Нөхцөл байдал: АНУ-д халдварын тохиолдол огт буурахгүй байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар “Ковид-19” цар тахлын улмаас амь насаа алдсан хүний тоо 268 мянга даваад байна. Энэ нь АНУ-д 10 хүрэхгүй сарын хугацаанд “Ковид-19” нь бүтэн жилийн хугацаанд цус харвах, амиа хорлох, автомашины ослоор амь насаа алдах зэргийг нийлүүлснээс илүү хүний аминд хүрсэн гэсэн үг юм. [1] 11 дүгээр сарын 25-ны оройн байдлаар халдварын шинээр бүртгэгдсэн тохиолдол 145 мянга болж өссөн нь цар тахал дэгдснээс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Долоо хоногийн дунджаар авч үзвэл, АНУ-д халдвар хамгааллын арга хэмжээг оройтож авсан, үүний дээр улс төржсөн болон худал мэдээлэл их байсан зэрэг нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан өнөөдөр өдөр бүр 1,176 хүн нас барж байгаа нь хамгийн их халдвар тархаж буй дараагийн улсууд болох Энэтхэг, Бразиль улсын нэг өдрийн дундаж нас баралтаас хавьгүй илүү байна. Өөрөөр хэлбэл, тус улс халдвар хамгааллын талаар олон улсын хамгийн тааруу жишээ туршлага болохоор байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д халдварын нийт 13.2 сая орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10 саяас давсан тохиолдол бүртгэгдсэн дэлхийн цорын ганц улс болоод байна.[2]
“Ковид-19” халдвар тархсан үед хөл хорионы дэглэм тогтоох нь хамгийн үр дүнтэй байна
Нийт 51 судалгааны[3] үр дүнд тулгуурласан симуляцын судалгаанаас үзэхэд, хөл хорионы загварчилсан арга хэмжээ нь “Ковид”-19 цар тахлаар өвчлөх хүний тоо, нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байна. Хөл хорионы дэглэм тогтоосон тохиолдолд, “Ковид-19”-ээр өвчлөх хүний тоо хамгийн багадаа 44 хувиар, хамгийн ихдээ 96 хувиар буурдаг болохыг дээрх судалгаа нотолж байна. Үүнтэй адил, хөл хорионы дэглэм тогтоосноор нас баралтын тоо хамгийн багадаа 31 хувиар, хамгийн ихдээ 76 хувиар буурахаар байна. “SARS болон MERS-ийн талаар хийсэн судалгаануудын үр дүн нь “Ковид-19”-ийн талаарх судалгаатай тохирч байгаа ажээ.[4]
Дархлааг дэмжихэд ус тогтмол уух нь тустай
Ус ууж байх нь коронавирусын халдвар авахаас сэргийлнэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй боловч шингэн тогтмол хэрэглэж байх нь хүний дархлааны систем хүчтэй байхад нөлөөлдөг байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, ус нь хүний биеийн температурыг тогтмол байлгах, үений зөөлөн эдийг тосоор хангах, нуруу, нугас болон бусад мэдрэмтгий эд эсийг хамгаалах, биеэс шингэн ялгаруулах зэргээр хэрэггүй бодисыг гадагшуулах зэрэгт тустай.[5] “Усыг тогтмол уух нь үргэлж сайн нөлөөтэй бөгөөд энэ нь биеийн бүхий л үйл ажиллагаанд тустай[6] гэж АНУ-ын Бостон хотын “South Shore” эмнэлгийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Симон Уайлдес хэмээн зөвлөж байна.
Цусны нөөцийг таслуулдахгүй байх арга хэмжээ авч байна
Цар тахлын үед АНУ-ын цусны нөөц, хангамжид урьд өмнө байгаагүй хомсдол, бэрхшээл тулгарч байна. Нийгмийн харилцаанд зай барьж байгаа, доноруудаас очиж цус авах боломжгүй болсон зэргээс шалтгаалан цусны донорын төвүүдэд өмнөх шигээ цус хандивлах нь эрс багассан ажээ.
Цусны хангалттай нөөцтэй байх нь нийгмийн эрүүл мэндэд чухал юм. Осол гэмтэл, түлэгдэлтэд өртсөн, зүрхний болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон, хорт хавдарын эмчилгээ хийлгэж байгаа, амь насанд нь заналхийлсэн бусад нөхцөлд байгаа зэрэг бүх насны өвчтнүүдэд цусны донорууд л тусалж чадна. АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн тооцоолсноор, 2 секунд тутамд АНУ-д байгаа хэн нэгэнд цус хийх хэрэгтэй болж байдаг. Ийм учраас АНУ-ын Хүнс, эмийн байгууллагаас эрүүл, цар тахлын халдвар аваагүй хүмүүсийг орон нутгийнхаа цусны донорын төвд хандахыг уриалсаар байна.[7]
Дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд анхаарах зүйлс
- Олон нийтийн газарт, хамт амьдардаггүй хүмүүсийнхээ эргэн тойронд, ялангуяа нийгмийн харилцаанд зай барих боломжгүй тохиолдолд амны хаалт зүүх;
- Дэлгүүр, худалдааны төвүүдээр өөрийн биеэр үйлчлүүлэх бол хүн цөөн байхад очих (жишээлбэл, өглөө эрт эсвэл шөнө орой);
- Хэрэв тухайн хүн нь өвчин тусах эрсдэл өндөртэй бол дэлгүүр, худалдааны төвийн өндөр эрсдэлтэй хүмүүст зориулан тусгай цаг гаргасан эсэхийг олж мэдэх. Ийм тусгай цагтай тохиолдолд тухайн цагаар дэлгүүрт очих;
- Дэлгүүрийн тэрэг, сагсыг ариутгах, боломжтой тохиолдолд ариутгалын салфеткаг ашиглах;
- Дахин ашиглах боломжтой уут, тор (жишээ нь, даавуун тор)-ыг хэрэглэх бол хэрэглээ болгоныхоо өмнө цэвэрлэж байх. АНУ-ын зарим муж, хотод “Ковид-19” цар тахлын үед дахин ашиглах боломжтой уут торыг түр хугацаагаар хориглосон тул дахин ашиглах боломжтой уут, торыг дэлгүүрт авч ирэхээсээ өмнө муж, хот, дэлгүүр, худалдааны төвийн баримталж буй бодлогыг судалж үзэх;
- Угаагаагүй гараараа нүд, хамар, амандаа хүрэхгүй байх;
- Дэлгүүр дотуур явах, төлбөр хийхээр дугаарлахдаа бусдаас хамгийн багадаа 6 фийт (182.88 см)-ийн зай барих;
- Орох, гарах цэгийг тэмдэглэж, хүмүүсийг дор хаяж 6 фийт (182.88 см)-ийн зайтай байлгахын тулд чиглүүлсэн шалны болон бусад тэмдэглэгээг хийх;
- Зөвхөн худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүндээ гар хүрэх;
- Өөртөө үйлчлэх цэгээс амталгааны бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх;
- Гар хүрэхгүйгээр ашиглах төлбөрийн аргыг (бэлэн мөнгө, карт, товчлуурт хүрэлгүйгээр төлбөрөө хийх) сонгох. Бэлэн мөнгө, карттай харьцах шаардлагатай бол төлбөрөө хийснийхээ дараа гар ариутгагчийг хэрэглэх зэрэг болно.
Ашигласан материал:
1. CNN “The White House corona virus task force will hold a press briefing today” (Nov 20, 2020) https://edition.cnn.com/world/live-news/coronavirus-pandemic-11-19-20-intl/index.html (accessed Nov 19, 2020)
2. Reuters “U.S. COVID-19 deaths surpass 250,000 mark as infections surge” (Nov 19, 2020) https://in.reuters.com/article/health-coronavirus-usa-death-toll/us-covid-19-deaths-surpass-250000-mark-as-infections-surge-idINFWN2I410U (accessed Nov 19, 2020)
3. Cochrane “Does quarantine, alone or in combination with other public health measures, control corona virus (COVID-19)?” (Sep 15, 2020) https://www.cochrane.org/CD013574/INFECTN_does-quarantine-alone-or-combination-other-public-health-measures-control-coronavirus-covid-19 (accessed Nov 19, 2020)
4. Centers for Disease Control and Prevention “Water and Healthier Drinks” (Oct 12, 2020) https://www.cdc.gov/healthyweight/healthy_eating/water-and-healthier-drinks.html (accessed Nov 19, 2020)
5. Dr. Melanie R. Graber “Debunking myths about how to avoid or cure corona virus” (March 14, 2020) https://abcnews.go.com/Health/debunking-myths-avoid-cure-coronavirus/story?id=69578209 (accessed Nov 20, 2020)
6. U.S. Food and Drug “Corona virus (COVID-19) Update: FDA Provides Updated Guidance to Address the Urgent Need for Blood during the Pandemic” (April 2, 2020) https://www.fda.gov/news-events/press-announcements/coronavirus-covid-19-update-fda-provides-updated-guidance-address-urgent-need-blood-during-pandemic (accessed Nov 19, 2020)
7. Centers for Disease Control and Prevention “Running Essential Errands” (Nov 11, 2020) https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/daily-life-coping/essential-goods-services.html (accessed Nov 19, 2020)
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Л.Бямбаханд