ажиллаж байх үед танилцжээ. Ольга амьдралынхаа нэгээхэн хэсгийг эцгийнхээ дипломат албаны замналыг даган өнгөрүүлж, улмаар Италид нөхрөө нас барах хүртэл нь хамт амьдарсан байна. Тэр бээр 1993 онд Санремо хотод нас баржээ. Эмээ минь өөрийн дурсамжийг франц хэлээр бичиж үлдээсэн бөгөөд би тэдгээрийг хожим нь Турин хотын “Pathos Edizioni” хэвлэлийн газраар 2020 онд итали хэл дээр “Ольга И. Коростовец (1895–1993)-ын дурдатгал. Нэгэн эриний тэмдэглэл” нэртэйгээр хэвлүүлсэн юм.

   Тэр бээр баяр баясгалантай, үнэнч сударга, хүнд нөхцөл байдлыг үнэлж чаддаг нэгэн байж. Түүнчлэн хувьсгалын улмаас цагаачилсан бусад оросуудын нэгэн адил эмгэнэлт үйл явдлыг туулсан ч нугараагүй эр зориг, сэтгэлийн хаттай эмэгтэй байв. Түүнчлэн, амьдралынхаа туршид хүндхэн хувь тавилан туулж, зовлон бэрхшээлтэй нүүр тулгарч байсан ч үргэлж инээмсэглэдэг дөлгөөхөн хүн байлаа.

   - Та эмээтэйгээ холбоотой баримт бичгүүдийг хэрхэн олж байв?

   Үр хойчдоо зориулж амьдралынхаа дурдатгалыг бичиж үлдээгээч гэж 1960-аад онд би эмээгээсээ гуйж байлаа. Хожим нь энэ гуйлт мартагдсан ч чухамхүү үүний ачаар л эдгээр дурдатгал үлдсэн юм. Тухайн үед би түүнийг надад ярьж өгдөг байсан түүхээ энгийн нэг хичээлийн дэвтэр дээр бичиж өгөхийг гуйж байлаа. Зуны улиралд өдрийн хоолны дараа өвөө маань унтаж, түүнийг сэрэх хүртэл эмээ ганцаараа үлдэж, нэлээд уйддаг байлаа. Эмээгийн яриа нь ихэвчлэн аавтайгаа хамт Дорнын алс хол, содон орнуудаар аялж явсан тухай амьдралын дурсамжууд, мөн XX зууны эхэн үед Персийн шах Ахмадтай уулзсан зэрэг онцгой үйл явдлуудыг өгүүлсэн сонирхолтой түүхүүд байсан юм.



      - Таны элэнц өвөө Орос–Монголын Найрамдлын гэрээнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Яг ямар үүрэгтэй оролцож байв?

   Энэ асуултын хариулт уншигчдад эргэлзээ төрүүлж болзошгүй. Тиймээс энэ асуултын хариултыг тухайн салбарын судлаачдад үлдээх нь зүйтэй гэж бодож байна. Юуны өмнө, Иван Я. Коростовецийн Найрамдлын гэрээнд гүйцэтгэсэн үүргийг тодруулахын тулд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Оохнойн Батсайханы 2021 оны 5 дугаар сарын 20-нд нийтэлсэн нэгэн өгүүллээс товч эш татах нь зүйтэй. Энэхүү өгүүллийн зорилго нь 1912 оны 11 дүгээр сарын 3-нд Орос, Монголын хооронд байгуулсан Найрамдлын гэрээний бодит түүхийг тодруулж, уг баримт бичгийн хоёр улсын харилцааны түүхэн дэх үүрэг, ач холбогдлыг илэрхийлэх явдал юм. Монгол, Оросын харилцааны суурийг 1921 оны гэрээ гэж олон судалгаанд дурддаг бөгөөд өнөөг хүртэл ийнхүү үзсээр байгаа ч энэ нь бодит түүхэн нөхцөлтэй бүрэн нийцэхгүй юм.

   Энд нэг бүрчлэн дурдахад хэтэрхий уртдах хэд хэдэн санааны эцэст судлаач Коростовец бол энэ гэрээний “архитектор” нь байсан гэж дүгнэсэн байдаг. Энэхүү гэрээ нь 1911 онд Монгол Улс нэг талаар тусгаар тогтнолоо зарласны дараа түүний бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, тухайн үеийн нөхцөлд Хаант Орос улсад шинэ геополитикийн байр суурийг бий болгосон чухал баримт бичиг болсон юм.

   Би дахин эш татъя. “Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа Оросын Гадаад яамны сайд Сазонов эл гэрээний талаар Хятадын засгийн газарт мэдээлэхийг албан ёсоор өөрийн элчин сайд Крупенскийд үүрэг болголоо. Эл үүргийн дагуу Бээжинд Оросын элчин Крупенский Хятадын Гадаад яамны сайдад 1912 оны 10 дугаар сарын 26-нд уламжлахад, Хятадын Гадаад яамны сайд “Орос улс Монголын Засгийн газрыг хүлээн зөвшөөрчихлөө” “Харин Дундад Иргэн улсыг хүлээн зөвшөөрөөгүй л байгаа шүү» хэмээн сануулсан байдаг. Энэ бол Орос улсын Засгийн газраас Монгол Улсыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 1912 онд Найрамдлын гэрээ, худалдааны протокол байгуулсан хэмээн дэлхийн улс орнууд ойлгож байсныг илтгэж буй хэрэг юм.”

   Түүнчлэн “... Мөн хэсэг хугацааны дараа Оросын Гадаад яамнаас Коростовецэд цахилгаан ирсэн бөгөөд түүнд Монголын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн тухай Эзэн хаандаа айлтгаж, Эзэн хаан нь уг илтгэл дээр өөрийн гараар “Коростовецэд миний талархал оногдож байна. Эзэн хааны ивээлийг хүлээн авна уу” хэмээн бичсэн байна..” гэсэн байдаг.

   Үүний зэрэгцээ ОХУ-ын Улаан-Үд хот дахь Дорнод Сибирийн Технологийн Улсын Их Сургуулийн судлаач Павел Николаевич Дудиныг онцлон дурдахыг хүсэж байна. Би Монголд Иванын талаар судалгаа хийж байхдаа түүнтэй харилцаж, мөн тэр бээр 2017 онд “И.Я. Коростовец-1912 онд Өргөөд байгуулагдсан Оросын дипломат төлөөлөгчийн газар болон Монгол улсын бүтээгч” хэмээх сонирхолтой өгүүлэл бичсэнийг би интернэтээс олж мэдсэн.

   Энэ өгүүлэлд “Зохиогч [П.Н. Дудин] дипломат захидал харилцаа, бусад эх сурвалжууд, мөн тухайн үеийн хүмүүсийн дурсамжид тулгуурлан 1911–1912 онд Монголын төр улсыг байгуулах үйл явцад Оросын дипломат бодлого болон түүний тод төлөөлөгчдийн нэг Иван Коростовецийн гүйцэтгэсэн үүргийг тодорхойлон судалжээ. Түүнчлэн зохиогч дипломат төлөөлөгчийн өмнө тулгарсан сорилтууд болон тэдгээрийг хэрхэн даван туулсныг шинжилж, Монголын статусын асуудлаарх талуудын байр суурь, үндэслэлийг дэлгэрэнгүй танилцуулсан байна” гэж бичсэн байдаг.



Иван Яковлевич Коростовец бүрэн ёслолын дүрэмт хувцастай.
   Цааш нь:
   “Урт бөгөөд хүнд хэцүү хэлэлцээний үр дүнд Коростовец монголчуудыг тодорхой буулт хийхэд, хятадуудыг цэргийн ажиллагаа эхлүүлэхгүй, өдөөн хатгалгад автахгүй байхыг зөвшөөрүүлэхэд, мөн Оросын Гадаад хэргийн яам хэрэгжүүлж буй арга хэмжээний ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Түүний туршлага, шийдэмгий байдал, зан чанарын хат, нэр хүнд нь Өргөө дэх Оросын төлөөлөгчийн газрын амжилтыг хангаж, улмаар цаашдын олон арван жилд Оросын зүүн хилийг хамгаалахад чухал нөлөө үзүүлсэн байна.”
Энэ яриаг цааш үргэлжлүүлэн, Ром хотын LUISS – Guido Carli их сургуулийн профессор, Италийн судлаач Фабрицио Рудиг онцлон дурдах нь зүйтэй. Тэр бээр Монгол, Оросын хооронд 1912 онд байгуулсан Найрамдлын гэрээний 110 жилийн ой, мөн Оросын дипломатч Иван Я. Коростовецийн мэндэлсний 160 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан юм. Тус бага хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн санаачилгаар 2022 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд түүний илтгэлээс дараах хэсгийг эш татъя.
   “1912 оны 10 дугаар сарын 21 / 11 дүгээр сарын 3-нд байгуулсан Найрамдлын гэрээ болон түүнийг дагалдсан хэлэлцээ нь Монгол Улсын хувьд асар их ач холбогдолтой байсан. Энэхүү гэрээгээр Хаант Орос улсаас Монгол Улс болон түүний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, хожим Монгол Улсын бүрэн эрхт байдлын эрх зүйн үндэс болон ашиглагдсан юм. Монгол ба Хаант Оросын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Хятадын тэлэх бодлогод хүчтэй цохилт өгч, улмаар Хятадын Засгийн газрыг Монголын асуудлаар Оростой хэлэлцээ хийхэд хүргэсэн байна.”
   Эцэст нь, Тель-Авивын их сургуулийн профессор Нугзар К. Тер-Оганов 2021 онд “Bylye Gody” сэтгүүлд нийтлүүлсэн “Иван Яковлевич Коростовец — Эзэнт Оросын дипломатч ба судлаач: Хятадаас Перс хүртэл” хэмээх өгүүлэлдээ дараах байдлаар тэмдэглэсэн байдаг:
   “… Портсмутын хэлэлцээр [Солонгосыг хянахын төлөөх Орос–Японы дайн]-ийг амжилттай дуусгасны дараа Орос улс нутаг дэвсгэрийн маш бага алдагдалтайгаар гарч ирсэн бөгөөд 1908 онд Коростовецийг Гадаад хэргийн яамны Нэгдүгээр хэлтэс (хуучнаар Азийн хэлтэс)-ийн дэд захирлаар хэсэг хугацаанд томилж, Алс Дорнодын асуудлын мэргэжилтэн хэмээн үнэлж байв. Ийнхүү Оросын Гадаад хэргийн сайд А.П.Извольский Эзэн хаан II Николайд илгээсэн илтгэлдээ Коростовецын Алс Дорнод дахь Хаант Орос улсын улс төрийн асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлэн тэмдэглэжээ. ‘Сүүлийн жилүүдэд ноён Коростовец Алс Дорнодын хэлтсийг удирдаж, Хятад, Японтой холбоотой бүх улс төрийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Тэр бээр эдгээр асуудлаар гүнзгий мэдлэгтэй бөгөөд манай Алс Дорнод дахь бодлогын бүх чухал шийдвэрүүдэд оролцож ирсэн. [Орос–Японы] дайны дараах нөхцөлд тэр бээр хөрш Хятадтай харилцааг бэхжүүлэхийг зорьсон. Коростовецийн онцгой дипломат чадварыг харгалзан үзэж, 1908 оны 5 дугаар сарын 9-нд Извольскийн саналын дагуу түүнийг Бээжинд Онц бөгөөд Бүрэн эрхт сайдаар томилсон бөгөөд тэр бээр энэ албан тушаалыг 1909–1911 онд хашсан.’”


Зургийн тайлбар: 1905 он, Портсмут: хэлэлцээний ширээний ард сууж буй Иван Яковлевич Коростовец


1912 оны 10 дугаар сарын 20, Өргөө: Найрамдлын гэрээнд гарын үсэг зурж буй Иван Яковлевич Коростовец болон Монголын эрх баригчид.



   - Монголд хийсэн таны аяллын зорилго юу байсан бэ? Мөн таныг хэрхэн хүлээн авсан бэ?

   Монголд аялахыг удаа дараа урьж байсан ч харамсалтай нь би эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас хоёронтаа татгалзахаас аргагүй болж байсан юм. Харин 2023 онд амлалтдаа хүрч, Чингис хааны өлгий нутаг Монголд очсон юм. Амлалтаа биелүүлэхийг туйлын ихээр хүссэний зэрэгцээ түүхэнд бичигдэж үлдсэн үйл явдлуудын талаар өөрийн биеэр нягтлан үзэх, цуутай өвөг дээдсийг минь одоо ч хүндэтгэн, нөхөрсгөөр ханддаг тэрхүү уур амьсгалыг биеэр мэдрэхийг хүсэж байлаа. Түүнчлэн, энэ аялалаараа дамжуулан Дэлхийн I дайны эхний жилүүдийн түүхэнд дутуу үнэлэгдсэн, Хаант Орос улсын энэхүү чухал төлөөлөгчийг дахин таниулахыг зорьсон юм. Учир нь большевикууд төр барьж байх үед зарим баримт бичгийг зориуд орхигдуулж, мөн Хаант Орос улсын үед олон баримт бичгийг чандлан нууцалсан байсан нь өнөө үед л аажмаар нээлттэй болж эхэлж байна.

   Монголд цөөн хоног байсан ч тэд намайг үнэхээр халуун дотно угтаж авсан. Монголчуудтай анх уулзахдаа л энэ бол хувь хүний л аялал, орос гарал угсаа сонирхол татах ч улс төрийн шинжтэй асуултад хариулахгүй гэдгээ тодорхой хэлсэн юм. Ингээд би олон хүнтэй уулзаж, ярилцлага өгч, зураг авахуулсан. Хүн бүр эелдэг, найрсаг хандсан, таагүй сэтгэгдэл нэг ч удаа тохиолдоогүй. Би чинь Монголд аялж байгаа, Турин хотоос гаралтай энгийн нэгэн жуулчин шүү дээ.

   Би дипломат салбарын төлөөлөгчид, тэндэхийн эрдэм шинжилгээний байгууллагынхан, мөн шашны зүтгэлтнүүдтэй уулзсан. Тэд бүгд салбар салбартаа хичээнгүйлэн ажиллаж, нэгнийхээ хил хязгаараа хүндэтгэн, бусдын хэрэгт хэт оролцохгүйгээр ажилладаг нь анхаарал татаж байлаа.

   Кардинал Жоржио Маренго биднийг халуун дотно, албан бус уур амьсгалд хүлээн авч, хэд хэдэн дурсгалын бэлэг гардуулсан юм.

Зургийн тайлбар: Доктор Гастонег Кардинал Жоржио Маренго хүлээн авч буй нь.


   

- Боксчдын бослогын түүхийг сурах бичигт оруулдаггүй шалтгаан нь юутай холбоотой гэж та боддог вэ?

   Үнэхээр сонирхолтой асуулт байна. Гэхдээ үүнд нарийн тайлбар шаардлагатай. Европ, тэр дундаа Италийн нөхцөл байдлын талаар ярьж байгаа бол улс орнуудын Боловсролын яам сургалтын хөтөлбөрт багтаах агуулгын талаар харилцан адилгүй чиглэл баримталдаг болов уу. Харин Дорно зэрэг бусад бүс нутгийн тухайд бол би энэ асуултад үндэслэлтэй хариулт өгөх хэмжээний хүн биш гэж өөрийгөө бодож байна.

Миний хувьд энэ сэдэв ихээхэн сонирхол татдаг. Боскчдын бослогын талаар олон ном уншсан. Эдгээр бүтээлүүд нь анхнаасаа ямар зорилготой бичсэн, хэрхэн танилцуулсан зэргээс хамаараад агуулга нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, зарим нь уг үйл явдлын гарал үүсэл, шалтгааныг тодорхойлохыг зорьсон судалгаанууд байхад, нөгөө хэсэг нь үйл явдлыг бараг нүдэнд харагдах мэт ойлгомжтой, энгийн хэлээр дүрслэн өгүүлсэн бүтээлүүд ч бий.

   Иван Я. Коростовецын олдсон баримт бичгүүдийн дунд “1900 оны Боксчдын бослого” хэмээх нэртэй тэмдэглэл олсны дараа би энэ үйл явдлыг ихээхэн сонирхох болсон юм. Хуучин кирилл үсгээр, бичгийн машинаар бичсэн энэхүү баримт нийт 437 хуудастай, одоогоор энэ баримтын агуулга, шинж чанарыг нарийвчлан тодруулах зорилгоор судалгааны хяналт (peer review)-ын шатанд байна. Энэ нь өөрөө маш сонирхолтой, бие даасан судалгааны сэдэв. Гэхдээ бидний ярилцлагаас арай хол сэдэв л дээ.

   - Таны бодлоор, Хятад улс өнөөдөр Орос–Америкийн харилцаанд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?

   - Томоохон цэргийн мөргөлдөөн өрнөж байгаа энэ үед таны асуултад шууд хариулах нь ихээхэн адармаатай. Та “өнөөдөр” гэж онцолсон нь тун оновчтой байлаа. Та ийнхүү онцолсноороо Хятад улс бүрэн хаалттай орон байсан өнгөрсөн үеийг биш харин өнөөгийн нөхцөл байдлыг сонирхож байна гэж би ойлгож байна. Гэвч Иваны амьдарч байсан цаг үеийг ч, бидний өнөөгийн цаг үеийг ч харьцуулан авч үзсэн нөхцөлд, харьцангуй богино хугацаанд өрнөсөн Хятадын хувьсал, нээлттэй болсон үйл явцыг тодорхойлон дүгнэх нь өнөөдөр ч амаргүй хэвээр байна.

   Гэсэн хэдий ч Хятад улс, үүнийг ил тод хүлээн зөвшөөрч байгаа эсэхээс үл хамааран, чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй гэж би хэлнэ. Үнэндээ би нухацтай таамаглал дэвшүүлэх хэмжээний хүн биш. Өнөөдөр мэдээллийн урсгалын хурд асар өндөр болсон учраас геополитикийн өөрчлөлтүүд бараг агшин зуур өрнөж, хяналт тавихад бэрх байна. Ийм нөхцөлд тодорхой, баталгаатай дүгнэлт хийх боломж тун хомс. Эцэст нь хэлэхэд, бидэнд хүлээж, ажиглахаас өөр зам бараг үлдсэнгүй.

   - Та Орос, Украйны хооронд өрнөж буй өнөөгийн дайны талаар ямар бодолтой байна вэ?

   Энэ бол миний хувьд маш эмзэг сэдэв. Учир нь би славян гаралтай хүн. Үнэндээ миний язгуур угсааг Орос, Украин эсвэл Польш гээд яв цав тодорхойлох боломжгүй.

   Миний судсаар тодорхой хэмжээнд славян хүний цус урсаж байдаг хүний хувьд энэ мөргөлдөөнийг хараад би ихээхэн эмзэглэдэг. Би үүнийг ахан дүүсийн хоорондын дайн гэж харахын зэрэгцээ хоёр талын хувьд эдийн засгийн ашиг сонирхол, улс төрийн ноёрхлын төлөөх тэмцэл давамгайлж байна гэж боддог. Энэ талаар эргэцүүлэн бодоход профессор Нугзар К. Тер-Оганов “Персийн арабескүүд” номын оршилдоо дараах сонирхолтой санааг дэвшүүлсэн байдаг:

   “Персийн арабескүүд”-д зохиогч Хаант Оросын Перс дэх гадаад бодлогын механизм, мөн тухайн бүс нутаг дахь Англи–Оросын өрсөлдөөний хүрээг нэлээд дэлгэрэнгүй гаргасан. Хаант Оросын бодлогыг Зөвлөлт Оросын Перс дэх бодлоготой харьцуулсны үндсэн дээр зохиогч нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байдаг. Тэр бээр Зөвлөлтийн бодлого нь үнэн хэрэгтээ шинэ үзэл суртлын хэлбэрээр илэрсэн ч агуулгын хувьд Хаант Оросын бодлогын тодорхой хэмжээнд үргэлжлэл байсан гэж үзжээ.”

   - Та 1917 оны цуст большевикуудын хувьсгал, Хаант Орос улс нуран унасны үр дагавар, мөн Оросын II Николайн гэр бүлийг хоморголон устгасан явдлын талаар ямар байр суурьтай байдаг вэ?

Би энэ ярилцлагын агуулгадаа тааруулж, аль болох товч, гэхдээ гол санааг нь багтаасан, зохистой хариулт өгөхийг хичээе. Миний хувийн үзэл бодол 1913 онд Оросын Лондон дахь элчин сайд, гүн Александр Константинович Бенкендорф Перс рүү мордохынх нь өмнө Иванд хэлсэн үгтэй ихээхэн нийцдэг.

   “... Мөргөлдөөнд Герман-Австри, Италийн аль нь ч ялсан бай, эсвэл Германы эсрэг эвсэл ялсан ч байлаа гэсэн үр дагавар нь өргөн цар хүрээтэй байхын дээр энэ нь Орост хувьсгал дэгдэх нь гарцаагүй гэж би үзэж байна” гэж хэлсэн байдаг.

Үнэндээ энэ үйл явц аль хэдийн 1905 онд эхэлсэн гэж хэлж болно. Миний үзэж байгаагаар хувьсгал нь Оросын хэв шинжтэй, Пугачёвын бослоготой төстэй боловч илүү зохион байгуулалттай, илүү өргөн хүрээг хамарсан хэлбэрээр өрнөх байсан.

Манай төрийн тогтолцоо энерц болон уламжлалын хүчээр үргэлжлэн оршиж байгаа ч ямар нэгэн хүчтэй донсолгоо гарвал төрт улс задрах үйл явцын эхлэлийг тавьж мэдэх юм.

   Тухайн үед гүн Александрийн хэлсэн нь нөхцөл байдлыг хэт бараанаар төсөөлж, бага зэрэг хэтрүүлж байна гэж би бодож байлаа. Орос улс сүйрэл дагуулах дайны босгон дээр ирсэн байна гэдэгт би тухайн үед итгэж чадаагүй.

   Энэ нь миний гүн Бенкендорфтой хийсэн сүүлчийн яриа байсан юм. Би түүнтэй дахин хэзээ ч уулзаагүй. Тэр бээр өөрийн таамаглаж байсан хувьсгал өрнөхөөс өмнө Лондон хотод нас барсан билээ. Түүний өгсөн зөвлөгөөг дагаагүйдээ харамсаж байгаагаа хэлэхээс өөр аргагүй юм” гэж Иван бичиж үлдээсэн байдаг.

   Улс төрийн тэрхүү цус урсгасан үйл явдлуудыг дэлхий дахин мэдсэн, энэ сэдвээр олон хэл дээр бичигдсэн, тайлбарласан ном бүтээл цөөнгүй бий. Гэсэн ч би өөртөө нэг чухал асуултыг байнга тавьдаг юм. Ёс зүй, оюун санаа, улс төрийн үүднээс авч үзвэл Хаант улсын мөхөл болон Большевикийн хувьсгалын үр дагавар үнэхээр эцэслэн дууссан уу? Эсвэл тэдгээрийн нөлөө өнөөдөр ч дэлхийн янз бүрийн улс оронд өөр өөр хэлбэрээр үргэлжилж, хувьсан өөрчлөгдсөөр байна уу?

   Романовын гэр бүлийг устгасан явдлын тухайд төсөөлж болох бүхий л тайлбар, дүгнэлт, таамаглал бараг бүгд бичигдсэн гэж хэлж болно. Зарим нь домогчилсон өнгө аястай, зарим нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, бүр далд эрх мэдлийн сүлжээтэй холбон тайлбарласан байдаг. Миний бодлоор, Оросын сэтгэлгээний онцлогийг харгалзан үзвэл анхны зорилго нь Романовынхныг ирээдүйд тахин шүтэх эсвэл үнэнч байдлын бэлгэдэл болон хувирахаас сэргийлэхийн тулд тэднийг бие махбодын хувьд бүрмөсөн устгах явдал байсан болов уу.

Эх сурвалж: https://www-europacristiana-com

Орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭШДаА Э.Буянбилэг


Бусад мэдээлэл